Home » Зовлонгоос салахын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь зөв үзэл, зөв бодол, Зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.

Зовлонгоос салахын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь зөв үзэл, зөв бодол, Зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.

by Aurora

Энэхүү хүний ертөнц зовлон зүдүүрээр дүүрэн. Амьдрах нь зовлон, өтлөх нь зовлон, өвдөх нь зовлон,
үхэх нь зовлон. Дургүй хүргэх хүнтэй учрах нь зовлон, хайртай хүнээсээ хагацах нь зовлон. Хүссэндээ хүрэхгүй бол мөн адил зовлон. Аливаа юманд дасах нь зовлон. Энэ бол зовлонгийн үнэн юм.

Ахуй орчлонгийн зовлон зүдүүр, хүний санаа сэтгэлд цөмрөн ордог тачаал шуналаас үүддэг нь эргэлзээгүй. Ертөнцийн тачаалын үндэс шунал нь асар хүчтэй хүслэнгээс ургана. Энэхүү шунал амьдралд учиргүй дассанаас үүднэ. Нүд харж, чих сонсож буй бүхнийг хүн хүсч эхэлдэг. Тэр ч бүү хэл, үхэхийг ч хүсэх нь буй. Энэ бол зовлонгийн учир шалтгааны үнэн юм.

Хэрэв ертөнцийн тачаал шуналын бүх үндэс язгуурыг устгаж, дасаж дадсанаасаа салж ангижирвал зовлон арилна. Энэ бол зовлонг дарж устгахын үнэн мөн. Зовлонгоос салахын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь зөв үзэл, зөв бодол, Зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.

Энэхүү цангааг тайлагч найман мөрийг зөв замын үнэн хэмээнэ. Энэ ертөнц зовлонгоор дүүрэн тул эдгээр үнэнийг гүн гүнзгий ухаарваас зохино. Зовлон зүдүүрээс хагацахын тулд хорвоогийн тачаал шуналаас салах хэрэгтэй. Шунал тачаалаас ангид байдалд зөвхөн гэгээрснээр хүрч болно. Гэхдээ энэхүү наймтын замыг л дагавал гэгээрнэ.

Номыг дагасан хүн энэхүү дөрвөн ариун үнэнийг ухаарах ёстой. Эдгээрийг ухаараагүй нь харанхуйд удтал төөрнө. Эдгээр ариун үнэнийг ухаарсан хүнийг гэгээрсэн гэж дуудна. Бурхан багшийн сургаалыг дагахыг хүссэн хэн бүхэн хүч чадлаа шавхан энэ дөрвөн ариун үнэнийг зөв ухаарваас зохино.

Ямар ч цаг үед аливаа ариун явдалтан үнэхээр ариун сэтгэл юутай бол эдгээр үнэнийг ухаарч, бусдад номлоно. Хүн эдгээр дөрвөн ариун үнэнийг ухаармагц анх удаа хүсэл шуналаас ангижирч, хүмүүстэй маргалдахаа больж, бусдын амь насанд халдах, хулгай хийх, буруугаар хурьцах, хуурч мэхлэх, харааж загнах, бялдуучлах, атаархах, уурлаж

Уцаарлахыг орхиж, оршихын мөнх бусыг ямагт санаж, зөв замаас хазайж хэлтийхгүй болно.  Номыг дагавал харанхуй өрөөнд бамбар асааж орсон хүнтэй адил буюу. Түнэр харанхуй сарнин замхарч эргэн тойрон гэрэл гэгээ түгнэ.

Хэрэв Номыг дагаж буй хүн дээрх дөрвөн үнэнийг ухаарвал, мунхагийн харанхуйг арилгагч оюун ухааны зулыг олно. Бурхан багш зөвхөн энэ дөрвөн үнэнийг зааж, хүмүүсийг зааж сургадаг.Түүний сургаалыг зөв хүлээн авсан хүн эдгээр үнэний ачаар энэхүү мөнх бус ертөнцөд гэгээрч, өөрөө бусад хүмүүсийг хамгаалж, тэдний түшиг тулгуур болно.

Учир нь эдгээр үнэнийг ухаарснаар ертөнцийн шунал тачаалын эх булаг болсон харанхуй мунхгийг
арилгана. Эдгээр дөрвөн үнэнийг ачаар Бурхан багшийн шавь нар бүх ном сургаалыг эзэмшиж, ертөнцийн бүх үнэнийг ухаарагч оюун ухаан болон бодь чанаруудыг олно.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!