Home » Хүмүүс байгаа хийгээд байхгүй юманд, буян, нүгэл, зөв, буруу, ер бүх юманд дасдаг учраас төөрөлдөн зовж зүдэрдэг.

Хүмүүс байгаа хийгээд байхгүй юманд, буян, нүгэл, зөв, буруу, ер бүх юманд дасдаг учраас төөрөлдөн зовж зүдэрдэг.

by Aurora

Энэ ертөнцөд юм бүхэн цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэх учир эд юмсын хооронд өчүүхэн бээр ялгал үгүй. Гэвч хүмүүс тэдгээрийг хоорондоо ялгаатай хэмээнэ. Үүнд тэдний ухвар мөчид бодол санаа оршино. Тэнгэрт баруун хязгаар, зүүн хязгаар аль нь ч байхгүй бүлгээ. Гэвч хүмүүс түүнийг баруун, зүүн хэмээн хувааж тийм байх ёстой юм шиг бодно.

 

Тоо нэгээс эхлэн хязгааргүйд хүрдэг. Эдгээр нь цөм бүхэл тоонууд юм. Тоонд ялгаа үгүй, их тоо, бага тоо гэж байхгүй. Харин хүмүүс л өөрсдийн амрыг бодож ялгаж, салгаж байхын тулд тоог их, бага хэмээн хувааж ангилдаг. Ер нь амьдрах, үхэх үйл явцын аль нь ч байхгүй бүлгээ.

Гэвч хүмүүс өөрсдөө амьдрах, үхэхийг ялган үздэг. Үүнтэй адил аливаа үйл хэргийг сайн гэж хэлж болохгүй, муу ч гэж хэлж болохгүй. Гэвч хүмүүс үйл хэргийг саин, муу хэмээн ялгана. Энэ бол хүний ухвар мөчид бодол. Бурхан багш юмс хоорондоо ялгаатай гэж үздэггүй.

Тэрбээр энэ ертөнцийг тэнгэрт хөвж буй үүл, зүүд зэрэглээ мэтээр үзэж, санаа сэтгэлийн хүсч буй, үл хүсч буй юм бүхэн хоосон буюу мөн чанаргүй болохыг сайн мэддэг билээ. Тэрбээр санаа сэтгэлийн аливаа хүсэл шуналаас чөлөөтэй юм.

 

Санаа сэтгэл тав тухтай, сайн сайхан амьдрахыг хүсэх тул хүмүүс хорвоогийн бүх юманд дасаж дотно
болдог. Тэд эд баялаг, өмч хөрөнгө, алдар гавьяа, амьдрал юунд дасаж дотносдог. Хүмүүс байгаа хийгээд байхгүй юманд, буян, нүгэл, зөв, буруу, ер бүх юманд дасдаг учраас төөрөлдөн зовж зүдэрдэг.

Эрт урьд цагт нэг хүн амьдарч байжээ. Нэгэнтээ тэрбээр холын аянд гарч том гол мөрөнд тулж иржээ. Тэрбээр бодсон нь: “Энэ талын эрэг дээр аюултай, цаад талын эрэг дээр аюулгүй юм байна”. Тэрбээр сал хийж мөрнийг эсэн мэнд гаталж, цаад талын эрэг дээр гарчээ.

Аюулгүй эрэгт гарсныхаа дараа тэрбээр эрэгцүүлсэн нь: “Энэ сал намайг эрэг дээр эсэн мэнд гаргаж их тус боллоо. Тиймээс би энэ салыг хаялгүй цааш үүрээд авч явна”. Энэ хүн салыг үүрч авч явсан нь зөв үү? Үгүй ээ,
буруу.

