Home » Хэн өргөлөө сэтгэлээсээ өргөж хүргэж дийлнэм түүнд Хурмаст хишгээ өгдөг нь л үнэн юм

Хэн өргөлөө сэтгэлээсээ өргөж хүргэж дийлнэм түүнд Хурмаст хишгээ өгдөг нь л үнэн юм

by Aurora

Нэгэн жуулчин Монголчуудын гуравтын ахлагчаас дээших нь бүгд Тэнгэрийн хэлийг мэдмой гэсэн байдаг. Яах аргагүй тэнгэрийн хэлээр ярилцагсад буюу 6 дахь мэдрэмж нь хөгжсөн хүмүүсийг хэлээд байна. Миний нэг нагац ах байв. Исгэрнэ гэж янзтай! Одоогийн багцаагаар 2 км газраас исгэрэх шуранхай нь сонстдог байсан хэмээн ээж ярьдагсан.

 

Жороо морь унан галигуулж явдаг улаа бутарсан өндөөр сайхан ах байсныг тод санаж байна. Бичгийн хэв их сайхантай. Цэргийн албыг 5 жил хаасан гэдэг шиг билээ. Цөөхөөн бичиг үсэгтний нэг байснаараа андуудынхаа дунд лав хайрын захианы мастер байсан байх, манай нагац.

Тэрээр салхины “хэл мэддэг”, түүнтэй харилцдаг хүн байж. Ийм холын зайд исгэрэх дуугаа сонсгож чадна гэдэг хөх өвгүд үндэс хүрд сайтай байсных биз ээ. Үндэс хүрд сайтай бол дуу чанга, уушги эрүүл бол шуранхай тод гэдэг дээ. Исгэрэхээр салхи хөгждөг Салхи хөгжинө гэдэг тэрээр баясаж байгаа хэрэг. Баясаж байгаа юм чинь АМЬД, АМЬТАЙ гэсэн үг.

Ер нь исгэрч шуранхайлах, хөөмийлөх, шугдрах нь салхины хэл бөгөөд түүний дуртай дуу гэж ойлгож болно. Зуны аагим бүгчимд исгэрэхээр салхи сэвэлзээ л күэ мөн сайхан шүү дээ. Ингэж үзээгүй Монгол хүмүн ховорхон биз ээ. Исгэрч сураад түүндээ хөөрцөглөх ах бид 2-ыг Салхи гаргаад больцгаа хэмээн ээж хорьдогсон. Өргөл өргөхдөө яагаад ч юм нэг л мэдэхэд исгэрчихсэн зогсож байх. Удмын юм байгаам байлгүй дээ.

 

Нүдэнд үл харагдах далд ертөнцийнхний хэлээр ярихаар түүнийг сонсордсон салхи хөгжин, үүлс баясаж, дээр байгаа бүхэн цуглаж үрсийнхээ хүслийг сонордон өргөлийн шимийг хүртдэг биз ээ. Энэ нь энгийн хүмүний хийж болох нэг ёсны Хурмастын тахилга юм билээ.

Уул ус, хангай дэлхийдээ өргөл өргөхдөө өөрийгөө ажиж, нутаг усаа ч бас анирдан мэдэрч байгаарай. Танд ч энэ хөг, энэ чадамж бий. Хэн өргөлөө сэтгэлээсээ өргөж хүргэж дийлнэм түүнд Хурмаст хишгээ өгдөг нь л үнэн юмаа.
Өргөл гэж юу вэ ? Яах гэж өргөдөг вэ?

1. Өргөлийн зорилго нь аян замаа болон буусан нутаг газартаа өөрсдийгөө таниулан эздээс нь зөвшөөрөл хүсч байгаа явдал. Хэн нэгэн биднийг унтаж байхад гэрийн хаалгыг цөм цохиод гэрт орж ирээд эсвэл цонхоор гараад явчихвал бид баярлахгүй нь лавтай. Яг л үүнтэй адил бид уул усны эздийн гэр орноор дамжин заримдаа тэдний гэрт нь хоноглодог ч зөвшөөрөл огт хүсдэггүй.

 

Ийм учраас бид аян замд гарахдаа зорих газраа, буусан газар орныхоо бүх уул, ус, амьд бүхэнд зориулаад овог нэрсээ өргөлдөө шившээд сүүн өргөлүүдийг сайхан дээшээ өргөх нь зохилтой. Тэгж байж бидний аян зам цагаан саад бартаагүй болдог.

Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл. Сүүг аягаар болон цацлаар өргөж болно.
Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал.

Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ. Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь маш буруу юм. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг Тэнгэр сануулсан болно.

 

Байгальд шингэхгүй зүйлс болон хар сархадыг өргөлд цээрлэх нь зүйтэй. Хар сархад хар эрчим татаж, хий сүнс босгодог тул уул, ус сэвтээж, эздийг нь хилэгнүүлдэг. Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй.

Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Малгай өмсүүлж, толгойн оройгоороо авах эрчим, хишгийг хааж өргөл өргүүлдэг болгосон нь буруу. Алгыг нь хавсруулж, сугыг нь хавчуулж залбируулдаг нь мөн л буруу аж. Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, Тэнгэрээс эрчим авдаг юм байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Тэнгэр Монгол Газар, Түдэв Удган

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!