Зовохгүй жаргана гэж хэзээ ч битгий бод. Ээлжилж ирдэг хуультай юм. Адаг муугийн дотор ч арай гайгүйгийн хэлтэрхий оршиж байдаг болохоор одоогийн зовлонгийн дотор хожмын сайны өөдөс томорч байдаг.
Зовлон ирэхэд зовлон туулж, зовж сурсан хүн бага зовно, зовлон үзээгүй, жаргалдаа ташуурч явсан хүн их зовно. Зовлон туулсан хүн зовлонд тэсвэртэй болно. Зовлонг тэвчвэл жаргах цаг зайлшгүй ирнэ гэж хат суун хатуужина.
Зовлон гашуун.
Чинжүү зажилсан хүнд чихэр амтагддаггүйтэй адил зовлон үүрч яваа хүн жаргалд умбан цэнгэдэггүй. Утаанд нүдээ хичнээн их нухна, төдийчинээ хорсоно. Зовлонд хэдийчинээ их түүртэнэ, төдийчинээ их шанална. Жаргалын удаан нь дээр, зовлонгийн түргэн нь дээр.
“Бусдын зовлонгоор өөртөө баяр цэнгэл хийж болохгүй”. Бусдын зовлонгоор цэнгэгчид сайхан сэтгэлээ гаргуунд гаргаж, хүний мөсөө хөсөр хаясан, хүн чанарынх нь орон зайг амьтны зөн мэдрэмж түрэн эзэлсэн, хүн төрхнөөс цаашгүй бологсод.
Бусдад зовлон удвал өөртөө зовлон үүрнэ. Бусдыг зовлонд унагавал өөрт зовлон зайлшгүй ирнэ. Танд зовлон тохиохгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Зовлонгоо хүнд тоочиж болдоггүй юм гэсэн. Зовлонг өөртөө ухаарал сэхээрэл, сэрэмж болгон ухамсараа тэлээрэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.