Home » Гоё хүмүүс зүгээр л гараад ирдэггүй. Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээдэг

Гоё хүмүүс зүгээр л гараад ирдэггүй. Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээдэг

by Aurora

Хүмүүнд хорин хэцүү зүйл тохиолддог нь дорх мэт болой. Ядуу хүмүүн өглөг өгөх хэцүү. Баян чинээлэг хүмүүн номын үйлэнд шамдах хэцүү. Амийг гээж гарцаагүй үхэх хэцүү. Бурханы судар лугаа учраад уншиж ухах хэцүү.

Бурхан ертөнцөд заларсан хийгээд шажин ном нь дэлгэрсэн үеийг олж төрөх хэцүү.
Өнгө хийгээд хүслийг тэвчих хэцүү. Сайныг үзээд хүсэмжлэхгүй байх хэцүү. Гутаан доромжлогдоод уурсахгүй байх хэцүү.

Эрх сүрэндээ эс омогших нэг хэцүү. Аливаа хэрэг тохиоход сэтгэл үүсгэхгүй байх хэцүү. Өргөн суралцаж нарийн шинжих нэг хэцүү. Би хэмээн омогшихуйг хазаарлах хэцүү. Бусдыг эрдэм чадалгүй хэмээн басамжлахгүй байх хэцүү. -Аливаад тэгш үзлээр хандах бас нэг хэцүү.

Хов живийн үг ярихгүй байх хэцүү. Буяны садан дээдийн багш лугаа учрах хэцүү. Сэтгэлийн мөн чанар лугаа учирч бодь хутгийн мөрт суралцах хэцүү. Ая эвийг олж бусдыг төөрөгдлөөс гэтэлгэх хэцүү. Вишай буюу гадаад орны үзэгдэл юмсад сэтгэл хөдлөхгүй байх хэцүү. Уран аргыг ухан ойлгох хэцүү.

Ялагдлыг мэдсэн. Өвдөлтийг мэдэрсэн. Шархалж үзсэн. Тэмцэлдэж сурсан. Дороос авирч гарах замыг олсон. Хүсэл эрмэлзлээр дүүрэн амьдралын утга учрыг ойлгосон хүмүүс байдаг. Гоё хүмүүс зүгээр л гараад ирдэггүй. Тэд бэрхшээл дундаас өөрийгөө бүтээдэг.

Зорилготой амьдрахуй. Хүний амьдралд зорилгоо зөв тодорхойлох явдал хамгаас чухал. Хүнийг ерөнхийд нь сайн муу гэж хуваадаг шиг зорилготой хүн, зорилгогүй хүн гэж хувааж болмоор. Зорилго дотроо том, жижиг гээд янз бүр байж болох. Өдөр, сарын зорилгыг “төлөвлөгөө” гэж өөрөөр нэрлэх тохиолдол бий. Уг чанартаа бас л нэг төрлийн зорилго болой.

Ер нь зорилго дотроо амьдралын, ажил хэргийн, холын, ойрын, гол, гол бус гээд олон төрөл зүйлтэй байдаг. Өнгө хээ талаас нь зорилгыг зөв, буруу, сайн муу хэмээн нэрлэж болно. Зорилго бодитой, өөрийн хэр чинээнд тохирсон байх нь зохистой. Тэр бүх хүрээ хязгаараас даван гарсан тохиолдолд зорилго биш хийрхэл болон хувирч мэдэшгүй.

Хүний амьдралын цаг үе бүхэнд өөр өөр зорилго урган гарч болно. Гэхдээ нэг хэлэх гээд халгаж ядаад байгаа нэг зүйл бол зорилгоо хатуу, цэгцтэй тодорхойлчихсон хүн цөөхөн талдаа байх гээд байдаг. Бас осолгүй нэг зорилго тавьчихсан хэр нь түүнийгээ гүйцэлдүүлэх арга эвээ олохгүй нь ч бас цөөнгүй.

Ер нь амьдралын урт холын замд хүн бүрийн хувьд амжилт ололт, ялагдал бүтэлгүйтэл гээд аль олон зүйл тохиолдохыг тэр гэхэв. Амьдралын энэ тод өнгө ялгарлын шийдвэрлэх хүчин зүйл зорилготой эс бөгөөс зорилгогүй гэдгээс шалтгаалдаг ч болох юм.

Энэ утгаар хүүхэд залууст зорилготой амьдрахын утга учрыг томчууд бид эртнээс хэлж ойлгуулж байх хэрэгтэй. Зорилготой амьдарч сурахын хамгийн том урьдач нөхцөл нь эхлээд жижиг буюу ойрын зорилгыг оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй.

Бүр тодорхой хэлбэл өдрийн зөв дэг тогтоогоод түүнээ ягштал баримтлаж дадахаас эхлэдэг ч байж мэдэх. Таны тавьсан зорилго өөртөө болоод өрөөл бусад олон хүмүүст тустай байж чадах эсэхээс түүний агуулга, хүч чадал тодорхойлогдоно.

Харин зөвхөн идэж уух, өмсөж зүүх тэргүүтнийг өдөр тутмын амьдралын зорилго болгочихоод урсгалаараа явж байдаг ганц нэг хүн байваас адгуусны амьдралын зорилгын тэн хагас нь бараг дээрх агуулгаар тодорхойлогдох бус уу гэдгийг сайтар бодож үзмээр. Та энэ бичлэгийг уншиж суух зуур өөртөө “Миний тавьсан байгаа зорилго юу билээ?” гэж эргэцүүлээд үзэхэд гэмгүй.

