Home » Гэр бүл болсон ч галаа тахихгүй бол хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй

Гэр бүл болсон ч галаа тахихгүй бол хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй

by Aurora

Орчин цагийн залуучууд галаа тахиагүйгээсээ болоод эв түнжин хагарч, салж сарних нь элбэг болж. Зүй нь галаа л тахих ёстой юм шүү дээ гээд хэн нэг учир мэдэх хүн нь хэлээд өгдөг ч болоосой гэж *унших дуртай, судлах дуртай нэгэн номын эгч маань аминчлан захисан*-ыг хэрэгтэй байж магадгүй хэмээн доор хичээнгүйлэн сийрүүлэхийг оролдлоо.

Хууччуул хүүхэдтэйгээ холилддоггүй. Гэр бүлтэй болсон л бол шинэ гэр бүрж өгөн гал голомтыг нь бадраан “Галыг нь тахиулдаг” байсан нь учиртай. Учир нь аав, ээжийн гал голомтон дээр амьдрах юм бол тухайн айлын гай, барцад, сайн, муу бүхнийг нь үр хүүхэд нь хамтдаа үүрэлцдэг учраас хамгийн түрүүнд хүүхдүүдээ өрх тусгаарлуулж “Голомтын галыг нь бадраах” ёсыг үйлддэг байсан.

Айл гэрт “Галын бурхан” гэж бий. Галын бурхнаа дээдэлж тахиж байхгүй бол *гал бузартаж сэвтэх* аюултай гэдгийг л одооны залуучуудад хэлээд өгчих юм сан. Галыг гэрийн эзэн тахиж, галыг гэргий хүн манадаг. Олон ч охид бүсгүйчүүд *галаа сайн манаагүй*-гээсээ болоод эр нөхөр нь өөр голомтод очсоор байна.

“Гал” тухайн айлд орж ирэх муу муухай зүйлийг үлдэн хөөж зайлуулдаг. Галаа тахиагүйгээс ад, зэтгэр голомтын гал дээр сандайлж суун эр, эмийн санаа сэтгэлийг үймүүлэн гэр бүлээс гадуурх явдалд самууруулдаг. Галаа хэр сайн өрдөж тахина төдий чинээ галын хүч өөдөө байж ад, зэтгэрийг сандайж суухын эцэсгүй галдан хөөж зайлуулдаг домтой.

Монголчууд эртнээс нааш “Галыг шүтэж” тахисаар ирсэн. Харин энэ уламжлал өнөө цагт алдагдаад байгаа нь харамсалтай. Ганц байсан ШҮДЭНЗНИЙ ҮЙЛДВЭРЭЭ нураачихсан улс. Урд, хойд хөршид яаж ч технологи хөгжсөн *Шүдэнзний үйлдвэрүүд*-ээ татан буулгаагүй үйлдвэрлэсээр байгаад учир бий шүү.

Харин манайх эсэргээрээ цахилгаан асаагуур руу мааарш болж байгаад л сэтгэл жаахан эмзэглэдэг юм. Оросын Спички шүдэнзний үнэ бүүр өсөөд нэг бүрийн үнэ нь 200 төгрөг болчихлоо. Айл гэр ч улс эх орон ч галын дөлөө өөдөө байлгаж муу бүхнээс хамгаалагддаг ёстой.

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Гал голомттой холбоотой цээрлэх ёсыг тоймлон хүргэж байна. Галаа дээдэлдэг айл бадарч дээшилч, үр удам үндэс угсаагаараа сайн сайхан явдаг номтой билээ. Галд хутга дүрэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархдана, хилэгнэнэ гэнэ.

Гал тахих үеэс галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочино гэнэ. Гал тахин архи, тос өргөх үеэс жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана. Галаар наадах, тоглохыг цээрлэнэ. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир, бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно.

Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ. Гал түүдэг хээр хөдөө асаагаад гүйцэд унтраахгүй байхыг цээрлэнэ. Зөрчвөөс түймэр тавина гэнэ. Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр сахиулган хилэгнэнэ гэнэ.

Гантай жил хуурай өвс, бут, модтой газар гал түлэх, түүдэг асаахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс гал алдана, түймэр тавина гэнэ. Зайлбаргүй асаах бол болгоомжтой сэрэмжтэй үйлдэнэ. Ганц мод бариад гэрт орохыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс модоо барьсан гуйлгачны шинж үзүүлэв муу хэмээнэ.

Гахай өдөр нүүхийг, гал таслахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өлзий бус болно гэнэ. Гахай өдөр шинэ үйл эхлэх, хийхийг цээрлэнэ.Зөрчвөөс үйлс бүтэл хазгай болно гэх буюу үхэл хагацал дайрна гэнэ. Голомтын галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ.Зайлна хэмээн үл шатаана.

Голомтын тулга, зуухны үнсийг бужигнуулах, самардахыг цээрлэнэ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын бэлгэ тэмдэг хэмээн монголчууд үздэг бөлгөө. Голомтын гал дээр ус асгахыг цээрлэнэ. Асгаваас гал голомт балрах муу ёр хэмээн жигшинэ. Ер гал, ус харшийн учир тийнхүү цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унтраах буюу бачуу хэрэг тохиолдвол “Галын бурхан та хөлөө татаарай” хэмээн хэлээд цээр арилгана.

ГАЛАА ШҮТЭХИЙН УХААНЫГ ЭРГЭН САНАХ БОЛТУГАЙ. АЙЛ ӨРХ БҮРИЙН ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ БАЙГ!

Эх сурвалж:  Монголчуудын цээрлэх ёсноос…Бямбадоржийн Саруул

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!