Home » Нарнаас бүү зугт, ялангуяа үдээс өмнийн нарнаас…

Нарнаас бүү зугт, ялангуяа үдээс өмнийн нарнаас…

by Aurora

Нарны тусах өнцөг ихсэж буй нь нарны шил зүүх цаг ирж буй олонхийн хувьд. Наранд онийж, нүүрээ үрчийлгэхээс сэргийлж, машин барих үедээ аюулгүй байдлын үүднээс, эсвэл зүгээр л үнэтэй ганган шил зүүж хээнцэрлэх г.м янз бүрийн л хэрэгцээ шаардлага байдаг.

Гэхдээ бас жаахан мэдээлэл илүүдэхгүй болов уу. Юуны түрүүнд бид байгалийн бүтээгдэхүүн. Дэлхий дээр амьдарч буй бүхий л амьд организмын адил үндсэн хуулинд захирагдан оршдог. Амьдрал түгээгч, тэтгэгч энергийн эх сурвалж болсон нарнаас бүгд хамааран амьдардаг. Нарнаас хамаарсан биологийн цаг амьд организм бүхэнд бий. Ө.х нар бол үндсэн хууль гэж ойлгож болно.

Хүний хувьд нарны тусгалаас хамаарч биеийн бүхий л эд эс хэвийн үйл ажиллагаа явуулж, эрүүл оршдог. Хөгжлийн түвшнээс хамаарч бид байгалийн гэрэл болон бусад нөлөөллөөс ихээхэн ангид амьдрах болж. Ө.х биднийг тэтгэгч эх сурвалжаасаа холдсоноос болж маш их асуудал үүсэж байгаа.

Биеийн бүх эд эрхтэн, эсүүд нарны тусах хүчнээс хамаарч идэвхжил болон амрах өөрсдийн цагт захирагддаг. Үндсэн биологийн цаг маань тархинд орших бөгөөд тархинаас бүх эсүүдэд, эрхтэнүүдэд мэдээлэл очсоноор өөр өөрийн цагт зохих даавруудаа ялгаруулж, бид сэргэх ёстой үедээ сэргэж, тайвширч амрах үедээ амарч эрүүл саруул амьдрах үндсэн нөхцөл хангагддаг.

Яг энэ энгийн зарчим хэр их зөрчигдөж байгаагаас болж орчин цагийн олон эмгэг, өвчлөлүүд үүсэх болсон ба мэдээж энэ нь цорын ганц том шалтгаан биш боловч тэр бүр яригддаггүй томоохон суурь нөхцөл болдог гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.

Тархин дах биологийн цаг маань зөвхөн нүдээр дамжуулан дохиолол аваад бусад эрхтнүүдийн идэвхжил болон амрах үечлэлийг зохицуулж бдаг. Бид харанхуй үед унтаж, гэрэлтэй үед бие хамгийн өндөр идэвхжилтэй байх ориг тохируулгатай.

Харин орой үдшийн цагаар, байгалийн цагаар бидний бие амарч байх ёстой үедээ бүгд гар утас, ТВ, төрөл бүрийн дэлгэцүүд ширтээд суухад тэрхүү хиймэл цэнхэр туяа нь тархинд байнга өдөр болж байна гэсэн сигнал өгч байгаа гэсэн үг. Энэ нь стрессийн даавар ялгаруулах бөөрний дээд булчирхайг тогтмол өндөр ачаалалд байлгаж байгаа хэрэг юм. Энэ нь байнга, удаанаар давтагдсанаар аажим тэрхүү булчирхайгаа “шатаадаг”.

Мөн бамбай булчирхай ч дэлгэцийн хиймэл цэнхэр туяаг шууд шингээж авдаг (арьсан доор хамгаалах давхарга бараг байхгүйтэй адил) ба ингэснээр түүнийг бас л хямраадаг. Шөнийн даавар гэгдэх мелатонин нь бас л цэнхэр туяанаас болоод ялгаралт нь багасдаг. Иймээс бид гүн амарч чадахгүй, өглөө сэргэх нь битгий хэл улам бие хүндэрч ядарсан босож ирдэг.

Бас шижин өвчин ч биологийн цаг алдагдсанаас үүдэж үүсээд байгааг судалгаа харуулж байгаа. Тэгэхээр дэлгэцийн цэнхэр туяанаас хамгаалах шилийг оройн цагаар, ажиллаж байхдаа хэрэглэж занших нь чухал. Харин байгалийн гэрэл, нарны тусгалаас бид зайлсхийх нь бас л өөрсдийгөө хорлож буй хэрэг юм.

Учир нь нарны эрчим хангалттай байж л боргоцой булчирхай маань мелатониноо хуримтлуулж эхэлдэг. Тэгж хангалттай хуримтлуулснаар харанхуй болмогц тэр хэрээр ялгаруулдаг. Иймээс өдрийн цагаар аль болох нарны шил бага зүүж, өөрийн дотоод энергиэ цэнэглэх чухал процессийг зориудаар сааруулахгүй байх хэрэгтэй.

Өдрийн хамгийн чухал үе, биед гэрлийн нөлөөгөөр бүх чухал дааврууд хуримтлагддаг цаг нь өглөө 6-12 цагийн хооронд байдаг. Тиймээс ядаж энэ үед ( нарны тусгал ч тийм хурц биш байдаг) шил зүүхгүй байх нь чухал. Нэмж хэлэхэд үд хүртэл унтдаг, шөнө дундаас хэтэртэл суудаг хүмүүс хэдийгээр нарны шил зүүдэггүй боловч мөн л нойр муутай, сэтгэл гутрал, мигрень, бамбай булчирхайн өвчлөл зэрэгт өртөмхий байдаг бна.

Мөн өглөө эрт босдог орой 22 цагаас өмнө орондоо ордог байсан ч ажлын байр нь битүү, дан Led буюу хиймэл гэрэлтүүлэгтэй газар ажилладаг хүмүүс хүртэл дээрх эмгэгүүдэд нэрвэгддэг байна. Ингээд бодохоор нарны гэрэл илч бидэнд ямар их тустай нь жаахан ч гэсэн ойлгогдох байх.

Бидний уур уцаар ихтэй байгаа нь мэдээж нийгмийн таагүй олон ү.я аас хамааралтай нь үнэн хэдий ч бас дээрхийг мэдэхүйн улмаас үүсэх стресс ч багагүй л байгаа шүү. Мартсанаас нээрээ Польшид Eyeshield хэмээх брэндийн хамгаалах шил байдгийг саяхан олж мэдсэн ба тиймэрхүү зориулалттай шил гэхдээ сайн чанарынх хаанаас ч олж авах боломжтой байх. Товчдоо нарнаас бүү зугт, ялангуяа үдээс өмнөх нарнаас…

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!