Зориуд урьсан хүнийг зочин, заавал айлчлах учиртай хүндэт хүн болон ах дүүсийг гийчин, гэнэт таарч хоноглосон хүнийг хоноц, зорьж ирэн золгосон хүнийг айлчин гэдэг.Гэвч ямар ч зочин, гийчин, айлчин, хоноцыг байгаа хүнсээрээ дайлж баярлуулаад үдэх ёстой байдаг. Амсар нь эмтэрхий аяганд цай хийж хүнд барихыг цээрлэнэ.

Аягыг хөмөрч тавих, аяганы амсрыг нь хуруугаараа дарж барих, аяга шаазанг харшуулан дуугаргах, аяга шаазанг зориуд хагалах, аяганы үлдэгдлийг гэр дотроос гадагш цацах, аягалж өгсөн цайг амсахгүй тавих, аягандаа шавхруу үлдээх, аяганд савх хатгаж тавих, аяганд цай хийхдээ бялхаах, аягатай хоолоо зайлж уух, давсгүй хоол цай аягалах, зочинд цай аягалахдаа асгаж цутгахыг цээрлэнэ.
Мах шүүс чанах, идэх, хөндөх зэрэг нь маш өргөн хүрээтэй ёс бөгөөд ахас ихэсээ хүндэлж, хүүхэд багачуудаа хайрлаж буй ёс заншил юм. Богино хавирга, хүзүү, чөмгийг дангаар нь таваглаж зочин гийчинд өгвөл тухайн зочноо боол зарц мэт дорд үзсэн хэрэг болно.
Ясыг мөлжүүртэй үлдээвэл хомхой ховдог, ядуу даржин хүний шинж, үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой мэт дорд амьтан болно, мах эвдэхдээ ясыг хутга мэсээр бус гараараа хугалах аваас өөрийн яс бэртэнэ хэмээн цээрлэдэг. Ирсэн зочин идээ шүүснээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг өгдөг заншилтай. Өндөр настан, хүүхэд 2 цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай байдаг.
Хүүхдэд бөөр, зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмгийг хишиг болгож өгдөг бол өндөр настанд дал, өндөр хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой. Хишгийг заавал хоёр гараа тосч аваад хүүхэд багачууд “гялайлаа”, настангууд “буянаа нэм, надаас их наслаарай” хэмээн ерөөж талархдаг.
Зочин хүн мах шүүснээс зооглосны дараа хутгаа авч үлдсэн мах шүүсийг зохих ёсоор байрлуулдаг нь “би цадлаа” гэсэн утгыг илэрхийлдэг. Идээнд хүрэхийн өмнө өрөм тосонд эхэлж хүрэх ба аль болох хонхойлгохгүйг хичээдэг нь тэгш байлгах ёс юм.
Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй учирна, хий юм шүглэнэ хэмээн цээрлэдэг. Далны яс, толгойг хазаж зулгааж идвэл өстнийхөө толгойг хазаж залгина, чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалбал “тэнэг хүн тэг дундуур нь” гэдэгтэй адил болно.
Чөмгийг хувааж идвэл малын чөмөг дундарч бээрнэ, мах шүүсийг эвдэж хөндөхдөө хутганы ир, үзүүрийг хүн рүү зүглүүлбэл тухайн хүнийг мэсээр занаж байгаатай адил болно хэмээн цээрлэдэг. Хутгыг махан дотор тавибал ховдог шунахай болно.
Мах гэдэс хоёрыг хамт таваглавал зочиндоо хайнга хандсан санаа болно, эрүүний ясыг ташиж дуугаргавал хэл ам хэрүүл тэмцэл ирнэ, айлын ганц хүү залаа чөмөг идвээс ор ганцаар явахын цондон, ямааны мах идээд хүйтэн ус ууваас өвчин олно гэх мэтээр цээрлэж ирсэн.
Эх сурвалж: Монгол орны лавлах