Sunday, April 14, 2024
Home » Эд баялаг бий бөгөөтөл хармаар хүлэгдэж Эгнэгт бусад гуйваас уурсан хилэгнэгч нар Эцэстээ их зовлонд дарагдаж зовдог

Эд баялаг бий бөгөөтөл хармаар хүлэгдэж Эгнэгт бусад гуйваас уурсан хилэгнэгч нар Эцэстээ их зовлонд дарагдаж зовдог

by admin
0 comment

“Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх ёсны шастир”-аас Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ хүргэж байна.

Нүгэл хилэнцийн үйлийг үргэлж баясан үйлдээд
Нэгээхэн ч ариун буяныг сайтар бүтээж чадалгүй
Нэг мөр ертөнцийн үйлд шунан тачаасан
Нэн хүчит хор адил тэр хүмүүн нь

Энэ насандаа ч амаргүй зовж явах ба
Эцэс хойтод аюус тамын зовлонд нэрвэгдэнэ
Эндүү гэмээ санасаар зуурдын сансарт тэнэх ба
Эцэст нь эрлэгийн аймшигт гэгээн толинд
Эндүүрэлгүй буян нүглийн үйл бүхэл нь ялгарна

Эдүүгээ өөрийн хүссэн орондоо суух эрхгүй
Эгээрэн үл дурлах муу оронд насад хүлэгдэх зэрэг
Эгнэгт үйлийн үр хуурмаггүй магад боловсордог нь
Эртний Удвал шамнанц тэргүүтний олон үлгэр мэт

Үнэн утга тиймийн тул сайн ухаант мэргэд
Үргэлжид хэзээ үхэх магадгүйг санан үйлд
Өөрийн юу үйлдсэн бүхнээ бодон үйлд
Өөрт тустай сайн буяныг хичээн үйлд

Нэгэн хормын төдий энэ ахархан насаа
Нэг хэсэгч мөнхрөх мэт санагч тэрбээр
Нэн их эндүүрч буруу боддог нь
Нүгэлт эмийн ид шид мэт

Ашид мөнхрөх мэт буруугаар бүү аашил
Аймшигт гурван муу заяаны зовлонг сана
Амь таслах тэргүүтэн биеийн гурван нүгэлийг
Аль чадах чинээндээ хүчлэн хичээж цээрлэ

Худал хэлэх тэргүүтэй хэлний гэмүүд ба
Хомхой тэргүүтэй сэтгэлийн гэмүүдийг тэвч
Хоцроолгүй арван нүгэлийг машид боох энэ нь
Хоол дээдсийн явдал номын ёс бөлгөө

Асар халуунаар түлэгдэж,хүйтнээр хөлдөх тэргүүтэй
Арван найман тамын зовлонг өдөр бүр санаж үйлд
Ашид өлсөж цанган энэлсээр эцэнхий туранхай болсон
Аймшигт өлөн бирдийн зовлонг ч санаж үйлд

Тэрчлэн мунхраад элдэв зовлонд нэрвэгдсэн
Тэнэг хэлгий адгуусны зовлонг санана үйлд
Тэдгээр гурван муу заяанд төрүүлэгч нүгэлийг тэвчээд
Тэнгэр, хүмүүн зэрэг сайн заяанд төрүүлэгч буяныг үйлд

Олдохуйяа бэрх Замбуу тивийн хүний энэ сайн биеийг
Орь ганцын төдий энэ л цагт
Олон зовлонт муу заяаны уг болсон нүгэлийг
Огоот хянамгайлж чин зоригоор тэвчигтүн

Ийм сайхан хүний биеийг олоод ном буян хийлгүй
Эцэс хойт доо ерөөл тавимз,гэсээр өнгөрөөгч
Эргүү тэнэг хойрго тэдгээр бүгд
Эцэст муу заяанд хүрсэн хойно машид гэмшмүй
Эрт цагт Шарабанад төрөгч хэмээх нэгэн хөвгүүн
Эцэнхий туранхай олон бирдийг үзсэн үлгэр мэт

Аяа хөөрхий,энэ нас минь магад баттай бишээ
Амьдрах насны үлдсэн нь жил сарын төдий
Асар түргэн өнөө маргааш үхэх нь магадгүй тул
Авралт ном буяны үйлд алгасрал үгүй яаран хичээ

