Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.

Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна. Монголчууд овоохой /урц/ гэр, өрх гэр, ханат гэрийн гол тулгуур мод, утга нэгтэй.
Энэ нь цаг агаар сэрүүсч хүйтэрснээс гол /тулгуур/ модны дэргэд галаа түлдэг болсноос “гал голомт” гэсэн хоршоо үг гарсан гэдэг. Галаа эрхэмлэн ирсэн уламжлалаас Эрхэм уншигч тан бүхэндээ хүргэж байна. Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.
Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг. Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг. Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг.
Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг. Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг.
Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг. Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Гал руу хөлөө жийж унтдаггүй. Гэрийн эзний сүнсийг айлгана гэдэг. Гал руу нулимбаас буянаа гөвнө.
Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг. “Болж яваг гэж богино хавиргаа, Бүтэж яваг гэж бүдэрхийгээ, Баяжиг гэж булуугаа өргөе” гэж ерөөн хэлдэг байна.
Галын хайчийг тэнгэр өөд юмуу хоймор өөд харуулдаггүй. Учир нь галын хайч хөөтэй тул хүндтэй зүг рүү буюу хүндтэй юм руу харуулдаггүй. Аргалын /авдар, дөрвөлжинг/ галын сөн гэж үздэг учраас дээр нь суудаггүй унтахаасаа өмнө дүүргэдэг ёстой. Гал дээрээ цай хоол хийхдээ тогоогоо баруун хойш нь үл мэдэг хазайлгасхийн тавьдаг. Өөдлөн дэвжиж, баяжихын бэлэгдэл болдог. Айлд гал өгдөггүй (төрөл садандаа бол болно).Гаднаас гал гуйдаггүй.
Гал асахгүй бол: “Хөгж хөгж Хөх ямааны өөх өргөнө Улалз улалз Улаан ямааны өөх өргөнө Ас ас Алаг ямааны өөх өргөнө Бадар бадар Балганатай шар тос өргөнө” гээд өөх тос өргөж галаа асааж бадраадаг. Голомтоо дээдэлдэг нь Өөрийн голомтыг голцуу хаан эцэг, хатан эхийн голомтын нэг хэсэг гэж үздэг.
Энэ нь ялангуяа улс үндэстэний хувьд бид нэг гал голомттой, нэгдмэл нэг улс гэсэн санаа.Айлд ирсэн хүн айлын голомтны хүрээний дотор гишгэх байтугай голомтны хүрээ модон дээр ч гишгэдэггүй ёстой. Хойш урагшаа гарахдаа хормой хотоо хурааж айлын голомтны хүрээн дээгүүр гарахгүйг хичээдэг.
Айлын голомтын бууринд гэрээ барьдаггүй. Энэ бүхэн галыг эрхэмлэх, эцгийн голомтыг залгах ёстой уялдсан болно. Голомт таслахгүйг нэн эрхэмлэнэ.
- Отгон хүүгээ юмуу ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”,”голомт залгах үр”,”гал манах үр” гэхчлэн билэгшээсэн үгийг хэлдэг.
- Эцэг хүн хүүдээ эхнэр ав гэж хэлэхдээ “гал голомтоо бадраа” гэдэг.
- Шинэ бэр гэртээ орж ирээд гал голомтоо анхлан асааж, цайгаа чанадаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…