Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Хутагт Алтангэрэл Судрын тус эрдмийн тухай хүргэж байна.
Алтангэрэл судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.
Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдийгүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.
Судрын талаар Зопа Ринбүчи ламтан хэлэхдээ: Сударт “Үүнийг сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна” гэж байсан тул би тэрхүү судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа. Майкл Роч гэвшийн нэгэн шавьд Алтангэрэл судар байсныг би зээлэн авч бүрэн дүүрэн уншсан юм.
Ялж төгс нөгчсөн бурхан айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг эс аван хэзээд тэнгэр хийгээд хүмүүний төрлийг олж төрнө.
Сударт зарлиглахдаа Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино, харин Алтангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино. Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар хүрэлцэн ирж ивээлдээ багтаахын учирт
тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, урт насалж удаан жаргаж, юу санасан цагаан хүслэн бүр нь биелж, өлзий дэмбэрэл бүхэн нь бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно. Хэн нэгэн атаатан дайсан халдан довтлох тохиолдолд улсын хаан хийгээд түүний шадар, бараа бологсод тэднийг даран номхруулах ид хүчтэй байх болно.
Алтангэрэл судрыг уншихын нэгэн их ач тус бол энэ нь чухамтай таны бүх зовлонг амирлуулдагт оршино. Энэ нь Монгол орон их хөгжил цэцэглэлт, амгалан хийгээд жаргалан лугаа учран барилдахын суурь болохын сацуу бүх Монголчуудад энэрэн нийгүүлсэхүй, асрал хайр хийгээд бодийн их сэтгэл тэргүүтнийг үүсгэн батжуулахын учирт энэ орноо амгалан хийгээд жаргалан, хамгаас чухал нь бурханы шашин ном өнө удаан орших юм.
Учир нь энэ эрхэм дээд судрыг унших нь гарцаагүй та бүхний амьдралын бүх зүйлийг шийдвэрлэх хүч, таны болоод дэлхий нийтийн энх амгалангийн уг шалтгаан, түүгээр ч үл барам та тэргүүтэн хамаг амьтны бодийн хутагт хүргэх гол үндэс болох болно.
Судар унших үеийн бясалгал бодол ямар байх вэ?
Судар уншиж байхдаа Бурхан багшаас сургаал хүртсэнээр өөрийн сэтгэлд эрдэм төрж байна
Хамаг амьтнаа энэхүү судрыг сонсгохын тулд урин дуудаж зургаан зүйл хамаг амьтан энэ сургаалыг хүртсэнээр дээдийн мөрийг бүтээн, нисванис, үйлийн үр, зовлон гаслан бүхнээсээ ангижирч байна
Уншиж төгсөөд би хийгээд хамаг амьтан үлшгүй олон бодьсадва нараас гарах цаглашгүй рашааны урсгалаар дүүрэн ариуслаа. Тэдгээр амьтан зовлонгийн шалтгаан, нисванисын хөрөнгө бүхнээс тонилоод гэгээрлийн хутагт хүрлээ хэмээн баясалгана.
Бурхан багш нэг түмэн загасанд ус өгч амийг аварсан, тэдгээр загасанд тарни хэлснээр 33 тэнгэрийн оронд төрсөн гээд Бурханы хамаг амьтны тусыг хэрхэн хийх боди сэтгэлийг хэрхэн үүсгэх, ямар арга замаар яваад бурханы хутаг олох вэ гэдгийг сонссон олон тэнгэр лусууд баясаад энэ судрыг сонссон, уншсан хүмүүсийг бид ингэж сахиж хамгаална хэмээн тангарагаа өргөсөн учраас энэхүү судрын нэг үгийг уншсан төдийд хэрэг тус нь бүтдэг маш их тус эрдэмтэй юм.
Бурханы зарлиг гэдэг үнэхээр агуу. Яагаад гэвэл бурхан багш өөрөө тоолшгүй гурван галавын турш амьтны тусын тулд заримдаа биеэ өгч, заримдаа амиа өгч олон төрөл дараалан амьтны тусын тулд хичээн зүтгэж, хэмжээлшгүй буяныг хурааж буяны болон билгүүний хоёр чуулганыг гүйцээсний үр дүнд Бурханы зарлиг гарч тэгээд бурхан амьтны тусын тулд номоо номлож байгаа юм.
Амьтны тусыг хийх хамгийн том арга бол ном номлох байдаг. “Зохиол бүгдийн дотроос зарлигийн зохиол дээд нь юм” хэмээн Богд лам айлдсан. Тийм учир Бурханы зарлигийг уншсан төдийгөөр маш их буян хураана, үгийг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй уншсан төдийд буян хураадаг учиртай.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!