Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан. Мөн дээр нь хүнээс өөр ямар ч амьд биетэд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог.
Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр тутам нүүр тулж, сайн сайхан ирээдүйгээ замхруулж байдаг болчихжээ. Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, хар эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны уршиг.
Хүний жилийн ноён нуруу гээд буй чинь ерөөсөө тэр 90% далд буюу сэтгэл бие, гэрлэн бүрхүүлийг хэлээд буй хэрэг. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, далд бие сэтгэл бие ч гэх нь бий. Шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэж үздэг.
Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие мах бодь, амьдралд нь тохиолдох сайн муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь тодорхойлж болдог шүү дээ. Харин гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах зэргээс гадна хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг. Муу бодол ч үүнд нөлөөлнө.
Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тэрнээс хүн хүнийг хараадаг гэх зүйл байдаггүй. “Тэр намайг муу хэлсэн болов уу, энэ намайг хараасан болов уу, надад муу юм хийсэн болов уу” гээд бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг.
Энерги бол түгээмэл хаа сайгүй байх бидний оршихуйн амьд байлгахуйн хийн урсгал. Энэ нь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, зөвхөн тухайн өөрөө мэдэрч болдог тийм л энергийн урсгал юм. Шинжлэх ухаанаар баталсан, шашнаар бол аль эрт нотолсон.
Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ бадамлянхуа цэцэг адил дэлгэрүүлж, жилийн ноён нуруугаа засаад явж болдог. Сайн явах санааных гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү дээ.
Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм. Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог.
Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл уур, гомдол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “шүдэндээ зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг.
Кодлох гэдэг нь хүн өөрийнхөө оюун ухаанд сануулаад авчихаж байна гэсэн үг л дээ. Зүйрлэвэл компьютэрт юм бичээд хэрэв хадгалах бол түүнийгээ “save” дараад сануулдагтай адил. Тийм учраас хараал гэдэг зүйлийг өөртөө татаж, сануулчихаад, өөрөө өөрийнхөө сайн сайхан явах зам мөрөө хаагаад байдаг хэрэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Зурхайн ухааны доктор Н. Батцэцэг