Бидний өвөг дээдэс “элгээ тэвэрдэггүй зовлон дууддаг юм” гэж захидаг байсан. Учир нь хайр энэрлийн хүрдээ хаагаад байхаар хүнийг ч хайрлах сэтгэл төрөхгүй, хүнд ч өөрөө хайрлагдаж чадахгүй болдог гэсэн далд утга бүхий үйлдэл юм.
Айл нохойгоо хорихгүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заавал буух, орох гэж зүтгэхийг цээрлэнэ. Айлд эд юм, эс бөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийгээ доод талдаа тавихыг цээрлэнэ. Заавал дээд талдаа тавьдаг нь хүндэлж буйн тэмдэг. Айлд өвдгөө салаавчлах, хөлөө ачиж суухыг тавьтаргүй, хүндлэх ёс үл мэдэгч хэмээх тул цээрлэнэ.
Айлд нөмгөн (бүсээ бүслээгүй) орохыг цээрлэнэ. Бэлбэсэн, уй гашуу тайлаагүй үед нөмгөн орж болно.
Айлчилж хонох хүн гэрийн эздээс ор дэвсгэр засаж өгөөгүй байхад бүхлээр буюу хувцсаа тайчин хэвтэхийг цээрлэнэ. Зөрчвөөс ёс алдана, жудаггүй гэгдэнэ.
Айлын тулга, зуухыг өшиглөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гал голомтод халдав, доромжлов, муу ёр удлаа хэмээн сэжиглэнэ. Алах ялтныг эгцлэн харахыг цээрлэнэ. Гай барцад нь харсан хүнд тусаж, дагана хэмээн цээрлэдэг учир тэр бөлгөө.
Хонь мал муулах, гаргах, махлах, төхөөрөх гэхчлэн орлуулан хэлдэг ёсон буй. Алга ташихыг цээрлэнэ. Алив муу юмыг зайлуулах, үргээхэд довогдох (алга таших) ёс буй учир алга ташихад хишиг буян зайлдаг хэмээн цээрлэдэг бөлгөө. Алгаа дэлгэж хамаа бус хүнд үзүүлэхийг цээрлэнэ. Учир нь гарын алганы зураас хээ тухайн хүний заяа тавилангийн толь мөн хэмээн үздэг учир нуудаг бөлгөө.
Алхаж гишгэхдээ таахалзах, алцаганахыг цээрлэнэ. Хэрэв тийн явбаас ёргио сагсуу, аальгүй, эс бөгөөс өвчин согогтой гэнэ. Алтан гадас одны зүг харж гадаалах (морь харах)-ыг цээрлэнэ. Одот тэнгэрийг хүндлэхийн учир тэр болой.
Алт, мөнгө, эрдэнэсийг хамаа бус эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүндэднэ, атаач, жөтөөч, авилга шунахайн хорхойг асаана гэх буюу “Эрдмээр биеэ чимэхийн өмнө эдээр биеэ чимэх донтон” гэгдэнэ.
Билүүг гараар өгөх авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгөх буюу тавьсны дараа авна эсвэл боож өгнө.
Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оргүй болгон цэвэрлэж, цэмцгэр болгоод нүүнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиулсан тэнгэр хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэнэ.
Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой эд юм өгөх (3,9-өөс бусад) өргөхийг цээрлэнэ.
Тэгш буюу хос эд юм бэлэглэвэл эд арвижихийн бэлэгдэл гэнэ. Галд сүү тусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татрана гэж үздэг. Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө. Гэр барьж байгаатай таараад унь өлгөлцөлгүй, дээвэр тавихад туслалгүй явахыг цээрлэнэ.
Учир нь айл гэрийг хүндэлсэнгүй, эв эе эвдэрсэний шинж. Давс гуйхад харамлавал цавь нь цоорхой, эвэрхийтэй хүүхэд гарна. Дал идэхдээ шүд амаараа зулгаахыг цээрлэнэ. Заавал хутга хэрэглэнэ. Эс тэгвээс бөөлжнө. Нагацын талд муу юм тохионо гэдэг.
Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ. Аянга бууна. Дээл, малгай хувцасан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Эзэн дээгүүр нь гарсантай адил гэж үзнэ. Амсар нь эмтэрхий аяганд цай хийж хүнд барих, аяга шаазанг хөмөрч тавих, аягатай цай идээ барихдаа амсрыг нь хуруугаараа дарах, аяга шаазанг харшуулан дуугаргахыг цээрлэнэ.
Аяга шаазанг зориуд хагалах, аяганы үлдэгдлийг гэр дотроос гадагш цацах, аягалж өгсөн цайг амсахгүй тавих, аягандаа шавхруу үлдээх, аяганд савх хатгаж тавих, аяганд цай хийхдээ бялхаах, аягатай хоолоо зайлж уух, давсгүй хоол цай аягалах, зочинд цай аягалахдаа асгаж цутгахыг цээрлэнэ.
Богино хавирга, хүзүүг дангаар зочин гийчинд таваглан тавих, босгон дээр чөмөг таших, далыг шүдээрээ зулгаах, хуудсыг ганцаараа идэх, мөгөөрс идэх, дэлүүг хазаж идэх, дэлүүг махтай нь хаях, далны ясыг буурин дээр ил орхих, мах идэхдээ ясыг мөлжүүртэй үлдээх, ясыг үеэр нь нугалахгүй мөлжих, мах эвдэх идэхдээ ясыг гараар хугалахыг цээрлэнэ.
Сархинагны ам идэх, сүүжийг мөлжөөд гэрт хонуулах, хүүхдэд өрөөсөн бөөр, нугас самалдаг, чөмөг, баатар хуйх, хамар, аймхай мөгөөрс, эргүү малын тархи идүүлэх, их өлссөн хүнд бууз, хуушуур, банш гэх мэт битүү хоол идүүлэх, жигнэсэн битүү хоол идчихээд шууд гарч явах, өөх мах, ямааны мах идсэний дараа хүйтэн ус уух, амаржсан эмэгтэй сарын дотор өөх тос, давс, сэрүүн идээ идэх, хөөрүүлсэн сүү уухыг цээрлэнэ.
Бие давхар эмэгтэй тэмээний мах идэх, архи дарс уух, үхсэн малын мах, өвчтэй малын мах, хүйтэн нойтон идээ, гашуун исгэлэн үнэр амт нь хувирсан идээ идэх, хэтэрхий цадтал идэх, хэтэрхий өлсөж байгаад нэг дор идэх, хоол шөл идэхдээ хүчтэй сорох, их чимээ гаргах, асгаж цутгах, рашаан усыг зоргоороо уухыг цээрлэнэ.
Самрын идээг шар хальстай нь идэх, хөлдөж осгосон, хэтэрхий даарч бээрсэн хүнд халуун хоол цай өгөх, өлөн элгэн дээрээ архи уух, тамхи татах, хүнд хоол идэх, өлссөн хүн гэнэт их хоол идэх, өөх тостой буюу царцуу хоол идэх, хусман дээр цай хийж уух, махны шөлийг буцламгай халуунаар уух, хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлэхийг цээрлэнэ.
Дуутай борооны үеэр айраг бүлэх, дээж идээ таваглан засах, амсахдаа толгой нүцгэн байх, малд явахдаа мах авч явах, идээ будаагаар тоглож наадах, идэж уухын хооронд гиншиж, ёолох, эвшээх суниах, найтаах, мах шүүс тавихдаа эх толгой талыг буруу харуулах, тогоотой махыг хутгаар сүлбэн гаргахыг цээрлэнэ.
