Home » Гал тахих ёсон: Гал голомтыг отгон хүү залгаж авдаг. Хүүгүй бол ач нь залгана. Ач үгүй бол гал дээр гарсан зээ нь гал голомтыг хадгалах ёстой.

Гал тахих ёсон: Гал голомтыг отгон хүү залгаж авдаг. Хүүгүй бол ач нь залгана. Ач үгүй бол гал дээр гарсан зээ нь гал голомтыг хадгалах ёстой.

by Aurora

Монгол хүн гал голомтыг амьдралын үндэс, хамгийн нандин зүйлд үзэж эрхэмлэдэг. Эртний монголын заншлаар хамгийн бага хүү нь гал голомтоо сахиж, эд хөрөнгөө өмчилдөг байлаа. Чингис хааныг нас эцэслэсний дараа түүний гал голомт, эд хөрөнгө, бараг бүх цэрэг, хэвтүүл, манааг ямагт эцгийн хажууд явсан дөрөвдэх хөвүүн Тулуй өвлөн авчээ.

 

Гэр бүлээрээ тулгаа тойрон сууж, илч гэрэлд нь дулаацаж, хоол ундаа болгож, эцэг эхийнхээ үгийг сонсож, бяр, сэтгэлийн тэнхээ авдаг амьдрал тэтгэгч эх булаг бол гал голомт билээ. Гал голомт хэмээх нь амь зуулга, орон гэрийн төв, улам цаашлаад дэлхийн төв болно хэмээн монгол хүн үзэж байв.

Галыг шүтэх заншил монголд эртний уламжлалтай билээ. Төрсөн эцгийн гал голомтноос жигүүр ургаж, хүч чадалтай болоод зүг бүрт мордож, өөр өөрийн гал голомтыг асаадаг. Хамгийн отгон нь гэртээ үлдэж гал голомтоо залгамжилна.

Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж иржээ.Тэнгэр бол мөнхийн бэлэгдэл, гал-ариуны бэлэгдэл билээ. Галыг бузар булайг үгүй болгодог хэмээн шүтдэг байжээ. Тийм ч учраас манай хаад гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын дундуур гаргадаг байсан.

 

Өндөр гэгээн Занабазар Соёмбыг зохиохдоо нар, сарны дээр галыг байрлуулжээ. Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг. Айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь эртний заншил юм. Хүн нас барахад гал голомтоо ариутгаж, галдаа архи цацаж, их гал түлээд, бүх эд хогшлоо ариутгаж, нас барсан хүнийг оршуулаад ирсэн хүн ба уналгыг хоёр галын хоорондуур явуулж оруулдаг ёстой байжээ.

Дээр үед Монгол хүн галаа тахихдаа бөө удган нараар бөөлүүлдэг байсан. Гал тахилганд бөө удганы дуудлага, лам нарын уншлага хоёр агуулгаараа өөр байдаг. Галын хаанд зориулж: “Сүмбэр уулын төдий идээг Сүүн далайн төдий ундааг Сүрт галын хаан танд өргөе” гэж гал тахихад хэлдэг ажээ.Хаад, ноёд, баян айлын гал тахилганд унших уншлага, дуудлага өөр байдаг.

Жишээлбэл: Одноос олон малтай болтугай Уулнаас их цагаан гэртэй болтугай Төрсөн бие чинь мөнх жаргах болтугай Төрийг эзлэх нигуун хөвгүүнтэй болтугай гэж баян айлын гал тахилганд унших номонд байдаг бол ядуу айлд ирж бөөлөхдөө:

 

Нуурт зогсох олон адуутай болго чи Ноён хүнийг дагах хиа хөвгүүнтэй болго чи Задгайд олон хоньтой болго чи
Зан сайтай охид үртэй болго чи гэдэг байна.Галд хоёр янзын тахилга байжээ. Байнгын тахилга –галд дээж өргөхдөө дараах зүйлийг бэлддэг.

Их тахилга –жилд ганц удаа болдог. Тусгай бэлтгэж хийдэг. Жилийн эцсийн Хөхөө сарын (12 дугаар сар) билгийн тооллын 23. 24-нд болдог. Галын бурхан буюу тэнгэр гэж байдаг. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үздэг. Жилд 1 удаа тэр хүү аав, ээждээ золгодог гэнэ.

Золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24.23-ны тахилгыг үдшийн цолмонгоор эхэлдэг.24-ний тахилгыг үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Галын тахилгын сударт Богд Чингис хаан Бөртэ хатантайгаа Хөхөө сарын 23-нд хуримлажээ.

Тийм учраас (XIII зуунаас хойш) 23-ны тахилгыг тайж нарын тахилга гэж, 24-ний тахилгыг харц нарын тахилга гэж ялгадаг байж. Галын тэнгэр байдаг гэж монголчууд үздэг, ярьдаг боловч дүрс гэж байдаггүй. Галын тэнгэр хүний нүдэнд үзэгддэггүй, гал дотроо байдаг зүйл гэж үздэг.

 

Гал голомтондоо ойр эх хүн төрдөггүй. Тусгаарлаж байж төрүүлээд 7. 9. 21 хоног дээр ёс төртэй гэрт нь оруулж ирдэг. Гал голомтны цээр ёсноос. Хутгыг ирээр нь галд хүргэх, хутганы ирээр галыг сийлж хөдөлгөх, мөн түүнчлэн хутгаар тогоон дотроос мах авах буюу тогоонд мах эргүүлэх мэтийг цээрлэдэг.

Үүнээс гадна аргалын сав дээр сандайлж суух, галын хайчийг гишгэх, сүхэн дээгүүр хормой хотоо гаргахыг цээрлэнэ. Ингэж цээрлэдгийн учир нь эдгээр багаж хэрэгсэл нь гал ба голомттой холбогдож буйд оршино. Гал голомт өөд хар ус цацах, нулимах, бузар юм хаяхыг цээрлэдэг. Хурга хөнгөлөхдөө хусан багана дэргэдээ тавьдаг.

Гэрийн гал голомтыг билэгдэж буй хэрэг. Гал голомтыг отгон хүү залгаж авдаг. Хүүгүй бол ач нь залгана. Ач үгүй бол гал дээр гарсан зээ нь гал голомтыг хадгалах ёстой.  Монгол хүн айлд очвол тэр айлын язгуур дээдэс, гэрийн эзнийг хүндэтгэн үзэж гал голомтных нь цээр хүндэтгэлийн ёсыг ихэд хичээнгүйлэн дагадаг.

Гэртээ бол гэрийнхээ гал голомтны цээр ёсыг нандигнан сахиж үр хүүхэддээ ч цаг үргэлж удам угсааныхаа ёс сурталыг сургаж хүмүүжүүлсээр байдаг. Давс галд хийхийг цээрлэнэ. Нүүрлэсэн гай, шүгэлсэн муу юмыг зайлуулах, хөөхөд гал дээр давс хийн түлдэг. Энгүүн цагт галд давс хийвээс галын бурхан цочино гэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж:  Монголчуудын цээрлэх ёсноос…

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!