Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын хуучны 25-нд Шувуун шанд гэдэг газар буюу одоогийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ. Энэ 2023 онд Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жил болж байгаа билээ.
Таван нас хүртлээ аавтайгаа гуйлга хийн амьдарч байгаад нэгэн өдөр өөрийн өмнөх дүрийг таньж, айлын үүдэнд байсан ламаас морио авъя гэж нэхсэнд нөгөөх лам ямар учиртайг асуутал өмнөх дүрийнхээ тухай ярьжээ. Зургаан настайдаа нутгийн нэг ноёны найран дээр “Хурмаст тэнгэр” хэмээх гүн ухааны шүлэг хэлж хавь ойрын хүмүүсийг алмайруулжээ.
Шүлгийн үгийг дурдвал, “Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн гэмээ нь хойморьт нь ялгаан юун, Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин гэмээ нь залуу ялгаа юун” хэмээдэг билээ. Бага наснаасаа өнчрөл ядуугийн зовлон үзсэн боловч өөрийн авъяас билгээрээ олонд хүндлэгдэж 5 настайдаа Говийн догшин ноён Хутагтын дүрд өргөмжлөгджээ.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 7 нас хүрэхэд нь манжуудаас нууж “ноён цорж лам” гэдэг нэр зүүгээд тамга бариулсан боловч Манжийн хаан мэдээд шарын урсгалын гурван оргил болох Далай лам, Богд гэгээн, Банчинбогд нарыг явуулж шалгуулахаар болж, хэрвээ худал бол цаазлаад ир хэмээн цэрэг дагалдуулжээ.
Шашны гурван тэргүүн шалгахаар ирээд түүнийг хүлээн зөвшөөрч мандал өргөсөн учраас Манжийн хаан яаж ч чадалгүй амьд үлдээсэн гэдэг. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 16 нас хүртэл буддын шашныг судалсны эцэст Нимава ёсон буюу улааны урсгал Монголд илүү тохирно гэж үзээд дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ. Нэг талаас бурхны хойд дүр гэгдэх, нөгөө талаас төрөлхийн авъяас, билэг танхай заяасан энэ хүн 54 наслахдаа Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан соён гэгээрүүлэгч хүн байжээ.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичжээ.
1830 онд анхны театр “Намтар дуулах давцан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ.
Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ. Хөгжимчдийг цуглуулан тоглуулж өөрөө удирдаж байсан гэдэг. Авъяаслаг зураач, оёдолчдыг театртаа ажиллуулж цалинд нь хонь, будаа зэргийг өгч урамшуулдаг тухайн үеийн “ажил олгогч” байсан юм.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа уран барилгач (архитекторч) хүн байсан бөгөөд 1820 онд 17 насандаа Өвөр Хамар гэдэг газар Хамарын хийд, 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт 8 том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргажээ.
Хамарын хийд нь Данзанравжаагийн гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байв. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа гүн ухаанч хүн байсан бөгөөд нэг боть гүн ухааны зохиол туурвижээ.
Хамарын хийд болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн сургадаг. Равжаа хутагт Шамбалын оронд зорчих хоёр суваг бий, түүний нэг нь Монголын говьд, нөгөө нь Төвдийн Хайлас ууланд байдаг хэмээн бясалгажээ.
1845 онд өөрийн байгуулсан Хамарын хийдийн архан талд нэг овгор шороон дээр суугаад Шамбалын ерөөл уншиж, “энд ирсэн хүн дараа төрөлдөө Шамбалын оронд очиж надтай уулзах ерөөл тавилаа” гэж айлдсан байдгаас үзвэл Монголын говьд дэлхийн энергийн цэг байгаа гэдгийг урьдчилан мэдэж байжээ.
Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой байсан гэдэг. Хилэнцэт хорхой бол гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж алдаг хорхой ажээ. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байсан байна.
Хэрвээ Та Бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл ЭНД дарна уу