Зүтгэлгүй нэгэн мухардаж, сэтгэлгүй нэгэн хоосордог юм. Тиймд сэтгэлээ сайтар шинж. Нэн тэргүүнд, бодлын дөнгөнөөс гар. Бодлын царыг тэл. Тэгэхгүй бол бодлоороо өөрөө өөртөө дөнгө авчраад боломжоо алдаж байна. Ир дутахад хэм алдардаг аж. Ир гээч нь манлайлах, үлгэрлэх, хөгтэй, хүчтэй байх чадамж юм. Тиймд сэтгэлээ сайтар шинж.
Жамыг эзэмшиж, жамаа дагаж, жамаа тэтгэж, жамаа хамгаалснаар өөр өөрийн заяаг олох цаг нь болжээ. Төр ганхжээ. Энэ бол ардын цэцэн ухаан доройтсоных. Энэ бол дээд заяа гундсаных. Оюуны чигчгүй ард түмэнтэй байх тусмаа төр мөхдөг.
Хур хөрөнгө биш зүрх сэтгэл дэх хур ЭРДЭМ л хатуу цагийг туулахад гал болон дүрэлзэж амь аварна. Дотоод биеэ гэрэлтүүлцгээе. Тэнгэрийн санаа бууж, билгийн хөг жавхааживч өгүүлж, түгээж эс чадваас хөг бүрдэхгүй тул хөгжил ирэмгүй.
УХААРАЛ: Ухаарал ихсэх тутам зовлон ихэсдэг. Цөөхөн ухаантны нуруун дээр хүн төрөлхтөний зовлон бэрхшээл тохогдсоор иржээ. Язгуур сэтгэлгээ жамын дагуу амьдрал нь улс төрийн хоосон онолуудыг сөрдөг ч хожим биднийг дагана гэдэгт итгэнэ.
Сургууль цэцэрлэгт даатгаж болох ч ээжүүдэд илүү хамаатай. Хөгжил нь хүний авьяас билэг чадамжид, дэвшил нь эд, бүтээл дээр тулгуурлана. Үүнийг цэгцтэй ухаарвал улс үндэстэн тохинож чадна. Хүнийг амархан ойлгоё гэвэл гэр бүлийг нь хар. Ямар хүн төлөвших нь эндээс эхтэй.
Үүнийг сайн ээж, эхнэр, хань л хариуцан үйлддэг. Бид түүхээ мартаж, дайчин эрэмгий шинжээ панзчины уйтгарт амьдралаар сольж, эд хураах донг цэцэн мэргэн ухаан гэж төөрөлддөг. Бусдын биеийг хохироохгүй, зовоохгүй, эд юмсыг хайрлаж аж төрөх аваас нийхэмээрээ жаргах нь ээ.
Уламжлалт мэдлэг хүн чигээр чинь байлгана. Өнөөгийн мэдлэг нийхэмшихэд тустай. Аль алиныг тэнцүүлбэл бадарч бид чадна. Бид бол ирж буй сайхан цагийн хөрсийг дэвсэх үйлийн үрд төрсөн хүмүүс. Оноогдсон оноогдсоноо дүүргэчихвэл болох нь тэр.
ЭР, ЭМ ХҮМҮНИЙ МӨН ЧАНАР: Эр эм хүмүн өөр өөрийн мөн чанартай. Үүнийг ухвал өөрийн биеийн энэ онцгой мөн чанарыг төгөлдөр болгох ухаанаа олдог. Эм хүмүүнд эр хүмүнээс давуутай гурван чадамж буй:
- Харааны зараа
- Өгүүлэх чадамж
- Тэсвэрлэх чадамж
Энэ давуу талаа хөглөж, амьдрал ахуйдаа хэрэглэх аваас эм мөн чанараа гаргаж чадна. Харин эр хүмүний эм хүмүүнээс давуутай гурван чадамж нь:
- Давхар өгүүлэх
- Хэсэгчилэн бодох
- Хэлхээг тааруулах
Эм хүйстэн тэсвэрлэх чадамж хамгийн өндөр тул хүүхэд төрүүлж, түүнийгээ өсгөх идэвхтэй байдлын шалтгаан болно. Харин хэлхээг тааруулж, эмхэлж цэгцлэх үйлэнд эр хүмүүн давуу тал тул өрх гэрийг оройлон толгойлж, эмх цэгцийг авч явж, дээр доорхын ялгааг гаргаж, эрхийг нь эдлэх чадвартай.
ЗАЯА ТӨӨРӨГ, ХУВЬ ТАВИЛАН: Заяа, хувь тавилан өөр өөр утгыг илтгэдэг. Заяа эрхшээл гэдэг нь бид хаана төрөхөө сонгож чадахгүй, цаанаасаа заяагдсан зүйл. Заяа гэдэг хүнд сонголтгүйгээр заяагдсан 9 зүйлийг хэлдэг. Хувь хүн өөрөөс шалтгаалдаггүй орон зай.
Хүн эцэг эх, энэ биеийн хүйсээ сонгодоггүй. Алд биеийн нэрээ сонгохгүй. Төөрөг тавилангаар учирсан эх орноо сонгохгүй. (Хаана төрөхөө сонгож чадахгүй) Нийхэмийн орон зай, цаг хугацаагаа сонгохгүй. Ямар үр хүүхэдтэй болохоо сонгохгүй. Ний хамтын хариуцлагыг сонгодоггүй.
Жишээ нь: хууль цааз Эрүүл мэндийн байдлаа сонгохгүй. Төрөхийн болоод удамшлын хүндрэл, халдвар, өвчин, тахал, осол гэмтэл гэх мэт. Нийтийн шийдлийг сонгохгүй. Эрхшээсэн тэнгэрээ (авъяас билэгийн тэнгэр) сонгохгүй.
Харин хувь тавилан гэдэг бол өөрийн чинь бүтээж буй орон зай буюу сонгож болдог орон зай, өөрөөс тань шалтгаалах зүйл юм.
Дуршлаа хүн өөрөө сонгоно. Хань ижилээ өөрөө сонгоно. Алдар нэрээ цуурайтуулах үгүйг хүн өөрөө л сонгоно.
Мэргэшил чадамжаа сонгоно. Төр улсаа чиглүүлнэ. Гэм нүглээ өөрөө сонгоно. Хүсэл мөрөөдөл, мөрлөх амьдралаа сонгоно. Буруу дадал зуршлаас болсон өвчинг өөрөө сонгоно. (таргалалт, чихрийн шижин, ходоод г.м) Нийхэм, соёлоо өөрөөс эхтэй бүтээнэ.
Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар, Та Монгол Ээж