Home » Ухаалаг төрсөн нь урьд төрөлдөө судар уншиж Бурханы алдрыг магтан дуудаж байсны шалтгаан болой.

Ухаалаг төрсөн нь урьд төрөлдөө судар уншиж Бурханы алдрыг магтан дуудаж байсны шалтгаан болой.

by Aurora

Язгууртны хөвгүүн язгууртны охид минь хичээнгүйлэн сонс, гурван төрлийн шалтгаан үрийн судрыг айлдан номлосу !

Гурван төрлийн шалтгаан үр хэмээгч бага хэрэг бус тул Бурханы айлдсан үнэн зарлигийг хэрхивч хөнгөлж эс болмуй.

Энэ насанд хэргэм зэрэгтэн болдог нь урьд төрөлдөө Бурханы шуумал хөргийг алтдаж байсны шалтгаан болой. Урьд төрлийн үйлдсэн үрийг энэ төрөлд амсах тул торгон хувцас хасын бүсийг гагц Бурханы өмнө залбиран гуйгтун! Бурханы шуумлыг алтдах хэмээх нь өөрийгөө алтадсанаас өөрцгүй. Түүнчлэн ирэгчийг гоёж чимэх нь өөрийгөө чимсэнтэй адил Ноён хэргэмийг олдохуйяа амар гэж бүү хэлэгтүн

Урьд төрөлдөө үйлдсэн буяны үр бус бол өөр хаанаас ирэх вэ? Агт хөлөглөж жуузнаа залрах нь урьд насандаа гүүр барьж зам тавьсаны шалтгаанаас үүдэлтэй болой. Торго дурдан өмсөж эдлэх нь урьд төрөлдөө ядуу хоосон хүмүүст хувцас хунарын өглөг өгсөний шалтгаанаас үүдэлтэй хэрэг болой.

Идэж өмсөхөөр элбэг хангалуун байгаа чинь урьд төрөлдөө ядуу хоосон хүмүүст цай хоолны өглөг өгсөний шалтгаанаас үүдэлтэй бөлгөө. Идэх өмсөхөөр дутуу гуцуу байх нь урьд төрөлдөө бусдад сохор зоос хялайлгадаггүй байсны шалтгаанаас үүдэлтэй бөлгөө.

Өндөр байшин том асарт заларч байгаа чинь урьд төрөлдөө сүм байгуулж сэрүүн асар цогцлоосны шалтгаанаас үүдэлтэй бөлгөө. Буян хишиг арвижин дэлгэрч байгаа нь урьд төрөлдөө сүмийн үүдэнд будааны өглөг өгсөний шалтгаан болой.

Царай зүс ихэмсэг сайхан төрөх нь урьд төрөлдөө Бурханы өмнө цэцэг өргөж байсны шалтгаан болой. Ухаалаг төрсөн нь урьд төрөлдөө судар уншиж Бурханы алдрыг магтан дуудаж байсны шалтгаан болой. Гувай сайхан эхнэртэй болох нь урьд төрөлдөө Бурханы шажин лугаа арвин барилдлага тогтоосны шалтгаан болой. Эхнэр нөхөр хоёр урт наслах нь урьд төрөлдөө Бурханы өмнө шүхэр дуазыг босгож байсны шалтгаан болой.

Эцэг эх лүгээ хамт байгаа нь урьд төрөлдөө өнчин өрөөсөн хүмүүнийг хүндлэн тэтгэж байсны шалтгаан болой. Эцэг эхээс эрт өнчрөх нь урьд төрөлдөө шувуу агнаж байсны учир шалтгаанаас улбаатай бөлгөө. Үр ач нараар өнөр өтгөн байгаа чинь урьд төрөлдөө торонд хоригдсон шувууг тавьж байсны шалтгаан болой. Төрүүлсэн үр хүн бололгүй энддэг нь урьд төрөлдөө нялх ургийг зулбуулж байсны шалтгаан болой.

Энэ насандаа үр үндэс тасрах нь урьд төрөлдөө ан амьтны нүхийг битүүлэн агнаж байснаас үүдэлтэй болой. Энэ насандаа урт удаан насладаг нь урьд төрөлдөө мал адгуусыг сэтэрлэн өршөөж байсны шалтгаан болой. Энэ төрөлдөө нас турхруу богино байдаг нь урьд төрөлдөө амьтны амь хөнөөж байсны шалтгаан болой. Энэ насандаа эхнэргүй гоонь байгаа чинь урьд төрөлдөө бусын эхнэр лүгээ буруу хурьцснаас үүдэлтэй бөлгөө.

Энэ насандаа бэлбэсрэн үлдэж байгаа нь урьд төрөлдөө нөхөр сүүдрээ доромжлон дарлаж байсны шалтгаан болой. Энэ насандаа боол шивэгчин болсон нь урьд төрөлдөө ачийг умартаж журмыг тэрслэснээс үүдэлтэй болой. Энэ төрөлдөө нүд хурц байгаа нь урьд төрөлдөө Бурханы өмнө байнга зул шатаасны шалтгаан болой. Энэ төрөлдөө нүд сохор харалган болдог нь урьд төрөлдөө бусдад зам мөрийг хайнга заасны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа сэтэрхий уруултай төрдөг нь урьд насандаа Бурханы өмнөх зулыг үлээж унтрааж байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ төрөлдөө хэлгүй дүлий болж төрсөн нь урьд төрөлдөө эцэг эхийгээ эвгүй муухай үгээр харааж загнаж байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа бөгтөр болж төрсөн нь урьд төрөлдөө Бурханд мөргөж залбирч байгаа нэгнийг элэглэн шоолсоны шалтгаанаас үүдэлтэй. Энэ насандаа тахир татуу болдог нь урьд төрөлдөө муу санаалан бусдыг хорлож байснаас үүдэлтэй.

