Хүмүн та аз жаргалыг холоос хайж бүү зүдрээрэй
Хүсэл болсон тэр л зүйлээ хүрэн зүрхнээсээ уудалж нэг үзээрэй
Хүмүн та баяр жаргалыг гаднаас хайж бүү төөрөөрэй
Хүлээж ядсан тэр зүйлээ өнөөдрөөс эхлээд анзаарч нэг үзээрэй
Хүнийг хайрлах сэтгэл чинь аз жаргал
Хүндийг даах тэнхээ чинь аз жаргал
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь аз жаргал
Хүлээсэн бүхэнтэйгээ учрах чинь аз жаргал
Амьд сэрүүн яваа тань аз жаргал
Аяга хоол ундтай яваа тань аз жаргал
Ажил хөдөлмөр, бүтээлтэй яваа тань аз жаргал
Аав ээж, ахан дүүстэй яваа тань аз жаргал
Эх орон, энэрэх төртэй яваа тань аз жаргал
Эрхшээх тэнгэр, этүгэн газартай яваа тань аз жаргал
Эрүүл энх, эсэн мэнд яваа тань аз жаргал
Эрх чөлөө, эв найртай яваа тань аз жаргал
Аз жаргал гэдэг энгийн бүхэнд нуугдаж байдаг
Аз жаргал гэдэг эргэн тойронд тань хүрээлж байдаг
Аз жаргал гэдэг элэг зүрхэнд тань ундарч байдаг
Аз жаргал гэдэг энэрэл хайранд тань бялхаж байдаг
Өчүүхэн зүйлд ч баярлаад сурчихвал
Өчнөөн жил наслах буян түүнд бий
Өрөвдөж бусдыг хайрлаад сурчихвал
Өргөн дэлхийд жаргах хувь түүнд бий
Өөрийн бүхнээрээ бахархаад сурчихвал
Өдөр бүхэн баясах эрчис түүнд бий
Өмөгтэй бүхэндээ талархаад сурчихвал
Өөдөө дандаа дэлгэрэх ерөөл түүнд бий!
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа “Аз жаргал ойрхон байдаг”