Home » Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй Сайхан янаг байвч санааг нь таниарай

Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй Сайхан янаг байвч санааг нь таниарай

by admin
0 comments

Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон сэтгэлийг амраагч хэмээх сургаалиас Эрхэм хүндэт уншигч танаа хүргэж байна.

Арван хоёр цагын явдал халуунтай хүйтэнтэй
Аж төрөх хүмүүний явдал энд тэндээн жимтэй
Үзэл явдал санаа таарвал ганц хүмүү ч нөхөр
Үг үгээн эс даавал олон хүн ч дайсан

 

Морь унах хүнд жолоо хэрэгтэй
Бичиг эрдэм сурах хүнд самбаа хэрэгтэй
Урт мод огтлох хүнд хөрөө нөхөр болох
Улс олонтой ханьлах хүнд сэрэмж нөхөр болох

Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй
Сайхан янаг байвч санааг нь таниарай
Элгэн уул байвч гуу жалгыг нь мэдэлгүй бүү давш
Янаг амраг боловч итгэлийг ололгүй үг бүү хэл

Унасан морь гижгээн хүрвэл эс үргээвч өшиглөх
Унаган ханилсан нөхөр уураан хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх
Дайсны дэргэд амаргаан битгий магт
Янагийн дэргэд дайснаан битгий нуу

Ус хар ч сүүний өнгийг эс харлуулмуй
Сүү цагаан боловч уснаас үл ялгарах
Ус ч сүүг аривтагмой
Сүү ч усыг цагаан болгомуй

Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч хардмуй
Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл үнэмшмой
Эв тангарагтай хоёр хүн хөгшин залуу хоёр боловч ханилж болмой

Хөгшин нь залуудаа санаагаа үл хармалмой
Залуу нь хөгшиндөө аль бүрийг үл нуумуй

Мэргэн мунхаг хоёр хүн ч ханилж болмой
Мэргэн нь мунхагийн урмыг тэжээн явж нөхөртэй болмуй
Мунхаг нь мэргэний тааллыг олж явсаар ухаантай болмуй

Хоёр түшмэл эвтэй бол хааныг ч чадах
Хоёр хаан эвтэй болвол даян улс амгалан

Тодорхой толь хэмээх сургаалиас

Огторгуй дор нисэгч шувуу
Огторгуй дуусгаад буух нь бус
Уйдаж чилэхдээн буунам биш үү

Ухаан билэгт сурагчид
Ухааны зүйлийг төгөсгөөд зогсох нь бус
Өөрийн ухааны хирээр суралцаад
Дуусахдаан зогсном биш үү

Их саван дор хийсэн ус
Их боловч үл анзаарагдмуй
Их ухаантан таны сурсан эрдэм
Их боловч үл мэдэгдмүй

Өчүүхэн саванд хийсэн ус өчүүхэн боловч асгах нь хялбар
Өчүүхэн ухаантан таны эрдэм өчүүхэн боловч үзтэл аман дор гармуй
Зургын зул мянга боловч зузаан харанхуйг арилгаж чадахгүй
Золгүй үг түм боловч журам ёсыг яахин тодруулмуй

Эм тахиа өдөр бүр төрөвч
Эрхтэн гүйцэд тахиа болох нь цөөхөн
Эрдэм билгийг сурагчид олон боловч бүтээгчид цөөхөн

Онолт зарим мэргэд олон үг өгүүлэх нь
Омогтойдоон бус утга чанарыг ухсандаан бишүү
Өглөөний эхлүүлсэнийг гүйцээлгүй орхиод
Үдэш бас нэгийг эхлэгч хүний
Үйл хэрэг нь үл бүтмой

Хэлсэн даруй мэдмээр болоод
Хэд хоновоос мартаж орхигч
Хичээнгүй бус тэнэнгийн зан

Тодорхой зүйлыг үзсэн цаг дор
Тогтоож авах нь түргэн бөгөөд
Тун ч үл мартагч туурвил сайт мэрэгдийн зан

Угийн хэр ямар бөгөөс
Үнэн түүгээрээн явагч хүн
Олон мэрэгдийн дотор боловч
Овог үгүй баатар болмой

Түр зуурын жаргалд ташуураад
Алс хэтийг үл бодогч хүн нь
Алхын тул бүртэгсэн гахай
Ажиггүй хэвтэх лүгээ адил

Учирсан бүхэн лүгээн ханьлаад
Удалгүй уйдаж салаад
Урдахаан муушаан өгүүлэгч
Ухаан муутны ханилхын зан

Зүйтэй нөхрийг шинжлэн таньж ханьлаад
Зөв буруу хоёрыг асуулцан явж үйлдээд
Зовлон жаргал хоёрыг адил хуваан эдлэгч
Зохист мэргэдийн ханилхын ёс

Амар байх цагт амраглан ханилсан нөхрийг
Арга мухардах үед орхин зайлагч
Ааш батгүй адаг тэнгэийн зан

Худал үгүй үнэн үг
Хор үгүй сайхан сэтгэл
Хуумгай үгүй бат явдал
Энэ гурвуулаа бүрдвээс мэргэний туйл

Хэлсэн бүгдийг худал болгоод
Гишигсэн бүгдийг хуумгай болгоод
Үгүй хэрэг дор харин хэрсүүлэгч
Хэрэггүй тэнэгийн туйл

Энгийн улсын хэлэлцдэг үг
Эцэсдээн сайн муу адил үгүй тул
Эрдэмтэй гэмтэй хоёр явдлыг
Эрэгцүүлэн бодож явагтүн

Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон сэтгэлийг амраагч хэмээх сургаалиас

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье