Home Ухаарахуй Орчлонгын сав шимийн дуулал: Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгын дүлий амьтан аа

Орчлонгын сав шимийн дуулал: Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгын дүлий амьтан аа

by Aurora

Орчлонгын сав шимийн дуулал Багш дор мөргөмүй Гэтэлж үл дуусах орчлонгын дөрвөн далай Хэсэж үл дуусах зургаан зүйлийн орон Гэнэдэж үл дуусах ертөнцийн гаслан Хилэгнэж үл дуусах урин сэтгэл Асарж үл дуусах үр садан

 

Алж үл дуусах өстөн дайсан Амраглаж үл дуусах тачаангүй сэтгэл Алагчилж үл дуусах дайсны сэтгэл Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие Шаналж үл дуусах ертөнцийн гомдол Шунаж үл дуусах ертөнцийн харам Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ

Хувирч үл дуусах ертөнцийн буурал Ховдоглож үл дуусах орчлонгын уурхай Хонжиж үл дуусах ертөнцийн идэш Хувьсаж үл дуусах атаат сэтгэл ээ Аргалж үл дуусах орчлонгын зальхай Атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл Алгасаж үл дуусах ертөнцийн баримт Арилж үл дуусах сэжигт сэтгэл ээ

Төрж үл дуусах амьтны зэрэг Төөрч үл дуусах хий сүнс Түрдэж үл дуусах амь нас Түгэж үл дуусах хар сэтгэл ээ Гасалж үл дуусах орчлонгын зовлон Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл Хаширч үл дуусах орчлонгийн явдал Хамавч үл мохох орчлонгын олз

Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл арилах муу авъяас Өлбөрөвч үл орхих олон санаа Хайрлавч үл мөнхрөх амь бие Ханилавч үл дагах янаг амраг Харамлавч үл эзлэх эд мал Гайхуулавч хамт үл одох нэр цол оо Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц Үзэвч үл ажрах алиа орчлон Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгын дүлий амьтан аа

 

Ширгэж үл дуусах төрөхийн далай Шаналж үл дуусах өвчний далай Шимэгдэж үл дуусах өтлөхийн далай Шингэрч үл дуусах үхэхийн далай Нүүж үл дуусах огторгуйн үүл Нөгчиж үл дуусах орчлонгын амьтан Олон эд мал эрэхийн зовлон Олсноо харамлан хадгалахын зовлон Ураг садан,амаргаас хагацхын зовлон Өсөт дайсан лугаа учрахын зовлон Сөгдөвч үл буцах үхлийх эзэн Сөргөж үл болох эрлэгийн засаг Сөнөөж үл болох тамын гал Сүйтгэж үл болох хилэнцийн үндэс ээ

Бэрх үхлийн эзэн ирэх цагт Баялаг, эд малаар сольж үл болох Баатар омгоор алалдаж үл болох Билигт үгээр цэцэрхэж үл болох Гэнэт хэзээ юугүй маргааш үхвээс Гэнэлт муу заяаны салхинд Хийсэн одож унахын урьд Гэнэдэл үгүй ном буяныг үйлдээ Орилон дуулсан үгийг минь Орхил үгүй сайтар сонсогтун, та нар

Уушиг зүрх ээ хөдөлгөн айна уу , та Олон бүгд үл мөнхрөхийг мэдэв үү , та Энэ мэт зүрхэн үгүй ёсыг мэдэв үү , та Элмэрсэн номгүй мунхагууд сонсвоос Эгэл сүжиггүй сэтгэлтэн ухваас Эрэмшин ташууралгүй ном буяныг үйлдээ
Сургах буянт үйлийг мэдэв үү Солиорч суугч мунхагууд сонсвоос Согтуу мэт сэтгэлтэн ухваас Сүсэглэн аль чадхаар ном буяныг үйлдээ

 

Үүнээс хойш эрдэнэт хүний биеийг олвоос Эрэвч олох бэрх , хэрэв оловч Ийм сайн номын шажин лугаа Ийн бас дахин учрах бэрх ээ Эргэцүүлж санаад буян номыг үйлдвээс Энэ ертөнцөд алдар нэр дуурсаж Эцэс хойд ертөнцөд ашид дуурсаж Эрдэмтэн мэргэдэд шүтэж ном буян үйлд

Ном буян мэдэгчдэд дурьтадгал Буруу зөвийг ялагчдад сануулга Бусад нүглийг үйлдэгчдэд сургаал Бурханы зарлигийг сонсогчдод чихний чимэг ээ  Бас бас төрөн үхэн эвдрэгч Барагдашгүй зовлонт орчлонгийн Байх ахуй ёсыг  энэ төдийхөнБадаг шүлгүүдийг Жавзандамба Хутагт холбон дуулвай.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!