Home » Өөрийгөө өөрөөсөө л асуу. Хэн нэгний хэлсэн хэдхэн үг таныг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс таныг жаргалд аваачдаг уу?

Өөрийгөө өөрөөсөө л асуу. Хэн нэгний хэлсэн хэдхэн үг таныг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс таныг жаргалд аваачдаг уу?

by Aurora

Хэн нэгний хэлсэн хэдхэн үг таныг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс таныг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь таныг зовоож, хэн дуртай нь таныг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу?

 

Өөртөө эзэн нь байж сур л даа. Хэдий болтол тоглоом шиг амьдрах гэсэн юм. Бусад чам руу дайрч давшилж байгаа чинь тэр хүний л араншин шүү дээ. Чамд ямар хамаатай юм. Уурлаж бухимдалгүй тэр хүн өөрөө яаж зовж байгааг нь хараад өрөвд л дөө.

Өөр нэгэн хүн чамайг магтвал онгирч дэвхцэлгүй бусдыг дандаа сайнаар хардаг буянтан юм байна гэж түүнийг бишир л дээ. Магтууллаа гээд чи юу хожих юм. Магтуулахгүй байлаа гээд чи юу алдах юм. Өөртөө эзэн нь байж хүсвэл уурлаж, хүсэхгүй бол уурлахгүй байж, хүсвэл нисэн дүүлж хүсэхгүй бол тайван амгалан байж сурах сан.

Таных үнэхээр зөв болов уу? Таны зөв гэж бодож байгаа зүйл чинь буруу байх тохиолдол маш олон байдаг. Өдийг хүртэл зөв гэж итгэж дагаж мөрдөж байсан үзэл тань буруу байсан гэдэгт та итгэхийг ч хүсдэггүй. Хэрвээ итгэчихвэл өнгөрсөн бүх үйл хэрэг тань салхинд замхарч та хэн ч биш болчих гээд байдаг тул ямар нэг байдлаар үзэл бодлоо хамгаалж буруу биш зөвийн сэжүүр ч болтугай байсан гэж өөртөө итгүүлж өөрийгөө аварч тайвшруулахыг хичээдэг.

Заримдаа буруу байж гэж мэдсэн ч буруугаараа дуусахыг хүсдэг. Яагаад гэвэл нөгөө нэг бусдын өмнө итгэлтэй байдал ихэмсэг зан, хичээл зүтгэлээсээ ухарч няцаад хэн ч биш болохоос ичдэг. Ингээд гаднаа дүр эсгэн дотроо шаналан явдаг.

 

Миний буруу байжээ уучлаарай гэж хэлээд өөрчлөгдөх зориг ухаантнуудад л байдаг. Зөв гэж бодсон буруу хамгийн аюултай байдаг тул өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ дахин нэг тунгаан бусдын нүдээр хараад үзэхэд илүүдэхгүй шүү. Таны бодож байгаа чинь үнэхээр зөв болов уу?

Өөрийгөө өөрөөсөө л асуу. Мэргэчин төлгөчин, сэтгэл зүйч, үзмэрч гээд л өөр хэн нэгнээс бид өөрсдийгөө асуугаад л явдаг. Яагаад бид өөрийгөө бусдаас асуугаад байдаг юм бэ? Өөрийгөө бусдаас асууна гэдэг өөртөө итгэлгүй хүний шинж. Өөрийгөө мэдэхээ байсан үед л бусдаас өөрийгөө асуух хэрэгцээ гардаг.

Өөрийгөө мэдэж эхэлснээр асуух шаардлагагүй болдог. Бусдад толгойгоо мэдүүлэгсэд боол байх л тавилантай аж. Тэдэнд хааны суудал хүртээлгүй. Үнэндээ хичнээн мэргэн үзмэрч, таныг сайн мэдэх дотны хүн чинь ч байсан таныг таниас өөрөөс чинь илүү мэдэх хүн гэж үгүй.

Тэднээс өөрийн чинь талаар юу гэж бодож явдгийг нь л мэдэх боломжтой болохоос өөрийгөө хэн гэдгийг тэд нараас мэдэх боломжгүй. Бусад хүмүүс чамайг гаднаас чинь л харж, үг үйлдлээр чинь л дүгнэхээс биш сэтгэл рүү чинь өнгийж чадахгүй.

 

Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө байнга анзаарч сурах шаардлагатай. Ямар үед би уурлаж байна? Юун дээр бухимдаад байна? Ямар муу зуршил чамайг дарангуйлаад байна? Юунд хэтэрхий автаж шунаад өөрийгөө зовоогоод байна гэж өөрөөсөө асуу? Чамд асуулт байгаа бол хариулт чиний дотор л байгаа. Гарц ч чиний дотор л байгаа. Өөрийгөө өөрөөсөө л асуу!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!