Үнэн сүсгээр дээдийн номд орсон дорд шивэгчин ба
Үргэлж энэ насанд шунасан Загарваарди хаан хоёроос
Үнэн дээ доорд шивэгчин нь дээр гэж Бурхан номложээ
Үлгэр тиймийн тул энэ насанд шунаглахыг тэвч

Эрхэм дээдийн номд ороогүй боловч
Энэ ертөнцийн үйлсэд ичгүүргүй хичээн орогчид
Эцэстээ олонд муушаагдан доройтдог нь
Эрт цагийн Биралын орны тарнич мэт

Уул хадны алд төдий бага сага гуу жалганд ч
Унахгүйн тулд бүхий л чадлаараа хичээх атал
Асар ёроолгүй тамын их халилд унахаас
Анхаарч сэрэмжлэлгүй явах нь юуны учир вэ?

Өчүүхэн бага гичийн будаа төдий шархыг ч
Өвтгөхгүйг хичээж эмнэн засах атал
Өгүүлшгүй хүйтэн тамын хагаран хөлдөх шархыг
Өнөд анагаан засахгүй явах нь юуны учир вэ?

Өдрийн хэсэг богино хугацаанд ч
Өлсөж цангахыг тэсэхгүй бөгөөтөл
Өнөд удаан бүтэн галаваар ч
Өлсөж цангахыг яахан тэсэх

Өөрийн гар хөл, биед хатгагдсан
Өргөсний үзүүрийг тэсэхгүй бөгөөтөл
Өөр бусдын биеийг элдэв мэсээр
Өвтгөж аминаас хагацуулахыг яахан тэсэх

Аливаа модноос хорхой төрвөл мөнхүү модоо идэх
Аливаа хөрөнгөнөөс ногоо ургавал мөнхүү хөрөнгө нь хоосрох
Аргал түлээнээс гал ноцвол мөнхүү түлээ нь үнс болох
Аль хэн нэг нүгэл хураавал мөнхүү өөрөө зовох

Хойтохоо бодож чаддаг нь цэцний ёс
Хорт нисваанисыг дардаг нь баатарын ёс
Ховдог шунал үгүй нь номыг үйлдэх ёс
Хосгүй мэргэдийн ёс нь юмсыг онож мэдэх ба
Онож мэдэхийн ёс нь сайтар судлахуй мөн

Өгсөн бүгдэдээ гэмшил үгүй нь өглөгийн ёс
Үзэмжээр засалгүй явах нь шагшаабадын ёс
Үнэнхүү номын чанарыг мэдэх нь тэвчээрийн ёс
Үхэхээ санаж номд шамдах нь хичээнгүйн ёс

Элдэв зүйлд үймрэхгүй нь дияаны ёс
Эндүүрэлгүй утгыг ялах нь билгүүний ёс
Бурханыг машид хүсэх нь сүжэгийн ёс
Будангуй атгагийг арилгадаг нь егүзрийн ёс

Ах дүү,эд малд шуналгүй нь бясалгагчийн ёс
Амьтанд туслах сэтгэлд ихэт нь хэрсүүгийн ёс
Ашид хуурмаггүй үнэнээр орших нь шудрага ёс
Аливаа үйлст сэрэмжтэй байх нь аюулгүйн ёс
Алин тэдгээрийг хаадын ёс хэмээн номложээ

Үнэнхүү эдгээр зөв ёсоор явалгүй
Үргэлж муушаагдах нүгэлийг үйлдвээс
Үйлийн үр тун хуурмаггүй тул
Өнөд удалгүй боловсорч бий болно

Эд баялаг бий бөгөөтөл хармаар хүлэгдэж
Эгнэгт бусад гуйваас уурсан хилэгнэгч нар
Эцэстээ их зовлонд дарагдаж зовдог нь
Энэтхэгийн Шумара балгасны үзэшгүй мэт

\Адил сацуу садан нөхөртөө бүү атаарх
Ахуй энэ насандаа ихэд зовох бөгөөд
Алс хойтод ч их зовлонг эдэлдэгийг
Адилтгавал бярманы хөвгүүний үлгэр мэт

Хэзээд бардам омоггүй нь машид номхоноор яв
Хэнийг ч хуурч мэхлэлгүй үнэн шударгаар өгүүл
Хэдэрлэж уурлалгүй омгийг тэвчин үйлд
Хэн бүхэнд инээмсэглэж шударга зөөлөн өгүүл

