“ Тэр доромжилсон намайг, тэр цохисон намайг, тэр намайг давчихлаа, тэр намайг хоосрууллаа”. Ийм бодол агуулан хадгалж буй хүмүүс үзэн ядахаа зогсоож чадахгүй. Учир нь, энэ ертөнцөд ядалтыг үзэн ядалтаар хэзээ ч үзэн зогсоож байсангүй, үзэн ядалтыг үгүй болгосноор л түүнийг зогсоож болно.
Энэ бол мөнхийн дхарма. Зугаа цэнгэлд умбаж, мэдрэмжүүдээ хазаарлаж чадахгүй, уух идэхдээ хэмжээгүй, залхуу, шийдмэг бус – ийм л хүнийг, өмхөрсөн модыг хар салхи унагадагтай адил Мара нураадаг. Дээвэр нь муудсан байшинд борооны дусаал дусахтай адил муу хөгжүүлсэн ухаанд шунахайрал нэвчдэг.
Бодолтой, төв байх нь – үхэшгүй мөнхөд хүрэх зам. Ухаантай хүмүүс үхдэггүй. Хөнгөн хийсвэр хүмүүс л талийгаачтай адил. Үүнийг сайн ойлгодог тул мэргэд – бодолтой төв байдаг. Эндээсээ тэд баяр баясгаланг утгадаг. Буянтай үйлийн тариаландаа тэд баясдаг.
Мунхаг бүдүүлгүүд, тэнэг хүмүүс хөнгөн хийсвэр байдаг. Мэргэн хүн эрдэнэ мэт бодолтой, төв байдлаа хадгалдаг. Хөнгөн хийсвэр зангаас зугтааж, зугаа цэнгэл, шунал тачаалаас хол явагтун, учир нь зөвхөн бодолтой, төв хүн аугаа аз жаргалд хүрдэг.
Дэрвэлзэн чичрэх, амархан хөндөгдөх, барихад хэцүү бодлыг мэргэн харваач сумаа чиглүүлдэг лугаа адил чиглүүлдэг. Арайхийн баригдаж буй, хөнгөн, хаа тааралдсан газраа бүдрэгч бодлыг нотолж авах нь сайн үйл. Нотлогдсон бодол аз жаргалд хүргэнэ.
Хөөрхий , хэнд ч хэрэггүй , мэдрэмжгүй, ашиггүй энэ бие газар дээр удаан амьдрахгүй. Өөрийн биш үгийг хичнээн сайн хэлэвч үнэргүй боловч аятайхан өнгө бүхий, сайхан цэцэг лугаа адилхан үргүй. Цэцэгсийн үнэр салхи сөрөн тархдаггүй: зандангийнх ч, мэлрэгийнх ч тэр. Харин сайн үйлстний үнэр салхи сөрөөд ч тархана. Сайн хүн газар бүр нэвтэрнэ.
Аялж буй хүн өөртэйгээ адил буюу өөрөөсөө илүү ухаалаг хүнтэй таарахгүй бол ганцаардалдаа дасдаг: тэнэг хүнтэй нөхөрлөл байдаггүй. Мунхаг гэдгээ мэддэг тэнэг түүгээрээ цэцэн, харин өөрийгөө цэцэн хэмээн сэтгэгч жинхэнэ тэнэг мөн.
Гашуун үр авчрах муу үйл хийснээр тэнэгүүд ухаангүй. Ухаангүй тул өөрсдийгөө дасан шигээ л хорлодог. Аз дутан мунхаг хүн мэдлэг эзэмших бол мэдлэг түүний азын шоо мэт толгойг эргүүлэн устгадаг. Дутагдлыг чинь хэлж, шүүмжилж байгаа цэцэн хүнтэй таарсан хүн түүнийг эрдэнэсийн сан зааж өгч буй мэт санагтун.
Тийм хүнийг дагасан хүнд сайн юм болно уу гэхээс биш, муу юм болохгүй. Муу хүнтэй, дорд хүнтэй хэн ч бүү холбогд. Сайн, буянтай хүмүүстэй дотносон нөхөрлө. Суваг татагчид усыг урсгадаг, харваачид сумаа чиглүүлдэг, мужаан хүн модыг санаснаараа зордог, харин мэргэд өөрийгөө номхотгодог.
Суваг татагчид усыг урсгадаг, харваачид сумаа чиглүүлдэг, мужаан хүн модыг санаснаараа зордог, харин мэргэд өөрийгөө номхотгодог. Бат бэх хадан хясааг салхи хөдөлгөж чадахгүйтэй адил мэргэд хараал, магтаалын алинд ч хувирашгүй.
Хүмүүсээс цөөхөн нь нөгөө талын эрэгт хүрдэг. Бусад нь эрэг дээрээ л тонгочиж байдаг. Сонсоод тайвшрах, ашигтай ганц үг нь мянган утга учиргүй үгсээс илүү жинтэй. Нэгэн хүн тулаанд мянган хүнийг мянгантаа ялсан бол харин нөгөө нэг нь ганцхан өөрөийгөө ялжээ. Тэгвэл өөрийгөө ялсан хүн нь аугаа ялагч мөн ажгуу.
Өөрийгөө байнга хянан хязгаарлаж, өөрийгөө номхруулсан хүнд бусдыг ялахаас өөрийгөө ялан гарахыг илүүтэйд үзнэ. Настайчуудыг хүндэтгэн асардаг хүнд амьдрал, гоо сайхан, аз жаргал, хүч чадал гэсэн дөрвөн дхарма заяадаг. Өөрийгөө гүнзгийрүүлэн хөгжүүлэгч, буянт хүний амьдралын нэгэн өдөр нь нүгэлтэй хүний зуун жилийн амьдралтай эн тэнцдэг.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаалын цоморлог буюу дхармападагаас