Боорцог боов хийх гурилыг хүйтэн усаар зуурах, галд сүү дусаах, давс харамлах, давс галд хийх, задгай давсыг гараар авах ба өгөх, гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулах, хоол ундыг голох, ямаа болон тэмээний махыг тахил шүүс өргөхөд хэрэглэх, үлдээсэн хоолыг ил задгай тавьж хонуулах, хэвтээгээрээ юм идэх, цагаан идээ идэхдээ савх хэрэглэхийг цээрлэнэ.
Цагаан идээг ядам хуруунаас бусад хуруугаар амсах, цацал өргөх, цагаан идээг зогсоогоор явуут амсах,
идэх, цай нүдэхдээ тоолох, чөмөг ташихдаа тэг дундуур нь таших, чөмгийг хувааж идэх, яаруу сандруу идэж уухыг хориглоно. Хоол цайны үеэр чонын тухай ярьж болдоггүй бөгөөд чонын шүд хурц болж мал хорогдоно гэж үздэг.
Айлаас савтай юм аваад савыг хоосон буцааж өгөх, амандаа юм зажилж гадагш гарах, сав суулга, аяга тавган дээгүүр харайн гарах, билүүг гараар өгөх ба авах, савхаар, халбага сэрээгээр идэх, цай нүдэхдээ тоолох, чөмөг ташихдаа тэг дундуур нь таших, чөмгийг хувааж идэх, яаруу сандруу идэж уухыг хориглоно.
Хоол цайны үеэр чонын тухай ярьж болдоггүй бөгөөд чонын шүд хурц болж мал хорогдоно гэж үздэг. Айлаас савтай юм аваад савыг хоосон буцааж өгөх, амандаа юм зажилж гадагш гарах, сав суулга, аяга тавган дээгүүр харайн гарах, билүүг гараар өгөх ба авах, савхаар, халбага сэрээгээр аяга таваг тогшихыг цээрлэнэ.
Савхыг аяга тавагны амсар давуулан тавих, таваг долоох, хавтгай ёроолтой саванд цай хийж уух, тогоон дотор шанага хөмөрч тавих, хутга дүрэх, өрөөсөн савх хүнд өгөх, ганц савхаар хоол идэх, хоол идээд аяга шаазан тогоо шанагыг хэлхэлдүүлэн орхих, хоолны аягыг долоохгүй тавих, хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, цай хоол барихдаа ганц гараар өгөх авахыг цээрлэнэ.
Үүдэндээ хоосон сав суулга дээш харуулан тавих, шанагыг газарт тавих, тогооны ирмэг, тагны ирмэг дээр ташуу тавихыг цээрлэнэ. Алтан гадас од, нарыг харж бие засах, малын хэвтэр, хот хороо, зэлний орчим бие засахыг цээрлэнэ. Аянганд цохиулж үхсэн мал, хүний цогцсыг тухайн газарт булна.
Бэлчээр бууцыг элдэв сэг зэмээр бохирдуулах, голын эрэг, гуу жалга эвдэх, нурамтай үнс асгах, өвлийн бууцыг олон малаар гишгүүлэх, тэнгэр огторгуйг хараах, хутга мэс, хурц үзүүртэй юмаар газар сэндийлэх, газрын хөрсөнд шалзлам халуун ус, халуун шөл асгах, газрын чулууг ховхолж хөндөх, нэг газар удаан хугацаагаар нутаглахыг цээрлэнэ.
Гутлаа хаях үед улыг нь ханзалж хаяна. Нүүж суухдаа гэрийн буйрыг сайтар цэвэрлэнэ. Овоонд чулуу өргөхдөө бэлийн чулуу авчирч овоонд өргөнө. Үнсийг ариун, хогийг бузар гэж үздэг учраас хоёр өөр газарт хаяна. Чулуугаар чулууг цохиж болдоггүй бөгөөд адуунд муу гэж үздэг. Шон гадасны нүхийг булж, битүүлж үлдээдэг. Бидний өвөг дээдэс, зан заншил, ёс суртахуунаараа дэлхийд гайхагдаж байсан улс орон. Өв соёл бол оршин тогтнох үндэс.