Ашиггүй дэмий олон үг дэмий бүү чалч
Алгасарч олны үймэх олны газар бүү яв
Архи тэргүүтэй согтоогч бүгдийг бүү уу
Аль чадлаар амьтан бүгдэд өглөг өг

Амраг садангүй нэгнийг тэтгэн асар
Ариун буян номд аль чадлаар хичээ
Амлаж авсан сахил санваараа ариунаар сахь
Анхаарч эдгээрийг хичээн үйлдэж чадсан
Асар олон амьтад амгаланг аяндаа олюу

Эдүгээ цөвүүн цагын маш муу ард
Эрхит Бурханы шашныг сүйдэхэд хүргэв
Энэ муу цагийн гутамшигт муу явдалт
Эрдэм үгүй,буруу үзэлт мунхагууд
Эрхэм Шагжамүнийн шашны номын ёс
Эрдэнийн сайхан журмыг эвдэж сүйтгэв

Өөрийн дураар цамнаж,дээдийн номыг орхисон
Өнөө цагийн харгис догшин ардууд
Өөдгүй шуналаар мансуурч,хойтохоо умартаад
Өмөгт шашны хайран дуазыг гишгэлэх болов

Олиггүй биеээ хээлж,номоо огоорсон
Одоо цагийн толгойгоо алдсан цагын хуврагууд
Олзын тулд арга заль,башир хуурмагаар
Онцгой шашны Галбарвас модыг огтолж унагаав

Одоо цагын омог бардам,хилэнц ихтэй
Олзонд дурлаж,ихэмсэг дүрийг үзүүлсэн
Олон олон нүглийг үйлдэгч тэдгээр хүмүүс
Орчлонгоос гэтлэх номын онгоцыг эвдэж сүйдлэв

Самуун энэ цагийн номхотгоход бэрх,ичгүүр үгүй
Сац нүгэлд шунаж,засдаг хуурмагыг үйлдсэн
Санаанд багтамгүй нүгэл хилэнцэт нугууд
Сансараас гэтлэх шашны гүүрийг нурааж сүйтгэлээ

Өдгөө цагт Их Чадагч Бурханы шашин нь
Өчүүхэн төдий үлдэж хоцорсон боловч
Өнөд удалгүй хайран шашны эрдэнэт далай нь
Өсөл аривжил үгүйеэ ширгэн одоход хүрлээ

Арслан Богдын номлосон гайхамшигт шашин маань
Аяа муу цагийн мэсийн хүрдэнд машид хэрчигдэн
Асар түргэн эвдэрч үгүй болоход хүрлээ

Аяа,энэ адил цаг болох үед
Амгалан жаргалыг хүсэгч нарт
Ач туст сургаал номлолыг
Анхаарч өднөө сайтар номловол зохино

Цагийн хүрдэн муулах үед ард олон
Цаглашгүй билгүүн төгөлдөр нугууд ба
Ариун журамт дээдсийг таньж үл чадна
Андуу гэмтнийг шүтэн,санваараа цалгардуулж
Аглагаас айн,үймээн самууныг чухалчилна

Үнэн мэргэн бус,үзэл буруут багш нарын
Үнэт эд,ширүүн явдал, омог хөөрөмшил ихэднэ.
Үлэшгүй тэдэнд сэтгэлээ тушааж итгэсэн тул
Үлэмж чухаг Бурханы шашныг сүйтгэх аж.

Амар амгалан явах цаг бараглан
Асар тэсэшгүй ширүүн явдал ихэдсэн
Агуу билгүүн төгөлдөр хүмүүн хийгээд
Авралт яухаг богд нар ховор болсон

Аяа хөөрхий ийм мууд хүрсэн энэ цагт
Алсаа бодогчид өөрийн нутаг орноос хагацаж
Аглаг үймээнгүй нэгэн зохист оронд
Аливаа өгүүллийг тэвчээд номчлон сууж үйлдээрэй

Ариун цагаан номоор яван үл чадагч ардад
Асар бэрх бус зөв шударгаар сургасан энэ шастирыг
Алсдаа өчүүхэн тус болох боловуу гэж бичсэн буянаар
Амьтан бүхэн мунхаг ухаанаас гэтэлж, зөв ёсоор явах болтугай.

Их Багш Хутагт Нагаржуна – АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье