Home » Зөв амьсгалын дасгал хийснээр өвчин, зовиур илааршина

Зөв амьсгалын дасгал хийснээр өвчин, зовиур илааршина

by Aurora

Амьсгал бол амьдрал. Өөрөөр хэлбэл амьсгалаар амьдралаа удирдах боломжтой. Амьсгалын зөв дасгал хийснээр : Сэтгэл санааны төлөв байдлыг удирдах, Биеийн эсэргүүцэл сайжрах. Зарим эмгэг, зовиурууд илаарших. Тархины үйл ажиллагаа сэргэж, ой тогтоолт сэтгэн бодох чадвар нэмэгдэх.

 

Хүнд ажил болон дасгалын дараа биеийн байдал түргэн сэргэх. Илүү их энерги, тамир орох. Сэтгэл санаа өөдрөг болсноор амьдрах урам зориг орж амьдралын баяр баясгаланг мэдэрч чаддаг болох. Дээрхээс харахад амьсгалын дасгал хийж хэвшсэнээр амьдралдаа ямар том өөрчлөлт оруулж болох, өөрийн далд нөөц бололцоог нээж ашигласнаар хүсэж буй зорилгодоо хүрэх алхам илүү амар, хөнгөн болоход тустай болох нь ойлгомжтой.

Гол нь зөв дасгал сонгож, түүнийгээ эхний хоёр сарын турш уйгагүй хийж өөрийн өдөр тутмын зуршил, амьдралынхаа нэг хэсэг болгож чадсанаар үр дүнд хүрнэ. Аливаа зүйлийг дадал хэвшил болгоход дунджаар 60 орчим хоног хэрэгтэй гэсэн тооцоо байдаг.

Тэгэхээр шинэ зүйл сурч буй бол 2 сар гүрийхэд нэг л мэдэхэд тэр зүйлээ хийхэд түүртэх юмгүй, хийхгүйгээр байж болохгүй мэт даснаа л гэсэн үг. Нэмээд хэлэхэд олон хүний хувьд том асуудал болдог залхуурал гээчийг ч бас амьсгалын дасгал хийснээр мартаж болдог. Зөв амьсгалснаар сард 2-4 кг хасч чадна.

Хоолгүйгээр хүн 30-40 хоног, усгүйгээр 7-9, нойргүйгээр 3-4 хоног (магадгүй бүр илүү) амьдардаг гэлцдэг. Харин амьсгалахгүйгээр хэр удаан амьд байх бол!? Зарим далайн гүний шумбагчид 18-20 хүртэл минут амьсгалаа түгжиж сурсан байдаг.

 

Тэдний гол арга нь тархиа дасгалжуулах байдаг. Дасгалжуулах гэхээсээ илүү хуурах гэвэл үнэнд дөхнө. Тархинд ирсэн хүчилтөрөгч дутагдаж байна гэсэн дохиог энэ бол хуурамч дохио, хүчилтөрөгч хангалттай бий гэж өөртөө буюу тархинд итгүүлэх аргаар биеийн хүчилтөрөгчийн хэрэглээг хязгаарладаг байна.

Харамсалтай нь үүндээ хэт итгээд нас барсан тохиолдол цөөнгүй. Агаар бол хоосон гэж хэлэх нь бий. Харин ч эсрэгээрээ агаар бол хамгийн их “шимтэй”, хамгийн цэвэр энерги буюу прана (чи) агуулсан байдаг.
Тийм ч учраас тэр энерги дутагдмагц л тийм амархан энэ төрлөөс ангижран оддог юм даа, бид. Эрдэмтдийн дүгнэлтээс үзэхэд 10 хүний 9 нь (насанд хүрсэн) буруу амьсгалдаг гэнэ.

Хүүхэд яаж амьсгалж буйг анзаараарай. Тэд гэдэсний амьсгал хийдэг. Өөрөөр хэлбэл өрцний амьсгал. Хэвлийн хөндийд дархлааны системийн дийлэнх, халаалтын систем (бүдүүн гэдэс буюу олгой), бүдүүн энергийг нарийн болгон хувиргах систем, “бохирын шугам” зэрэг олон чухал эрхтэн систем оршдог.

Тэдгээр маань бүгд л тодорхой хөдөлгөөн, даралт зэргийг шаардаж байдаг. Тэр шаардлагыг нь гэдэсний амьсгал хангаж байдаг. Тийм ч учраас бага насны хүүхдүүд сэргэлэн цовоо, хэзээ ч дуусахааргүй энергитэй байдаг нь тэр.
Насанд хүрэгчдийн хувьд шал өөр нас ахихын хэрээр хөдөлгөөн багасна. Амьсгалах үед мөр, цээжний дээд хэсэг голдуу өргөгддөг. Жин ихтэй хүмүүс голдуу ингэж амьсгалдаг.

 

Цээжний хэнхэрцэг өргөсөн тэлж амьсгалдаг. Энэ нь уушиг хангалттай гүйцэд ажиллахгүй байна гэсэн үг, ялангуяа доод хэсэг нь. Уушгинд ажиллагаагүй үхмэл хэсэг үүсэж тэнд нь элдэв нян бактери үрждэг. Нас ахих тусам үхмэл эд улам ихсэж тэр хэмжээгээр элдэв өвчлөл улам нэмэгддэг. Уушигны ажиллагаа муудах тусам бие хүчилтөрөгчийн өлсгөлөнд орж байдаг.

Хүчилтөрөгч дутагдах нь биеийн эсэргүүцэл хэвийн байх суурь нөхцөл байхгүй болно гэсэн үг. За ингээд л олон асуудлууд ээлж дараалан урган гарна. Зөв амьсгалах нь урт удаан эрүүл амьдрахын үндэс гэдгийг бүгд л мэднэ. Даанч тэр болгон ухамсартайгаар зөв амьсгалыг дадуулан, зорилготойгоор биеэ чийрэгжүүлж буй нь бага.

Харин Амьсгалаа удирдах дасгал, хялбар бясалгалын клубүүд нээгдэж буй нь сайшаалтай. Зөв амьсгалж сурсанаар хүн хөгшрөх процессийг удаашруулж чаддаг. Урт наслагчдын гол нууц нь “цэвэршүүлэгч гүн амьсгал”-д байдаг.
Гүн бас цөөн амьсгал. Энэ бол тэдний гол зарчим.

Тарган хүмүүс голдуу ойр ойрхон гүехэн амьсгалдаг. Энэ нь амьсгалын тоо буюу насныхаа тоог түргэн үрж дуусгаж буй хэрэг. Зөв хооллосноор хүн амьдрах хугацаагаа 10-20 орчим жил уртасгадаг. Харин зөв амьсгалснаар 30-50 жил уртасгаж болдог аж. Тэгэхээр амьсгалын дасгал хийж байвал их юм үзнэ ээ.

 

Зарим нь Шри Шри-д явж болох нь, эсвэл хятадын тай-чи, чи гонг зэргээр хичээллэвэл биеэ чийрэгжүүлж урт насална. Бас зөв амьсгал нь турахад их нөлөөтэй. Ер нь тураанаа л гэсэн үг. Олон хүн турах гэж янз бүрийн тэвчээр шаардсан хоолны дэглэм энэ тэрээр, зарим нь элдэв химийн эм бэлдмэлээр турахыг оролддог.

Эхний хэсэг хүмүүс дэглэмээ орхимогц буцаад л “дэлбэрдэг”. Харин эмээр турагчид нь элэг бөөр ходоод нь эргэлт буцалтгүйгээр гэмтэх өндөр магадлалтай. Дээрх эрсдэлээс зайлсхийе гэвэл ердөө л өдрийн туршид хэдэн удаа амьсгалаа аваад түгжиж байх хэрэгтэй.

Ингэхдээ өдөрт хэдэн удаа 30 секунд амьсгалаа түгжинэ.Үүний ачаар сард 2-4 кг хаях боломжтой. Дан ганц уушгаараа амьсгалах нь хангалттай биш. Арьс бас амьсгалдаг. Тэгэхээр арьсаа цэвэр байлгаж бас гэртээ нүцгэн “гүйж” байх учиртай.

