Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.
Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.
Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.
Харагдсан бүхнээ багшаасаа асууж
Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.
Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй
Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж өгөх болно.
Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй
Олимпийн чөлөөт бөхийн аварга шиг
Омголон тэнхлүүн, өндөр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай
Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь үүдэнд сүндэрлэн зогсож
Олон түмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?
Эвий гэж дээ охин минь зөв өө
Эцэг нь охиндоо хүн хүндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын үг шүү.
Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Yүдэн дээр чинь
Чөлөөт бөхийн аварга шиг биш
Чөтгөр шиг амьтан зогсож байх вий.
Зүрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зүүн тал нь хоосон … цээж нь хазгай
Зүдрүү туранхай, нөмгөн нүцгэн
Зүс нь хувхай цагаан хүн харагдах вий.
Хатаасан шарил шиг энэ хүнийг
Хараад чи айна аргагүй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.
Хойд урд өрөөний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бүр ч их айна.
Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагүй шүү дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггүй юм.
Нэгэн цагт энэ муухай хүн
Нэрийг чинь чамд өгсөн юм
Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт
Биеийг чинь чамд хайрласан юм шүү.
Төрөх газрын цонхоор анх чиний
Төө хүрэхгүй улаахан нүүрийг хараад
Сансарт аялсан Гагариныг харсанаас илүү
Сандарч баяссан хүн бол би билээ.
Хатуу ааштай үйлчлэгч авгайг уярааж
Халуун савтай цай барин хоргоож
Арван өдөр – шөнө төрөхийн үүдэнд
Аргамжаатай байсан хүн бол би билээ.
Гарах өдөр нь өлгийтэй чамайг
Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг
Энэ дэлхийн гурван миллиард хүнээс
Эцэг нь гэж үнссэн нь би билээ.
Өлгийг чинь түшиж даавууг чинь хуурайлж
Өглөө эртийн жавраар сүүнд зогсож
Мөлхөх цагт чинь өвөр дээрээ дэвхцүүлж
Мөн ч олон өмдөө нэвтлүүлсэн юм сан …
Ор түшээд хөлд орж байхад чинь
Орхиод аав чинь явсан юм сан
Охиныхоо амаар хэлсэн нэг ч үгийг
Одоо болтол сонсоогүй л явна даа.
Тохойн чинээ бие нь хэрхэн өсөж
Том болсны нь үзээгүй л явна даа.
Хэнийг дуурайж, юу юу сурч
Хэт нь яахыг хараагүй л явна даа.
Гэвч өвлийн энэ шөнө дөлөөр
Гэрэл гэгээ болж алс газраас
Даарсан зүрхийг минь ээх охин буй гэж
Дандаан бодож сэтгэл бүлээсдэг юм.
Бүлээсгээд зогсохгүй халуусгаж
Бүр сэтгэлийн минь ганг тайлах
Бүсгүй үр нэгэн ширхгийг би
Бүх дэлхийн нэрийн өмнөөс хүснэ ээ.
Дамжиггүй чи өснө охин минь
Даарсан ч өснө, халууцсан ч өснө.
Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.
Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.
Хайлаас шиг муу аав чинь эзгүй ч
Хангай шиг сайхан ээж чинь байхад
Миний охин юугаар дутах вэ
Хүний охины л жишээ өснө.
Ээж чинь чамд юм бүгдийг өгнө.
Эмэгтэй хүний гоо сайхныг өөрөө
Эзэмшсэнийхээ хэрээр чамд өгнө.
Эрдмийг л харин өгч чадахгүй байх.
Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд
Биеийг чинь өгөхөөс ухааныг өгөхгүй
Өгөх дургүй дээ өгөхгүй байгаа юм биш
Өөрчлөн хөгжихийн хуулийг хүндэлнэм.
Орчлонг сүүдэр талаас нь хардаг
Одооны миний нүдээр чи
Аугаа их хорин нэгдүгээр зууныг
Аав шигээ танхай харж болохгүй.
Эсэргэн их хорин нэгдүгээр зуунд
Ээж шигээ зүгээр сууж болохгүй
Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу
Энэ бол чиний хэрэг охин минь.
Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас
Огт сураагүй нь дээр байдаг юм.
Муу жолооч тэрэгтэйгээ цуг
Мухар ганга уруу онхолддог юм.
Онхолдохдоо бас хамт явсан
Олон хүнийг сүйд хийдэг юм.
Оюун эрдэм түүнтэй адилхан
Огт сураагүй бол харин аюулгүй
Эх орон ард түмэн хоёртоо чи
Эрдэмтэй ч зүтгэнэ, эрдэмгүй ч зүтгэнэ.
Эгэл олноосоо юуг бүтээнэ түүнийг
Энд тэндээс нь дэмжилцэх ёстой.
Халуунаас тасарсан үрийн хувьд
Хайрт охин чамаасаа би
Хүн төрөлхтний нэрийн өмнөөс
Хүсэх зүйл нэг байна. Сонсоно уу ?
Yүрд чи хүүхэд хэвээрээ
Yсэндээ туузтай, амандаа чихэртэй
Yсэрч цовхорч явахгүй ээ. Мөдхөн
Yйл явдалд оролцох нас чинь болно.
Аав ээжийнхээ залуу насыг
Ахин чи шинээр давтана
Арай гэрэлтэй, арай уужим
Алтанхан өдрүүд чамд ногдоно.
Над шиг зураач бол гэхгүй
Найз нар шиг минь шүлэгч бай гэхгүй
Дамдимаа шиг барималч бол гэхгүй
Дашдулам шиг хөгжимч бай гэхгүй.
Ер нь тэгээд охин танхил бие чинь
Ертөнцийн хүний олон нарийн эрдмээс
Алины нь ч сурахгүй өнгөрч болно оо
Аав чинь үүнд буруу өгөхгүй. Харин
Сайн шүлэгчийн охины хувиар чи
Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй.
Ойлгуулдаг зохиолчоос гадна
Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шүү.
Зураач хүний үр садын хувиар чи
Зураг таньдаг нүдтэй байх хэрэгтэй
Хүслийг нь ойлгож чанарыг нь танилгүйгээр
Хүний бүтээлийг хүн дүгнэж чадахгүй ээ.
Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй
Ямар ч ном олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгүй !
Энэ хэлээр аав чинь
Эхнийхээ шүлгийг хэлхсэн юм.
Энэ л хэлээр аав чинь
Эцсийнхээ шүлгийг хэлхэх болно.
Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж
Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж
Эцэг чинь өөрийнхөө хөшөөг өөрөө
Эл Монгол хэлээр босгосон юм шүү !
Азийн цээжин дээр Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгүй !
Амаржих газрын хаалганы завсраар
Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан
Анхны бүүвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи
Гарцаагүй сайн сурах ёстой.
Гажиг бүхэнтэй нь тэмцэх ёстой.
Ганцхан чамаас үүнийг хүснэ.
Газар доороос ч гэсэн хүссээр байх болно ! Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монголын алдартай яруу найрагч Р.Чойном “Охиндоо илгээх захидал”