Home Амьдралын хэв маяг Эрүүлийг хүсвэл эрүүл ходоодыг хүс, эрүүл ходоодыг хүсвэл эрүүл шүдийг хүс

Эрүүлийг хүсвэл эрүүл ходоодыг хүс, эрүүл ходоодыг хүсвэл эрүүл шүдийг хүс

by Aurora

Эрүүлийг хүсвэл эрүүл ходоодыг хүс, эрүүл ходоодыг хүсвэл эрүүл шүдийг хүс…Бидний биед бие биенээсээ үл хамааран орших хоёр мэдрэлийн төв байдаг. Эхнийх нь тархи. Харин хоер дахь нь хоол боловсруулах систем болох ходоод, нарийн бүдүүн гэдэс буюу товчоор “гэдэс” юм.

Үүнийг бид бүгд ямар нэг хэмжээгээр мэдэрсэн байдаг. Жишээ нь шалгалтын өмнө ходоод гэдэс эвгүйрэх, эсвэл хэн нэгэнтэй багагүй сэтгэл хөдлөлтэй ам муруйсны дараа гэдэс базалж гүйлгэх зэрэг. Үүнийг дорно дахины анагаах ухаанд эртнээс мэддэг, эмчилгээнд ашигладаг байсан.

Харин сүүлийн жилүүдэд зарим орчин цагийн эмч судлаачид нарийвчлан судалж тодорхой дүгнэлтүүдийг гаргаж байна. Dr Michael Gershon (Columbia University Medical Center)-ы судалгаагаар ходоод, нарийн бүдүүн гэдэсний хананд тархинд байдагтай яг ижил бүтэцтэй мэдрэлийн эсээс тогтсон шигүү торлог бүтэц байдаг ба ойролцоогоор 100 сая орчим мэдрэлийн эс байдаг байна.

Энэ нь тархинаас бага боловч нугасанд байх мэдрэлийн эсээс хамаагүй их тоо юм. Үүнийг хоол тэжээлийг боловсруулж шингээх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн зэрэг маш нарийн төвөгтэй процессийг удирдахтай холбон тайлбарладаг.

Түүнчлэн сэтгэц мэдрэлийн олон эмгэг өвчин, сэтгэл зүйн байдал нь хэвлийн хөндийн өвчлөлүүдтэй холбоотойг нарийвчлан судалжээ. Хамгийн сонирхолтой нь “гэдэснээс” тархи руу илгээж буй мэдрэлийн дохио нь 90% байхад тархинаас “гэдэс” рүү ердөө 10% байдаг байна.

Уг эмчийн үзэж буйгаар хэвлийн хөндийн өвчлөлүүд нь бидний сэтгэл санааны байдал, хямралаас хамаарахаас илүүтэй, хоол боловсруулах системийн өвчин эмгэг нь сэтгэл санаа, сэтгэц мэдрэлд илүү хүчтэй нөлөөлөл үзүүлдэг бна. Ийм ч учраас “гэдсийг” хоёр дахь тархи хэмээн нэрийдэх болж…

Үүнийг дорно дахины анагаах ухаанд эртнээс мэддэг байсан жишээ олон бий. Хамгийн наад зах нь өглөө эрт туулай цагт (5-7) босч бие засаж дадах нь ухаан санаа саруул тунгалаг, бие эрүүл байх үндсийн нэг хэмээсэн нь бий. Энэ нь хаягдал бохирыг өдөржин тээж явалгүй гаргаж сурах нь олгой (бүдүүн гэдэс) эрүүл байх, олгой эрүүл байх нь толгой саруул байхын үндэс болохыг сануулж буй хэрэг.

Эдгээрийг дурдахын учир нь хоол боловсруулах эрхтэн систем маань эрүүл цэвэр байх нь сэтгэл санаа, ухаан бодол маань саруул тунгалаг, өөдрөг байх үндэс болдог гэдгийг дахин сануулах гэсэн юм. Харин ходоод гэдэс маань ямар байх нь юугаар бас хэрхэн хүнслэж байгаагаас шууд хамаардаг гэдгийг бүгд мэднэ.

Healthy Eating Pyramid Poster – Stock Illustration [23337432] – PIXTA Бас гэгээрэлд хүрэх зам ходоодыг дайрдаг гэж ярьдаг. Нэмж сонирхуулахад (зүү тавих аргаар голчлон эмчилгээ хийдэг хүний хувьд) хэвлийн зүү буюу abdominal acupuncture хэмээх бие даасан системийг хятад болон Европын олон улс оронд хэрэглэх болсон.

Зүү эмчилгээний олон систем байдаг. Арга билгийн зүү, чихний, толгойн, бас зөвхөн гарын сарвууны цэг сүвүүдэд зүү тавих арга ч гэж байдаг. Таван махбодийн зүү, тэнцвэржүүлэх арга гэх мэт олон сайн арга техникууд байдаг. Дээр хэлсэн хэвлийн зүүний арга нь бие дааж эмчилгээ хийхэд маш хурдан үйлчилгээ үзүүлдэг ба өөр аргуудтай хавсарч буй тохиолдолд үндсэн эмчилгээг маш сайн хүчжүүлж, дэмжиж өгдөг.

Уг аргыг хэрэглэдэг эмч мэргэжилтнүүд мөн л “хэвлий” бол хоер дахь тархи хэмээн ярих дуртай байдаг. Хэвлийн зүү тавихад өвдөлт маш хурдан намддаг ба сайхан тайвшруулж чаддаг. Биеийн аль ч хэсгийн өвдөлт зовиурыг арилгаж чаддаг бас хатгахад өвдөлт от мэдрэгддэггүй зэрэг олон сайн талтай байдаг.

Товчхондоо ходоод гэдэс маань эрүүл, хоол боловсруулах чадвар чадамж сайтай байж гэмээ нь бусад олон өвчин эмгэгээс зайлсхийх боломжтой бөгөөд эрүүл саруул урт наслаж удаан жаргах үндсийн үндэс эрүүл ходоод юм шүү. Эрүүлийг хүсвэл эрүүл ходоодыг хүс, эрүүл ходоодыг хүсвэл эрүүл шүдийг хүс гэдгийг мартаж үл болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!