Home » Уур хилэнгээ барьдаггүй хүний улаан элэг тэсдэггүй юм. Ууж идэхээ тааруулдаггүй хүний ураг бие гавьдаггүй юм! Уужим дэлхийг хайрладаггүй хүний ухаан санаа цэлмэдэггүй юм Улс түмнээ боддоггүй хүний ураг удам цэгцэрдэггүй юм аа!

Уур хилэнгээ барьдаггүй хүний улаан элэг тэсдэггүй юм. Ууж идэхээ тааруулдаггүй хүний ураг бие гавьдаггүй юм! Уужим дэлхийг хайрладаггүй хүний ухаан санаа цэлмэдэггүй юм Улс түмнээ боддоггүй хүний ураг удам цэгцэрдэггүй юм аа!

by Aurora

Амьдралын агшин, хором, мөч бүхэндээ …. Хайрыг услахгүй бол тэр дундарна.
Харцыг баясгахгүй бол тэр гундана. Хүслийг тэтгэхгүй бол тэр мохно. Хүнийг ойлгохгүй бол тэр холдоно. Сэтгэлийг залахгүй бол тэр тэнэнэ. Сэрэмсрийг хөглөхгүй бол тэр унтана. Итгэлийг бөхлөхгүй бол тэр сарнина.

 

Итгэлцлийг оршоохгүй бол тэр будилна! Зоригийг хурцлахгүй бол тэр хулчийна. Зорилгыг танихгүй бол тэр эргэлзэнэ. Зоосыг гамнахгүй бол тэр хорогдоно. Зовлонг даахгүй бол тэр хүндэрнэ! Зүрхийг чагнахгүй бол тэр төөрнө. Зөнг барихгүй бол тэр бүдгэрнэ. Зүүдийг манахгүй бол тэр бэдэрнэ. Зүтгэлийг урлахгүй бол тэр зүдэрнэ!

Аашийг засахгүй бол тэр даварна. Атааг дарахгүй бол тэр дэвэрнэ. Амжилтыг бүтээхгүй бол тэр тунина. Аз жаргалыг мэдрэхгүй бол тэр нуугдана. Мэдрэгтүн, услагтун, хайрлагтун! Баярлах мөч бүхэндээ ханаж сайхан баясаж бай Бахархах мөч бүхэндээ дүүрч сайхан мишээж бай Байлдах мөч бүхэндээ эрэмшиж өөдөө эрчилж бай Багтрах мөч бүхэндээ уужирч гүнзгий амьсгалж бай!

Талархах мөч бүхэндээ чин сэтгэлээ дэвсэж бай Тавгүйтэх мөч бүхэндээ чин хайраа дурсаж бай Тансаглах мөч бүхэндээ бурхан эжийгээ бодож бай Ташуурах мөч бүхэндээ буурал ааваа санаж бай! Хайрлах хором бүхэндээ хамаг сайхныг хүсэж бай Харамлах хором бүхэндээ дэлгэр сайхнаар сэтгэж бай

Хуурах хором бүхэндээ үйлийн үрийг санаж бай Хуваалцах хором бүхэндээ буяны үрийг бодож бай! Тэвчих агшин бүхэндээ өр зүрхээ магтаж бай Тэмцэх агшин бүхэндээ өөдөө дээшээ зүтгэж бай Тэвдэх агшин бүхэндээ тэнхээ хүчиндээ итгэж бай Тэврэх агшин бүхэндээ тэнүүн хайраа шингээж бай!

Баясаж итгэ, бадаж ерөө. Хүмүн таны сэтгэлд ухаарлын наран мандаж байг Хүрэн алаг зүрхэнд тань хайрын цэцэгс дэлбээлж байг Хүн сайхан биеэс тань үнэний үнэр ханхалж байг Хүрдэн сайхан орноос тань үүрдийн солонго татаж байг!

Зөөлөн дулаан сэтгэлд тань зөв бүхэн хурлаж байг Зөгнөх сайхан ухаанд тань зөн билиг бялхаж байг Зорьсон их үйлст тань зол жаргал тосож байг Зориулсан их буянд тань бурхад бүхэн баясаж байг! Харсан их тэнгэрт тань хүч дандаа хурлаж байг Ханагар сайхан өргөөнд тань хайр дандаа бялхаж байг Харамгүй дэлгэр сэтгэлд тань буян бүхэн хурж байг Халирамгүй дайчин итгэлд тань үйлс бүхэн бүтэж байг ээ!