Дорно дахинд зорилготой амьдрах ухааныг “Зоригийг олохуй” хэмээн сайхан нэрлэсэн нь буй. Та зоригийг олж зорилгоо тодорхойлж чадсан уу? Хичээлийн агуулгадаа ийм сэдвийг оруулж зорилгоо тодорхойлох арга зүй, түүнд хэрхин богино дөт замаар хүрдэг арга ухааныг заадаг сургууль манай улсад хэд байдаг бол гэдэг талаар хичээлийн шинэ жилийн эхний өдөр бодогдсон хэд гурван үгсийг хэлхиж та бүхний гэгээн мэлмийд толилуулавай.

Ухааны үр. “Монгол хүн жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхдэг” гэж хятадууд ярьдаг хэмээх ам дамжсан яриа байдаг. Би өдий олон жил хятад хэл соёлын хүрээнд аялахдаа тийм хэлц үг байдагтай тааралдаж байсангүй. Магадгүй энэ үг манай эндэхийн цагаач хятадуудын дундаас гаралтай байхыг үгүйсгэхгүй л дээ.

Амьдрал дунд хутгалдан явахад “Ухаантай залуу шүү.” гэсэн үг хааяа чих дэлсэж л байдаг. Хүний ухааны цар хэмжээг барагцаалах хэмжүүр баримжаа чухам юу юм бол гэж та бодож үзсэн үү? Хэн нэгэн хүнийг “Ухаантай” хэмээн тодотгоод орхино гэдэг цаад утгаараа бол бас л их хийсвэр, ерөнхий зүйл биш гэж үү?

“Ширээ” хэмээн хэлэхэд хүний тархинд ширээний талаарх тун бүдэг бүрхэг ойлголт төрөхөөс биш угтаа дөрвөн хөлтэй, гурван хөлтэй, төмөр ширээ, модон ширээ, дөрвөлжин тавцантай, гурвалжин тавцантай, дугуй тавцантай гэх зэрэг тоо томшгүй олон ширээний чухам алин болох нь ойлгогдохгүй өнгөрнө өө дөө.

Ер нь үг, нэр хэмээгч ийм л хийсвэр ерөнхий чанартай байдаг аж. Дээрх утгаар авч үзвэл “Ухаантай” байх гэдэг бас л маш ерөнхий хийсвэр ухагдхуун юм. Нөгөө талаар тун харьцангуй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл хорин нас, гучин нас, дөч, тавин насны ухааны шандас хэмээгч тэс өөрөөр ойлгогдох нь олонтоо.

Үүнийг нэг сайн номыг хорин насанд уншаад авч байсан ухаарал гуч дөчин насны өндөрлөгөөс уншсан хойно эргээд харахад бас л их чамлалттай санагддагаас олж мэдэхэд төвөгтэй биш. Тэнгэрийн бошгыг ойлгох насны өндөрлөгөөс “Ухаан” хэмээгч хийсвэр ухагдахууны баримжаа чухам юу болохыг цэгнэн бодоод үзэхэд “АЧЛАЛ ТАХИМДУУ ЁСОН” хэмээх үг амнаас уначих гээд байдаг болсон байна лээ.

Би их сургуулийн гайгүй оюутан гэгдэж явах үедээ эрдэмт багш нараасаа Күнзийн суртгаалд “Ачлалт ном” хэмээх хөлгөн судар байдаг. Түүнийг Юань гүрний үед зүүн гарын чансан Болдтөмөр хэмээгч гүүш анх “Монгол бичигт” хөрвүүлсэн.

Мөртлөө нэрийг нь “Тахимдуу бичиг” хэмээн хөрвүүлсэн юм хэмээн сонсож байсан л даа. Өөрөөр хэлбэл ийм нандин судар ном лугаа тийм эрт танилцах завшаантай байсан атлаа утга чанарыг нь ухан ойлгож хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай.

Тэмдэг дохио төдийхөн үг үсгийг нь хадны цууриа мэт давтан уншиж байсныг бодохоор өөрийгөө мулгуу тэнэгийн туйл байж дээ хэмээн халаглан харуусмаар үе цөөнгүй санагддаг нь нээрэн ч нэг бодлын монголчууд бидний оройхон ухаан суудгийн сонгодог жишээ гэмээр юм уу даа?

Үүнийг уншин суугаа нүүр номын залуу уншигч та төрүүлж өсгөсөн аав ээж тань хэзээ нэгэн цагт өөрсдөөс чинь дутахгүй залуу зандан, сайн сайхан явсан үе бий. Өдгөө тэд нарын маань насны нар хэвийж хөл гар, нүд шүд, сонсгол муудаж ой ухаан нь барагтайхан болоод өөрсдөд нь хичнээн амаргүй байгаа бол?

Хэзээ нэгэн цагт би ч гэсэн энэхүү байгалийн жамыг тойроод биш, дайраад гарах үе ирнэ. Тийм болохоор аав ээж, өвөө эмээгээ илүү их хайрлан хүндлэх учиртай бус уу хэмээн бодож байсан бол би тийм залууст “Ухаантай” хэмээх тодотголыг харамгүй өгөхсөн.

Эх сурвалж: доктор, профессор Д.Болдбаатартай

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!