Өргөл гэдэг нь өглөгийн хүндэтгэлийн нэр бөгөөд эрдэм хийгээд дээд ачлалын оронд зорин өргөдөг болно. Эрдмийн орон хэмээх нь дээд хүч номын багш, ачлалын орон хэмээх нь эцэг эх тэргүүтэн хүндэтгэлийн орнууд болой. Ялангуяа дээд хүч, онгод тэнгэр, сахиус сахиул, багш зэрэг эрдмийн оронд харамгүй чин сэтгэлийн өргөлийг өргөдөг уламжлалтай.
Өглөг гэдэг нь гол зонхи өөр лугаа чацуут болон доод оронд эд зүйлс хийгээд эрдэм мэдлэгийг өгөхийг хэлнэ. Өглөг нь хармын сэтгэлийг дарах ерөндөг бөгөөд дотор нь эдийн, аюулгүйн, асралын, номын гэж ангилдаг. Эдийн өглөг нь бусдад хэрэгцээтэй болон дутагдаж буй эд зүйлсийг өгөхийг хэлнэ.
Аюулгүйн өглөг нь бусдын амь нас, бие мах бодийг аюул хорлол, гал усны гамшиг зовлонгоос аврахыг хэлнэ.
Өргөл, өглөг, хандив өргөж өгсөний үрээр энэ ба хойтдоо насан урт болох, өндөр язгуурт болох, эрхтэн бүтэн, эн тураг тэгш, өнгө сайт болох, бусдад өгөх юмтай болох, дэмжин туслах, найз нөхдөөр дутахгүй болох,
бусад хүн түүний үгэнд итгэдэг болох, үг тушаалыг нь биелүүлдэг болох, өөрт аюул зэтгэргүй болох, бусдыг хамгаалан туслаж чадах, ажил хэрэг бүтэх, зорьсондоо хүрэх, эрүүл, хүч баттай болох, хүссэн эрдэмд хүрэх тэргүүтэн тус эрдэм их гарна. Ерөөс шалтгаанаас үр гардаг болохоос хүссэн төдийгөөр болдоггүйг мэдэх нь чухал.
Бурханы номоор бол гуйсан хүнд юм өгөх нь жинхэнэ өглөг биш, хэн ч гуйгаагүй байхад нэг удаа бус байнга өглөг өгдөг байх, хариу хардаггүй, өгсөндөө харамсдаггүй, бардамнадаггүй, бусдад өгсөндөө баясч, өгсөн өглөгөө авсан хүнтэй нь мартах нь жинхэнэ өглөг болох ажээ. Хүмүүст адилхан хандаж, тэднийг элдэв байдлаар ялгаварлахгүй ая тус үзүүлэх нь агуу их өгөөмөр үйл буюу буян юм.
Бурхан багшийн сургаалис