 

 

Андын сайныг алтан нарнаас гуйгаарай.  Өөрийг тань уруу татдаг Өөдгүй сөрөг нөхөдтэй бол Өөдлөн дэвжинэ гэж юу байхав. Өсөж дэвшинэ ч гэж горьдоод яахав! Өвдөхөд тань өврөө буруулдаг. Өчүүхэн сэтгэлт нөхөдтэй бол Өмөгтэй байна гэж юу байхав. Өрөвдүүлж түшүүлнэ гэж санаад яахав!

Өөдөө гармагц зуураад байдаг. Өлөн явбал баярлаад байдаг. Өвөр зуураа муулаад байдаг. Өнгөцхөндөө долигноод байдаг. Амжилт олвол атаархаад байдаг. Ажил нь нурвал баясаад байдаг. Ялалт атгавал ярвайгаад байдаг. Ялихгүй бүхэнд ундууцаад байдаг.

Аман дээрээ магтаад байдаг. Ар хударгаар чинь матаад байдаг. Алдаан дээр чинь дэвслээд байдаг. Айдсан дээр чинь чөдөрлөөд байдаг. Сэтгэл муутай найз нөхдөөсөө сэрж өндийж ангижрагтун Итгэл даахгүй муу нөхдөөсөө инээд алдаад холдогтун!

 

Зүтгэл дутуу анд нөхдөөсөө Зүрхээ чагнаад салагтун Зөрүү буруу явдалтан бүхнээс Зүгээр л зөрөөд одогтун! Андын сайнтай учруулж өгөгтүн гэж Алтан нарандаа сүслэж яваарай Хүний сайнтай нөхөрлүүлж ивээгтүн гэж Хүж дэлхийдээ залбирч яваарай!

Үнэн бай, чин бай, дэлгэр бай. Уухайлахаас ичдэг хүний Урам зориг бадардаггүй юм. Уйлахаас зовдог хүний уйтгар гуниг тайлагддаггүй юм! Уучлахаас дөлдөг хүний урагшлах зам тэгширдэггүй юм. Уясахаас айдаг хүний уушиг зүрх гэрэлтдэггүй юм!

Хурайлахдаа хулгадаг хүний хураах буян арвиждаггүй юм Хуваалцахдаа нарийлдаг хүний хувь хишиг дэлгэрдэггүй юм! Хуурахдаа сийхгүй хүний хувьсах ухаан гийдэггүй юм. Хулгайлах даа ичихгүй хүний хуудуутай сэтгэл ханадаггүй юм!

Хайрлахдаа харам хүнийг Хайрын тэнгэр ивээдэггүй юм Хатгалдахдаа бэлэн хүнийг Хан орчлон таалдаггүй юм! Үнэнтэйгээ тулдаггүй хүний үйл мөр тэнийдэггүй юм. Үгэндээ хүрдэггүй хүний үнэ цэнэ өсдөггүй юм! Уур хилэнгээ барьдаггүй хүний улаан элэг тэсдэггүй юм.

 

Ууж идэхээ тааруулдаггүй хүний ураг бие гавьдаггүй юм! Уужим дэлхийг хайрладаггүй хүний ухаан санаа цэлмэдэггүй юм Улс түмнээ боддоггүй хүний ураг удам цэгцэрдэггүй юм аа!

Зөв аялахуй … Орчин цагийн хүмүн та Онгон дагшин газар орноороо Ороолон шиг бүү яваарай Орхиж хогоо бүү хаяарай Олон зүйлийг бүү өргөөрэй Олон юмыг бас бүү гуйгаарай! Оройдоо галтай Монгол хүний ёсоор Очсон газартаа ерөөл өргөж Огших зүрхнийхээ хайрыг дээдэлж орон нутгийнхаа сайхныг бахдаж олон түмэндээ үлгэртэй яваарай!

Байгальд шингэхгүй элдэв зүйлсийг балаг дуудаж бүү өргөөрэй Баян тансаг байгаль дэлхий минь Байгаагаараа л байхыг хүсдэг юм шүү! Боож багладаг хадаг яндар Боодол цаастай чихэр боов Бор дарс, мөнгө цаас гээд Бултаар буруу өргөл юм шүү!

 

Асарлах тэнгэртээ цай сүүгээ дээдэлж алтан газартаа будаа тариагаа өргөж Алив сайхан үгсээр магтан дуулж Ариун гэгээн сэтгэлээр ерөөн сүслэхэд л Аян зам тань өлзийтэй байна. Амьдрал заяа тань дэвшилтэй байна. Аз хийморь тань өөдөө явна. Аялах дуутай жаргалтай явнаа! Унаа хүлгээ сүүгээр мялааж Ул өсгийгөө бас цэгээлэн ерөөвөөс Урдах зам тань дардан байна Уудлах хувь тань дэлгэр байнаа!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Батсүхийн Эрдэнэтуяа

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!