Сайхнаас хагацахад зовлонг, муухайгаас хагацахад жаргалыг мэдрэнэ. Учрал, хагацлаар дүүрэн мөнх бус орчлон … Анх хүн үүсэхэд завсрын төрөлд буй сүнс ээжийн хэвлийд ороод эцэг, эхийн дусал цусан дахь таван махбод нэг бүртэй таталцаж нэгдэн нийлж амьт биеийг тогтооно.
Тийнхүү амилж тогтсон ураг ээжийн хэвлийд өдөр өдрөөр биежин томорсоор, эд эрхтэн бүрэн бүрдсэнээр энэ орчлонд хүн болж төрнө. Хэсэг хугацаанд амьдарсан биеэс сэтгэл сүнс салахдаа анх таталцан нэгдэж байсан таван махбод нэг бүрчлэн түлхэлцэж, биеийн эд эрхтэн бүрээс хагацан салж одсоноор амь тасрана.
Үүнтэй адил учрал бүр бие биедээ эвсэн таталцсанаар үүснэ. Хагацал бүр бие биедээ үл нийцэн түлхэлцсэнээр салж хагацана. Сайхан учрал жаргалыг, муухай учрал зовлонг мэдрүүлнэ. Сайхнаас хагацахад зовлонг, муухайгаас хагацахад жаргалыг мэдрэнэ.
Мөнх бус орчлонд элдэв олон янзын сайхан, муухайтай учирч, хагацана бид. Энэ бүхэн бидний өөрсдийн бие, хэл, сэтгэлээрээ үйлдсэн буян, нүглийн үйлийн үрд үүсээд буй юм. Тиймээс үйлийн үрийн жам ёсыг ухаарч, сэтгэлээ гүн шархлуулалгүй, хэт хөөрлийн бус, хэт айж сандарч бус, ая эвийг нь олоод, ухаанаа төвлрүүлэн сэтгэлийн зовлон багатайгаар, тайвнаар, аль болох зөв рүү нь чиглүүлээд л туулаад байх хэрэгтэй.
Энэ орчлон ертөнцийн бүх юмс, үзэгдэл учир шалтгаан, уялдаа холбоотой. Бас үүнийг нь дээд оюун билгээр нэг бүрчлэн эцэст нь хүртэл оноод тайлчихсан мэргэдтэй, онол болгоод судар бичигт үлдээсэн, түүнийг нь уламжлан заадаг хэрэгжүүлдэг багш нар нь бий, шавь нар нь ч бий.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Odontsetseg Ganbaatar