Энэ насандаа доголон төрдөг нь урьд төрөлдөө бусдын замыг тосон дээрэм хийж байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа үхэр морь болон төрдөг нь урьд төрөлдөө бусдын өрийг луу унжиж байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа гахай нохой болон төрдөг нь урьд төрөлдөө бусдыг хууран мэхлэж байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа өвчин эмгэгт баригддаг нь урьд төрөлдөө бусдын амь насыг хохироож байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа өвчин эмгэг бага тусдаг нь урьд насандаа бусдад эм тан өргөж өвчтөнг аварч байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа орон шоронд сууж байгаа нь урьд төрөлдөө гэм нүгэл үйлдэж бусдыг хорлож байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа өлсөж үхдэг нь урьд төрөлдөө таван зүйл амууг сүйтгэж байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа хордож үхдэг нь урьд төрөлдөө хүн амьтанг хордуулж байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа ганц бие зовж шаналдаг нь урьд төрөлдөө муу санаагаар бусдыг чадаж байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Элгэн садангаараа энх жаргалтай байдаг нь урьд төрөлдөө өнчин өрөөсөн хүмүүсийг өргөж тэтгэж байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа галзуу солио өвчин тусдаг нь урьд төрөлдөө лам хуврагийг архи махаар шахаж байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа боомилж үхдэг нь урьд төрөлдөө ой хөвчид бусдыг дээрэмдэн тонож байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Энэ насандаа гон бие гозон толгойлж явдаг нь урьд төрөлдөө бусдад атаархан хорсож байсны шалтгаанаас үүдэлтэй болой.

Энэ насандаа аянганд ниргүүлж үхдэг нь арилжаа наймаан дээр ямагт жин бангаар бусдыг хохироож байсны шалтгаанаас үүдэлтэй болой. Могой барсад хазуулж шархдаж байгаа нь урьд төрлийн өшөөтөн дайсан лугаа учирч байгаа хэрэг болой. Түмэнтээ үйлдсэн үйлийн үрийг өөрөө амсаж байгаа болохоор тамын зовлон амссаны төлөө бусдад гомдохын хэрэг юун.

Шалтгаан үрийн биелэл хаана байна гэж бүү хэлээрэй. Алсдаа гэвэл ач үрд ойр дөхөм гэвээс өөрийн биед тусах бус уу? Үл итгэх бөгөөс цагаан хоол идэж бясалгал номд шамдаад үз. Тэгэх бөгөөс гагц буянтан хүмүүсийг олж үзэх болно.

Урьд насанд буян хурааваас энэ насанд үрийг нь амсмуй. Энэ насанд нүгэл үйлдвээс хойд төрөлдөө уналд оръюу. Хэн нэгэн хүн шалтгаан үрийн энэ судрыг муушаан гутааваас хойд төрөлдөө гурван муу заяанд унах тавилантай. Хэн нэгэн хүн харин энэхүү шалтгаан үрийн судрыг уншиж шүтэж явах бөгөөс сайн үр лүгээ учрахыг нь хамаг Бурхан Бодисатва нар батлах болмуй.

Хэн нэгэн хүн шалтгаан үрийн судрыг хуулан бичиж бусдад түгээвээс үеийн үед үр ач нарын буян нь өрнөн дэлгэрч байх болно. Хэн нэгэн хүн энэхүү судрыг орой дээрээ дээдлэн тахиж байх бөгөөс гай барцад аюул хөнөөл түүний биед эс халдмой. Хэн нэгэн хүн энэхүү шалтгаан үрийн судрыг бусдад тайлбарлан таниулж байх бөгөөс үеийн үед үрийн үрд сэцэн мэргэн болмуй.

Хэн нэгэн хүн энэхүү шалтгаан үрийн судрын ач тусыг бахдан өгүүлж байх бөгөөс ирэх хойд төрөлдөө хүмүүн заяаг олж бусдын хүндлэлийг хүртмүй. Хэн нэгэн хүн энэхүү шалтгаан үрийн судрыг хэвлэж олшруулж түгээх бөгөөс эрхэм баян, алдар гавьяа бүхнийг ирэх хойд төрөлдөө эдлэх тавилантай.

Хэн нэгэн хүн шалтгаан үрийн энэхүү судрыг дээдлэн залж байх бөгөөс санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай. Хэн нэгэн хүн энэхүү шалтгаан үрийн сударт чин сүжиглэж чадах бөгөөс Авид Бурханы оронд залрах нь тодорхой. Гурван төрлийн шалтгаан үрийн талаар тоочин өгүүлэвч баршгүй.

Дээд тэнгэр сайхан сэтгэлт хүмүүнийг лав гомдоохгүй. Хотол олноороо буяны үйлсэд шамдаж энэ судрыг бусдад дэлгэрүүлэн таниулах бөгөөс буян хишгийн тань од гийх нь тодорхой. Нэг хүн аравт, арван хүн зууд тархаан түгээж шалтгаан үрийн ёсыг нэвтэрхий таньсан буяны садангууд болох болтугай!

БУРХАН БАГШИЙН АЙЛДСАН ШАЛТГААН ҮРИЙН СУДАР

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!