Нэгэн баян хүний бэр ганц бяцхан хүүгээ алджээ. Зовлон гасланд нэрвэгдсэн залуухан эхийн ухаан санаа элий балай болжээ.
Тэрбээр хүүгийнхээ хөрсөн цогцсыг элгэндээ нааж, хайртай хүүгий нь эдгээж чадах хүнийг олохоор явжээ.
Тааралдсан хүмүүс зовлонг нь хуваалцах боловч нэг нь ч туслаж эс чадна.
Ялж төгс нөгчсөн багшийн нэг шавь нь эмэгтэйг өрөвдөж багш дээрээ очихыг зөвлөсөн аж. Залуухан эх хүүгээ
тэвэрсээр бүхнийг айлдагч багш руу яарчээ. Хамгийг мэдэгч багш, эмэгтэй рүү анхааралтайяа ширтэн хараад
хэлсэн нь: “Эмэгтэй минь, хүүхдийг чинь эмчилж эдгээхийн тулд намуу цэцгийн үр хэрэгтэй.
Гэхдээ нэг ч хүн нь талийгаач болоогүй тийм айлаас авсан намуу цэцэгийн үр байх ёстой” гэв. Уй гашууд автаж, ухаан санаа нь балартсан эх намуу цэцгийн үр олж авчрахаар хот руу явжээ. Тэрбээр намуу цэцгийг амархан
олсон боловч, нэг ч хүнээ алдаагүй айл өрхийг олсонгүй.
Эмэгтэй өөрт нь хэрэгтэй намуу цэцгийн үрийг олж чадалгүй, Бурхан багш дээр буцаж очжээ. Амирлангуй оршигч багш амар амгалан байдалд, дуу чимээ үл гарган суухыг хараад эмэгтэй сая Түүний үгийн утгыг ойлгожээ. Тэрээр нойрноос сэрсэн юм шиг болж, ухаан санаа нь саруул болов. Чингээд хүүхдийнхээ хүйтэн цогцсыг оршуулж, Чадагчийн эрхэт багш дээр эргэж ирээд түүнд шавь оржээ.