Амьдралын жирийн ажиглалтын тухай ярья. Жишээ нь: уурлах үед хүн бачимдаж богинохон ойр ойр амьсгалдаг. Тэгэхээр уур ихтэй хүн удаан амьдардаггүй. Инээхэд эсрэгээр байдаг. Инээх үед амьсгал аваад түүнийгээ удаанаар бага багаар гаргадаг нь нөгөө урт амьдардаг нөхдүүдтэй адилавтар техникээр амьсгалж байна гэсэн үг. Дуу дуулахад маш удаанаар амьсгалаа гаргадаг, яг л энэ үед бид дотоод тайвшрал, баяр мэдэрдэг.

 

Эрүүлжих амьсгал: Хэвтээ байрлал хамгийн тохиромжтой. Хамраараа амьсгалаа 4 секундэд авна. Аваад 8 сек түгжинэ. 4 сек хамраараа гаргана. Нийт хугацаа 2 минут. Өглөө оройд нэг нэг удаа хийнэ. Цэвэрлэх амьсгал: Энэ амьсгал нь уушгийг цэвэршүүлж биеийг нөхөн төлжүүлж залуужуулна.

Амьсгалаа хамраар 4 сек турш авна. 6 сек түгжээд дараа нь шүгэлдэх мэт уруулаа цорвойлгоод 13 секундийн турш “урт нарийнаар” сийгүүлэн гаргана. 13 секундэд гаргаж амжаагүй үлдэгдэл агаараа хүчтэй цохилтоор гаргана.
Наран, саран амьсгал: Бидний төв мэдрэлийн систем амьсгалаар удирдагдаж болдгийн жишээ бол хамрын баруун нүхээр авсан амьсгал мэдрэлийн хөөрлийг дэмждэг бол зүүн нүхээр авсан амьсгал саатал үүсэхийг дэмждэг байна.

Ямар нэгэн шалтгаанаар хамрын зүүн нүх бөглөрөөд зөвхөн баруунаар амьсгалвал байнгын стресстэй байх, нойргүйдэлд хүргэдэг. Харин баруун нүх тагларсан, зүүнээрээ амьсгалаад байвал бие маань байнгын ядарсан байдалтай, идэвхгүй байх жишээтэй.

Ер нь хамраараа амьсгалах нь эрүүл. Тиймээс ч йогчид амаараа амьсгалах нь үхэл рүүгээ өөрөө гүйхтэй адил гэцгээдэг гэнэ. Тэгээд ч хамар доторх үс салст зэрэг нь уушиг руу орох агаарыг цэвэрлэж байдгийг бүгд л мэднэ. Ер нь хооллох үедээ ярихгүй байх нь дээр.

 

Үндсэн техник нь: Баруун гарын эрхий хуруугаар хамрын баруун нүхээ таглаад зүүн нүхээрээ 4 секундэд амьгал авч, 4 сек түгжээд 8 сек-д гаргана. Дараа нь нөгөө гараараа зүүн нүхээ таглаад дээрхийн адил амьсгална. Ийм байдлаар 10-12 удаа ээлжлэн амьсгална.

Энэ нь сэтгэл санааг тайвшруулж зарим өвдөлтүүдийг намдаана. Нэмж хэлэхэд хамраар амьсгалахад хамрын хөндийн гүнд тагнайн дээхэн талд тусгай рецептор байх бөгөөд зөвхөн хамраар амьсгалах үед түүнээс цусны даралт тогтворжуулах үйлчилгээтэй бодис ялгардаг. Тэгэхээр даралт асуудалтай хүмүүс аль болох хамраараа амьсгалахыг хичээж байгаарай.

За бүгдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Нээрээ дээрх дасгалууд нь дандаа гэдсээрээ буюу өрцний амьсгалаар хийгдэх учиртай. Ядаж л санасан үедээ, ТВ үзэх, амраад сууж байх даа аль болох амьсгал авах даа гэдсээ цүндийлгээд, гаргах даа чадах чинээгээрээ гэдсээ татаж, өрцөндөө наалдаж байна хэмээн дүрслэн бодож амьсгалаад дадвал маш хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!