Гоё ганган олон хувцаснаас татгалз. Биед эвтэй, өөрт зохих чанартайг сонго.
Хар энергитэй хүмүүсээс хол бай. Сайн муу нийлж сав дүүрдэг ч чамд оюун санааны нэмэргүй, зүрх сэтгэлийн нөмөргүй хүмүүсээс зайгаа ав. Зорилго тэмүүлэлгүй, зүхэл өсөөр хоол хийдэг, сургамж туршлагаа хав дардаг хүмүүс “хар энерги”тэйд тооцогддог.
Бусдын амьдралаар өөрийгөө бүү хэмж. Тэр тэгж бодох болов уу, энэ ингэж яривал яана гэсэн түм буман төсөөллийн бодлоосоо болж өөрийгөө л алдана. Мөн чанар, мөр үйлдэл тань аяндаа хэн болохыг хэлээд өгөхөөс хойш хүний өмнөөс илүү зүйл бүү бод.
Хийсвэр мөрөөдөл, өнгөрсөн дурсамжаасаа сал. Зорьж очиж тусалчихаад хариу нэхдэгээ боль. Зовлонгоор нь дүгнэж, жаргалаар нь хэмждэгээ азна. Амьдралд ойрхоныг хүс. Биелүүлэх боломжтойруугаа тэмүүл. Би хэн бэ гэж шаналахын оронд би Хэн биш вэ гэх өнцгөөс хар.
Цахимд тархсан замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж сур. Цадиггүй нийгэм дэх захгүй харилцаанаас өөрт хэрэггүйг олзолж тань. Санхүүгийн асуудал даа хариуцлагатай ханд. Орлого, зарлагаа төлөвлөж тооцоолж, зөв олж зөв үрж сур.
-Сурталчилгаа-
Эрүүл мэндээ хамгийн их хайрла. Бусдын сэтгэл зүтгэлийг хамгийн их хүндэл. Урам, зэмлэлийн тэнцвэрийг мэдэрдэг бай. Уучилж сур, уур хилэнгээ багасгаж занш. Эх хэлээрээ алдаагүй бич, цэгцтэй ярь. Энэ бол бахархал.
Өөрийгөө үнэ цэнэтэй байлга, зөв илэрхийл. Энэ бол чадвар.
Эцэг эх үр хүүхдээ атга чихэр, чимх үгээр хуурахаа боль. Энгийн түвшин байдлаараа ачлал үзүүл, дэргэд нь бай. Энэрэл хайр гэдэг гаднаа гяланцаг гоё үгэнд биш гэр доторх тайван итгэлтэй бөгөөд хүндлэлтэй харилцаанд оршдогийг үлгэрлэ.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj