Гэгээрлийн эрэг дээр зогсч буй Бурхан багшийн дуу хоолой төөрөгдлийн далайд живж байгаа хүмүүсийн сонорт хүрдэггүй. Тиймээс Бурхан багш Өөрийн биеэр төөрөгдлийн далайд орж, хүмүүст туслахын тулд мутраа сунгасан юм. Нэгэн сургамжит домогт өгүүлснээр, эрт урьд цагт баян хүн амьдарч байжээ.
Нэг удаа гэрт нь гал гарчээ. Тэрбээр ажил хэргээр яваад эзгүй байсан тул буцаж ирээд галд автсан гэрээ үзжээ. Баян хүн галд автсан байшин дотор тоглож байсан хүүхдүүдээ дуудахад цаадуул нь гал гарсныг анзааралгүй
тоглосоор байлаа.
Эцэг нь хүүхдүүддээ хандаж хашгирсан нь: “Хүүхдүүдээ амиа аварцгаа! Наад байшингаасаа шалавхан гарцгаа!” гэхэд хүүхдүүд нь сонссонгүй. Айж сандарсан эцэг дахин хашгирсан нь: “ Хүүхдүүдээ би хөөрхөн тоглоом авчирлаа. Май, гарч ирээд авцгаа”.
Тоглоомын тухай сонссон хүүхдүүд шатаж буй байшингаас гүйн гарч аврагджээ. Бидний амьдрал шатаж буй байшин лугаа адил билээ. Гэвч хүмүүс байшин нь галд автсаныг эс анзааран, амь насаа алдах гэж буйгаа мэдэлгүй
шатаж буй байшиндаа амьдарч байдаг.
Иймээс Бурхан багш Дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлж, хүмүүсийг аврахын тулд бололцоотой
бүхнийг байнга хийдэг юм. Өөр нэгэн сургамжтай домогт өгүүлснээр, эрт цагт нэгэн баян хүний ганц хүү, эцгийн гэрийг орхин хорвоо ертөнцөөр хэрэн хэсч яваад золгүй явдалтай учирч ядуу хоосны туйлыг үзжээ.
Эцэг нь орон гэрээ орхиж, тэнэмэл хүүгийнхээ эрэлд гарчээ. Тэрбээр хүүгээ газар сайгүй хайгаад
хаанаас ч олсонгүй. Чингээд олон арван жил өнгөрөв. Ядуурч хоосорсон хүү нь баян чинээлэг эцгийнхээ сууж байсан хотод санамсаргүй очжээ.
Хүүгээ таньсан аав нь баярласандаа дэвхцэж, түүний араас зарцаа илгээв. Гэвч хүү хэлүүлсэнд нь үл итгэв. Хууртаж мэхлүүлэхээс айсан хүү нь аав дээрээ очсонгүй. Чингээд эцэг нь зарцаа дахин илгээж сайн хөлс төлье, манайд ирж ажиллаач хэмээн хэлүүлжээ.
Хүү нь энэ мэхэнд гэнэдэн зөвшөөрч аавынхаа гэрт зарц болов. Баян эцэг нь гэртээ ажиллаж буйгаа үл анзаарах
хүүдээ улам бүр хариуцлагатай ажил даалгаж, нэгэнтээ үнэт баялгаа хадгалсан агуулахын түлхүүр өгчээ. Тэгсэн ч хүү нь эцгийнхээ гэрт ажиллаж буйгаа ухаарсангүй.
Хүү нь дуулгавартай бөгөөд хөдөлмөрч болсонд эцэг нь учиргүй баярлаж байлаа. Тэрбээр удалгүй амьсгал хураах цаг ирэхийг мэдэж, нэг өдөр төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхноо дуудан цуглууж хэлсэн нь: “Энэ хүү минии төрсөн үр юм.
Олон жилийн турш эрж хайсан хүү минь юм. Энэ мөчөөс эхлэн хураасан бүх эд баялаг минь түүнд шилжин очно” гэв. Үүнийг сонссон хүү гайхаш алдаж: “Би бээр эцгээ олоод зогссонгүй, санаандгүй энэ бүх баялгийн эзэн болдог байж” гэв.
Брхан багшийг, төөрсөн хүү нь нийт хүмүүсийг төлөөлж байгаа юм. Эцгийн хайр нь цорын ганц хүүдээ хандсан лугаа адил бурхан багшийн нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэл нь энэ газар дэлхий дээрх бүх хүнд хандана. Бурхан багш хүн бүрийг хүү шигээ бодон сургаж, гэгээрэхийн баялгийг өгч баян болгодог юм.
Бүх хүмүүсийг хүү шигээ хайрладаг Бурхан багшийн Дээд зэргийн энэрэнгүй сэтгэл бүгдэд ижил оногдох боловч, хүн бүрийн зан араншин өөр байх лугаа адил тэднийг аврах арга зам ч өөр буй. Зүйрлэвэл, бороо нь бүх өвс ногоо, мод цэцгийг ижилхэн усалдаг боловч өвс ногоо, мод цэцэг бүр түүнээс өөрийн хувийг янз янзаар хүртэх бүлгээ.
Эцэг эх хичнээн ч олон үр хүүхэдтэй байсан, цугааранд нь адил тэгш, ойр дотно ханддаг. Тэдний дундаас нэг нь өвдөж зовбол түүнийг бусдаас илүү хайрлах бүлгээ. Үүн лүгээ адил Бурхан багшийн дээд зэргийн энэрэнгүй сэтгэл бүгдэд ижилхэн хүрэх боловч, Хүнд хүчир нүгэл үйлдэж, мунхгаасаа болж зовж шаналж буйг нь Тэрбээр илүү хайрлаж,илүү энэрдэг юм.
Нар зүүнээс мандахдаа харанхуйг сарниаж, газар дээр буй бүхэнд гэрлээ тэгшхэн хүртээж тэтгэх адил Бурхан багш хүмүүсийн дунд орж нүглийг арилган, буяныг дээдлэн үржүүлж оюун ухааны гэрлийг түгээж, мунхгийн харанхуйг арилгаж, хүмүүсийг гэгээрэх зам мөрд хөтөлдөг юм.
Бурхан багш бол халамжит эцэг, нигүүлсэнгүй эх юм. Бурхан багш нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлийн үүднээс энэ дэлхийн бүх хүний сайн сайхны тулд хүчин зүтгэдэг юм. Бурхан багшийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл үгүйгээр хүмүүс яагаад ч аврагдаж чадахгүй. Хүмүүс цугаараа Бурхан багшийн хүүхэд тул өөрсдийг нь аврахаар сунгасан Бурхан багшийн мутарт мөргөх хэрэгтэй.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном