Home » Буяны үр…

Буяны үр…

by Aurora

Бурхан багш ба бич. Эрт цагт, Бурхан багшийг амьд ахуй цагт болсон явдал юм гэнэ. Нэгэн баян Бярман юугаар ч дуталгүй элбэг хангалуун амьдардаг юмсанжээ. Гэвч тэр үр хүүхэдгүй байв. Тэрээр эд хөрөнгөө хэнд үлдээж нүд анихав хэмээн ихэд санаа зовох болж тосгоныхоо алдарт зургаан зурхайч дээр очин асуутал, зургаан зурхайч: Чи үртэй болох хувьгүй хүн байна гэж хэлэв.

Тэрхүү мэдээг сонсоод бярман эр хувь заяандаа гутарч, хэд хоног сэтгэл санаа нь үймрэн явав. Түүний энэ байдлыг нэгэн мэргэн эмгэн харж ажиглаад, түүнээс учир явдлыг асуувал Бярман эр болсон явдалыг бүгдийг нь хэлж өглөө. Эмгэн Бярман эрд хандан: Чиний үзүүлсэн зургаан зурхайчийн хэлсэн үг баттай биш ээ!

Харин чи манай тосгонд залран ирэх Бурхан багшаас л үртэй болох эсэх ээ асуух хэрэгтэй. Бурхан багш л үнэн хариулт өгч чадна гэв. Бярманы сэтгэлд жаахан найдварын оч гэрэлтэж, хамаг гоё ганган хувцас аа өмсөж Бурхан багшийн байгаа зүг яаран харайлгав.

Бурхан багш дээр очоод, түүний амар мэндийг мэдэн, үртэй болох эсэхээ асуутал Бурхан багш: Чи хүүтэй болно. Буян заяа ихтэй сайхан хүүтэй болох боловч, хүү чинь нас бие гүйцээд хувраг болохыг юу юунаас илүү хүсэх болно гэж хэлэв. Бярман эр: Бурхан багш минь ээ танд баярлалаа. Хүүтэй л болж байвал болох нь тэр ээ. Хүү маань ямар хүн болох оо өөрөө шийдэг дээ гэж ам гарав.

Сайхан мэдээ сонссон баян бярман Бурхан багш болон түүний шавь нарыг гэртээ урьж зоог барихыг хүсэв. Бурхан багш хүсэлтийг нь зөвшөөрч, маргааш өдрийн идээний цагаар тэднийд очихоор тохиров. Маргааш өдрийн зоог барих цаг болоход Бурхан багш шавь нартайгаа Бярманыд очин зоог барьж, сайхан дайлуулаад буцав.

Буцаж явах замд нь маш сайхан ногоон зүлэг, тунгалаг булаг бүхий хэсэгхэн газартай таарав. Тэд бүгдээр цанагасан байсан учир бадар аягаа гаргацгаан булгийн уснаас ууж эхлэв. Гэтэл гэнэтхэн нэг бич модноос үсэрч гарч ирээд Бурхан багшийн шавь Анандагийн ус ууж байсан бадар аяга руу сарвайн, “Аяга аа өгөөч” гэж байх шиг зангаж эхлэв.

Ананда миний аягыг хагалчих байх гэж санаа зовон аягаа өгсөнгүй. Бурхан багш: Ананда! Бичинд аяга аа өг гэж хэлэв. Ананда аяга аа бичинд өгтөл, бич аягыг нь аван модон дээр дүүлэн гарч, аягыг балаар дүүргээд Бурхан багшид өргөв. Гар нь бал болчихсон.. зүрх нь дэлсэж, жаахан амьсгаадсан бич нүдээ эргэлдүүлэн Бурхан багшид аяга дүүрэн бал барьж байлаа.

Бурхан багш бичинд хандан: Бал доторх бохир зүйлийг цэвэрлэ гэж хэлтэл, бич бал доторх үхсэн хорхойг түүж аван ахин барив. Бурхан багш балтай аягыг аваад, ус авчирахыг хүсэн устай хольж балыг амтархан уув. Ууж байсан балтай усаа шавь нартаа өгч бүгдийг нь дайлав.

Бал маш сайхан амттай байсан учир бүгд их баярлацгаажээ. Бич түүний өгсөн балыг гайхалтай хүмүүс амтархан идэж, баярлахыг хараад хязгааргүй их баяр хөөрт автав. Маш ихээр хөөрөн догдолж, элдэв авиа гарган мод руу авиран гарч, модноос мод руу дүүлж гарлаа.

Гэвч бич догдлон харайлгаж байхдаа хальтирч хадны хавцал руу унаж үхэв гэнэ. Бурхан багш болон түүний шавь нар чимээгүйгээр бүгдийг харж зогссон оо, аяга аа хураацгаагаад чимээгүй цааш явцгаалаа. Тэднийг явсаны дараа хавцалд унаж үхсэн бичний сүнс агаарт хөөрөн орчноо хартал баян Бярманы гэргийн ариун сав нээлттэй байна гэнэ. Бичний сүнс эхнэрийн хэвлийд үр нь болохоор утаа мэт шунгинан оров.

Есөн сарын дараа Бярманы эхнэр нярайлж, үзэсгэлэнтэй хүү төрүүлэв. Хүүг төрөхөд төрөл садан, хөрш танилууд нь яагаад ч юм бал бэлэглэсээр байгаад тэднийх балаар дүүрэн айл болчихов. Мэргэн хүнийг дуудан нэр хайрлахыг хүсвэл, түүнийг төрөхөд онцгой шинж тэмдэг гарсан эсэхийг асуулаа. Бярман аав нь инээд алдаад: Манайх балаар баян болсон юм байна гэхэд Мэргэн хүн: Тэгвэл Дээд балт гэж нэр хайрлая хэмээв.

Хүү өсөж том болоод өдөр шөнөгүй эцэг эхээсээ хувраг болохыг хүсэх болов. Ээж аав хоёр нь чи бид хоёрын ганц хүү, эд хөрөнгөө өвлөж үлд! Хувраг болно гэдэг гэрээ орхихыг хэлдэг юм гэсэн ч хүү хувраг болгож өгөхийг л хүссээр байлаа.

Нэг өдөр хүү нь аавдаа хандан: Ааваа.. би хувраг болох гэж л хүн болж төрсөн. Хэрвээ хувраг болгохгүй бол би амиа таслаж, ядуу айлын хүүхэд болон төрж, хувраг болохоос өөр арга алга даа гэж учирлалаа. Эцэг нь Бурхан багшид хүүгээ хэн болохыг хүснэ, түүнийг нь зөвшөөрнө гэсэн ээ санаж хувраг болохыг нь зөвшөөрөв.

Бурхан багшид хүүгээ хүргэж өгтөл хүү маш их баярлан номын хувцас өмсөж, сахал үсээ тайруулан хувраг болчихов. Бурхан багш хүүд: “Ирсэн чинь сайн байна!” гэж хэлээд ном номолтол хүү богинохон хугацаанд сэтгэлийн хар бараан зүйлийг арилгаад ухамсарын өндөр түвшинд хүрэв гэнэ.

Ананд Бурхан багшаас: Бурхан багш минь ээ! энэ Дээд балт хувраг ямар буян үйлдсэн учир Баян айлд төрж, тантай учран хувраг болоод, ийм богино хугацаанд ухамсрын өндөр түвшинд хүрэх болсоныг асуув. Бурхан багш: арван хэдэн жилийн өмнө надаас нэгэн Бярман хүүтэй болох эсэхээ асууж байсан.

Тэр Бярманы гэрт зоог барьчихаад буцаж явахад нэгэн бич Биднийг харж догдлон, надад аяга дүүрэн бал өргөснийг санаж байна уу? гэхэд Ананд: санаж байна аа багшаа гэв. Тэр бич надад бал өгөөд баярлан харайж явахдаа хадны хавцалд унаж үхсэн.

Тэрээр гэгээрсэн хүнийг харж маш ихээр догдлоод тэрхүү сэтгэлээ барьж дийлэлгүй аяга дүүрэн бал надад барьсан билээ. Гэгээрсэн хүнд бал өгч баярлуулсан учир тэрхүү буяныхаа үрээр бич баян айлд төрөх сайн төрлийг олсон юм.
Надтай учирч богинохон хугацаанд гэгээрдэг нь урьд олон галавын өмнө тэрээр нэгэн гэгээрсэн хувраг далан дээгүүр харайж байхыг хараад сармагчин шиг гэж шоолсон учир таван зуун төрөл бич төрөл авсан.

Шоолсон хүн нь гэгээн хүн байсныг мэдээд гэмээ ухаарч чин сэтгэлээс уучлал гуйхдаа: Би ирээдүйд Бурхан Шагжамунитай учирч энэхүү гэгээн хүмүүн шиг түргэн гэтлэх болтугай хэмээн чин сэтгэлээс ерөөл тавьсан учир өдгөө надтай учирч түргэнээ гэгээрэв хэмээжээ.

Эх сурвалж: Свами Идам

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!