Home » Орчин цагт хүүхдүүд аав, ээж, ах, дүү, эгч гэхээс өөр үг бараг үл хэлэх болжээ. Төрөл саднаа нэрлэхүй ёсыг үр хүүхдүүдээ сургаж өгөөрэй.

Орчин цагт хүүхдүүд аав, ээж, ах, дүү, эгч гэхээс өөр үг бараг үл хэлэх болжээ. Төрөл саднаа нэрлэхүй ёсыг үр хүүхдүүдээ сургаж өгөөрэй.

by Aurora

Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Ураг төрлөө нэрлэх ёсыг хүргэж байна.  Аав, ээжүүд ураг төрлөө зөв нэрлэж дуудвал таны хүүхдүүд ч бага наснаасаа энэ бүхнийг мэддэг ойлгодог хэрэглэдэг болно.

Монголын түүхийн эртний сурвалж бичиг “Шар тууж”-д “Ер хүн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн мичтэй адил” гэж дурдсан нь монголчууд ураг удам, овог төрлөө мэддэг байхыг ихэд эрхэмлэж байсны тод баримт юм.

Монгол хүн бүр уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэж, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай. Тиймээс ч монголч эрдэмтэд монголчуудын ураг удам эш үндсийн тухай мэдлэгийг ихэд үнэлдэг билээ.
“Ах дүүгийн холбоотой, алаг бөөрийн сүлбээтэй”, “алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий”, “халуун махны тасархай, хавтгай ясны хэлтэрхий” гэж ураг удам, овог төрлөө хэзээнээс нааш мэдэж, хэлэлцсээр ирсэн.

Орчин цагт хүүхдүүд аав, ээж, ах, дүү, эгч гэхээс өөр үг бараг үл хэлж, заримдаа бүр хэл сураагүй хүн мэт этгээд зүйл өгүүлэх нь элбэг байдаг. Жишээлбэл: аав ээжийнхээ төрлийг “Манай аавын хамаатан, манай ээжийн садан” гэхээс өөрөөр хэлэхээ байжээ.

Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, махан төрөл, цусан төрөл гэж ялгагддаг бөгөөд ясан төрөл нь аавын төрөл, махан төрөл нь ээжийн төрөл, цусан төрөл нь үр хүүхэд юм. Ясан төрөл нь нэн дээрээс удамшилтай, эцгийн удам хэмээн үздэг.

Тэгээд ч удмаа тоолохдоо гарынхаа нугарах үеийг дагуулан дээш дооших үеэ тодорхойлдог байна. Ингэхэд тоологч хүн өөрийнхөө биеийг эхлэл (тэг) болгоод мөр суганы үеийг аав, тохойн үеийг өвөг аав, бугуйн үеийг өндөр өвөг, алганы үеийг элэнц эцэг, хурууны дунд үеийг хуланц эцэг, хурууны өндөгний үеийг элэн, хурууны үзүүрийг хулан хэмээгээд хумируулдаг.

Харин ээжийн тал нь цусан ойртохоос сэргийлэн ургийн баяр хийж, ах дүүгээ мэдэлцэн явдаг эртний уламжлалтай билээ. Ургийн бичиг хөтөлж, ургийн баяр хийх нь үр хойч, ах дүү хамаатан садангаа мэдээд зогсохгүй цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв арга юм.

Төрөл саднаа нэрлэхүй: Ураг төрлөө нэрлэх ёсон Аавын талыг АВГА, Ааваас тань дүү бол БАГА АВГА, Ааваас тань ах эгч бол ИХ АВГА, Ээжийн талыг НАГАЦ, Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ, Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ, Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ

·Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ, Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР, Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР, Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ. Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ_ДҮҮ. Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ. Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ

Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ. Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ.  Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ.  Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ. Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ. Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ. Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ. Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ.

Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ. Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ. Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ. Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ. Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ. Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ. Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ. Үүнээс цаашхыг ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монголчуудын ураг төрлөө мэдэх ёсон

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!