Friday, March 1, 2024
Home » Ногоон Дарь эхэд залбирч мөргөснөөр аливаа ажил үйлс сэтгэлчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бус лус, ад зэтгэрийн хорлолд үл автах, цаг бусын өвчин зовлонгоос гэтэлгэх, үгээгүй ядуу хоосныг арилгаж хишиг буяныг арвижуулдаг.

Ногоон Дарь эхэд залбирч мөргөснөөр аливаа ажил үйлс сэтгэлчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бус лус, ад зэтгэрийн хорлолд үл автах, цаг бусын өвчин зовлонгоос гэтэлгэх, үгээгүй ядуу хоосныг арилгаж хишиг буяныг арвижуулдаг.

by admin
0 comment

Ногоон дарь эх буюу Гэтэлгэгч ногоон эх. Төвд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ. Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай баймой.

Шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшингийн гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс тэргүүний үс хар зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг.

Арван найман насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагтай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурханы газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно.

Арслан мэт омогийн аюул, заан мэт мунхагийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт харамын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, биш мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг.

Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурханы хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцасыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой.

Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг.

Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биений намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй.

Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотны аюулаас аварч чадна.

Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэрбээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя.

Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсигийн үйлсийг зохиохын нугуудыг таалсан байдаг. Гэтэлгэгч ногоон эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхолыг талбин магтаж, тарнийг тоолбоос юу хүссэн бүхэн биелэнэ гэдэг.

Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилж, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөржиж, эд баялаг бэлгэнэ, бусдын тусыг бүтээнэ өлзий бусын шалтгаан бүгдийг арилгадаг номтой.

Ногоон дарь эхийн зүрхэн тарни: Ум Дари Дүд Даари Дүүрэ Суха. Ум – Ариун дээд хутагт Дарь эхэд мөргөмү Дарэ – Гаслан бүхнээс гэтэлгэгч баатар Дүдарэ – Гай бүхнийг арилгагч эх Дүрэ – Тус бүхнийг соёрхогч эх Суха – тарниар адислагч тандаа биширмү Дарь эх /Төвдөөр: Долма Санскритаар: Тара  Монголоор: Гэтэлгэгч эх

Ум Дари- Зуурдын зовлонг арилгаад, Дүд Даари -Хамаг зовлонгоос гатлуулан, Дүүрэ-Хамаг зовлонгоос гатлуулан Суха-Амгалан болтугай. Дарь эхэд залбирч мөргөснөөр аливаа ажил үйлс сэтгэлчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бус лус, ад зэтгэрийн хорлолд үл автах, цаг бусын өвчин зовлонгоос гэтэлгэх, үгээгүй ядуу хоосныг арилгаж хишиг буяныг арвижуулдаг.

Түүнчлэн араатны аюул,  тахал өвчин, гал усны харшил, хулгай дээрмийн аюул тэргүүтэй найман их аюулаас аврах, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг улам төрүүлж бусдыг хайрлан адислах, үр хүүхэд, нас буян, ажил үйл, мөрөөдөл гэх мэт хүссэн бүхнийг хайрлах ач тустай хэмээн олон ном судруудад дурдсан байдаг.

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье