Бурхан багшийн сургаал зарлиг. Гэгээрэхэд тэмүүлсэн хүн бие, хэл, сэтгэлээр үйлдэж буй үйлээ ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй.
Хүний сэтгэлийн таван хор. Хүний мөн чанар бол БИЕ, СЭТГЭЛ хоёрын нийлбэр юм. Хүний сэтгэлийн таван хорын талаар хэдэн зүйлийг сануулъя. Бурхан багш сэтгэлийн таван хорыг тэвчиж чадвал бүгд бурхан гэж айлдсан байдаг. Сэтгэлийн таван хор:
- Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадрана.
- Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга бодогдож, хүсүүлж, мөрөөдүүлж байдаг.
- Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь хардаг, боддог. Зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг буруу үзэл юм.
- Омог бол уурын дүү. Доошоо хүндээ омогдоно, дээшээ хүндээ атаархана.
- Атаархал бол шуналаас үүдэлтэй.
Биеэр үйлдэж буй үйлээ ариун байлгах нь
- амьтны амь үл таслах,
- Хулгай үл хийх,
- Буруу үл хурьцах гэсэн ёс юм.
Хэлний үйлийг ариун байлгах нь
- худал үл хэлэх,
- үл хараах,
- хоёр нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг.
Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь
- Үл шунах,
- Үл уурлах,
- Эд юмсыг буруу үл харах хэрэг билээ.
Хэрэв сэтгэлд хир суувал ажил үйлс бузартаж, зовж зүдрэхээс зайлах аргагүй болно. Тиймээс санаа сэтгэлээ ариусгаж, аливаа үйлд биеэ барих нь чухал.