Өргөлийг өргөхдөө цемент шал дээр биш газар шороон дээр өргөдөг, цонхоороо биш биеэрээ нь хөрсөнд гишгэж гадаа өргөх ёстой ажээ.
Цацал юуны учир есөн нүдтэй байдаг талаар бодоод үзэцгээе. Есөн нүх нь есөн хүслийг илэрхийлдэг бөгөөд үүнд, эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдэхийн хүсэл, харилцахын хүсэл, хамтран амьдрахын хүсэл, үрийн хүсэл, амарлангуйн хүсэл, эзэн эрхийн хүсэл гээд нар зөв эргүүлээд хамгийн сүүлд голд нь мөнх амьдрахын хүсэл байдаг аж.

Хүмүүн өргөл өргөхдөө дотроосоо шүншиглэн бодож хэлж өргөхдөө: “Эрүүл энхийн” буюу НЭГ дэх нүдний хүсэлд: Агар бие нь амгалан Алд бие нь тэнүүн Ахуй гэр нь төвшин Алдар нэр нь бүтэн байх болтухай хэмээж хэлнэ. Агар бие нь амгалан Сүнсэн биеийг хэлж байна. Алд бие нь тэнүүн Мөчит махан биеийг хэлж байна.
Ахуй гэр нь төвшин Гэр бүлдээ өвчин зовлон ярьж төвөг удахгүй байх нь ээ. Өвчтэй хүмүүн гэртээ төвөг болдог тийм үү? Тэгүүлэхгүйн тулд энэ үгийг хэлж байна. Алдар нэр нь бүтэн байх болтухай – Энэ нь оюун ухаан зөв, эрүүл байхыг хэлээд байна. Ингэж дөрвөн биеэр нь энх байхыг хэлж байна.
“Эдийн” буюу ХОЁР дахь нүдний хүсэлд: Эд нь элбэг, Хишиг нь хуртай, Ам нь тостой, Алдар нь цогтой байх болтухай. Эд нь элбэг – Энэ бол эдийн хүсэл. Эхлээд эд, өмсөх зүүх байх нь тийм үү? Хишиг нь хуртай – Дараад нь эд гэдэг нь урсгалд байдаг учраас хуртай гэж байна. Эд өмхөрч, элэгдэж дуусдаг тийм үү? Тэгэхээр дараагийнх нь сэлгээд орж ирнэ гэж байна. Ам нь тостой – Гэдэс цатгалан байг гэж байна.
Алдар нь цогтой байг – Энэ бүх эдэлж байгаа зүйлээ нэр алдартаа луйвраар биш өөрийн хөдөлмөрөөр олж байг гэсэн утгаар хэлж байгаа ерөөл. “Танин мэдэхүйн” буюу ГУРАВ дахь нүдний хүсэлд Далай оюун нь тархиндаа багтаж,
Суу ухаан нь сэтгэлдээ сууж, Суудал сэнтийндээ эзэн болж, Сургааль хишгийн дээдийг хайрладаг болоорой. Энэ маш их мэргэн цоорхой болохыг хэлж байгаа ерөөл. Дахиад дөрвөн бие дээр нь хэлж байна.
Өөрөө ямар байх, тэрнээс авахуулаад ямар болох хүмүүний зам мөрийг чиглүүлэн хэлж байна. “Харилцааны” буюу ДӨРӨВ дэх нүдний хүсэлд: Анд нь үнэнч, Алд нь тэнхээтэй, Зориг нь мохошгүй, Золбоо нь галтай байх болтухай.
Найз нөхөдтэйгөө нийлээд ямар үйл хийдгийг хэлнэ.
“Хайр дурлалын” буюу ТАВ дахь нүдний хүсэлд: Тогтох тооноо хамтдаа түшиж, Тэтгэх галаа хамтдаа бадрааж, Тэврэх үрээ хамтдаа энэрч, Төр улс нь бултаар гийгүүлэх болтухай. Би чамд хайртайгаас гоё үг байгаа биз дээ? Энэ эр эм хоёр нийлээд яах нь вэ? Эхлээд гэрээ барьж, дараа нь гал голомтоо бадраах нь.
Тэгээд үр хүүхдээ тэврэнэ. Үр хүүхэд өснө гэдэг нь улс орны эхний үндэс, цааш цаашдаа улс орон тогтохын билэг дэмбэрэл болж байна. “Үрийн” буюу ЗУРГАА дахь нүдний хүсэлд: Өврөөр дүүрэн охинтой, Хормойгоор дүүрэн хөвүүнтэй, Хотлоор дүүрэн төлтэй, Хорвоогоор дүүрэн цэцэгстэй байх болтухай.
Энэ бүх амьтны ерөөл байгаа биз дээ? Хүмүүн, амьтан ургамлын үржин төлжилт, удамшлыг бүгдийг багтаасан байна. “Амирлангуйн” буюу ДОЛОО дахь нүдний хүсэлд: Сэтгэлдээ сэвгүй, Итгэлдээ алдасгүй, Тэмүүлэлдээ бүдрэлгүй, Зорилгодоо үнэнч аж төрөх болтухай. Сэтгэлд байдаг зүйл бүгд бүрэн байгаа биз дээ.
“Эрх мэдлийн” буюу НАЙМ дахь нүдний хүсэлд Дуурсах нэр нь мөн, Дуслах хөлс нь арвин, Дуудах нэр нь хүчтэй, Дагуулах ард нь арвин байх болтухай. Эзэн эрхийн хүслийн утга учир бий. Алдар нэрийг хөдөлмөрөөр олдог гэдгийн учиг,
“Мөнх оршихуйн” буюу ЕС дэх нүдний хүсэлд: Эргэх наран ээлтэй, Эцэг Тэнгэр ивээлтэй, Эрхэт төр нь түшигтэй, Энэ бие нь түүхтэй байх болтухай. Энд амьдрах жамын утга учрыг бүгдийг багтаасан. Ингээд энэ бүхнийг ерөөгөөд сүү өргөнө өө. Өргөлийг өргөхдөө цемент шал дээр биш газар шороон дээр өргөдөг ёстой ажээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Чингий Иэ