 

Энэ сургаал домог юу өгүүлнэ вэ гэвэл, “Зөв зүйтэй юманд хүртэл дасаж болохгүй, харин түүнээс татгалзах хэрэгтэй. Буруу ташаа юмны тухайд бол ярих ч хэрэггүй. Шууд л татгалзвал таарна”. Энэ орчлонд биднийг тойрон хүрээлж буй юм бүхэн хаанаас ч урган гарч ирэхгүй, хаашаа ч шингэж алга болохгүй, төрөхгүй, эвдэрч үхэхгүй, тийм учраас юуг ч олж, баттай эзэмшиж болдоггүй, юуг ч алдаж болдоггүй юм .

Бурхан багш сургасан нь: “Энэ ертөнцөд бүх юм “бий”, “байхгүй” хэмээх ойлголтоос чөлөөтэй юм Тийм учраас эд юмс байна, байхгүй гэж алиныг нь ч хэлж үл болно. Тэдгээр юмс үл төрж, үл мөхдөг”. Энэ нь ертөнцөд бүх юм цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэж, өөрийн гэсэн мөн чанаргүй тул тэдгээрийг оршиж буй хэмээн нотолж болохгүй.

Тэдгээр нь цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэж, үнэхээр оршиж буй тул бас огт байхгүй гэж хэлж
болохгүй. Хэрэв эд юмсыг олж харчихаад тэдгээрт ээнэгшиж дасвал энэ нь санаа сэтгэлийн төөрөгдөл болно. Хэрэв эд юмсыг олж харчихаад тэдгээрт дотносон дасахгүй бол санаа сэтгэлд хүсэл шунал үл төрнө.

Гэгээрэх нь энэхүү үнэнийг ухан ойлгож, сэтгэл санааны хүсэл шуналаас ангижирна гэсэн үг юм. Орчлон хорвоо үнэхээр зүүд зэрэглээ мэт, үнэт эрдэнэ мөн адил хий үзэгдэл шиг юм. Бүх юм зурмал зураг дээр байгаатай адил. Хэдийгээр бид зураг дээр дээд, доод хэсэгт нь зурсан байхыг харах боловч, үнэн хэрэг дээрээ тэр бүхнийг нэг л хавтгай дэвсгэр дээр зурсан шүү дээ.

 

Орчлон хорвоогийн бүх юм халуунд халсан агаар лугаа адил зэрэглээ болой. Хэмжиж тодорхойлшгүй, нөхцөл нь бүрэлдэхэд бүтэж буй болсон бүхнийг мөнх оршино гэж итгэх нь буруу үзэл бөгөөд түүнийг “Мөнх оршихын онол”
гэнэ.

Нөгөө талаар, энэ бүхэн замхарч алга болно хэмээх нь мөн буруу үзэл бөгөөд түүнийг “Үл оршихын онол” хэмээнэ.
Энэ бүх мөнхийн амьдрал ба үхэл, орших ба үл оршихын томьёолол нь эд юмсын үнэн зөв байдал бус юм. Хүн тэдгээрт дасаж ээнэгшсэн учир түүнд ингэж санагдаж буй билээ.

Хэрэг дээрээ хорвоо ертөнцийн юм бүхэн нь дасаж дотноссон эсэхээс үл шалтгаалан оршиж байдаг. Энэ ертөнцөд юм бүхэн цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд буй болох тул бүгд хувирч өөрчлөгдөнө. Эд юмс мөн чанаргүй учир мөнхийн хийгээд байнгын орших чанартай байж чадахгүй.

Эд юмс үргэлж хувирах тул хий үзэгдэл, халуунд халсан агаар зэрэглээтэн үзэгдэх мэт билээ. Үүний хажуугаар тэдгээр нь үнэн чанартай. Тэдгээр нь мөнхийн хувирамтгай чанартай юм. Гол мөрөн хүнд гол мөрөн гэж л харагдана.

 

Гэтэл усыг гал хэмээн үздэг өлсгөлөн сүнс буюу бирдийн нүдэнд гол мөрөн хэмээн харагдахгүй. Тиймээс бирдийн хувьд гол ус “байхгүй байна”, хүний тухайд “байна” гэж нотолж болохгүй. Үүнтэй адил юуны ч тухай “Байна”, “Байхгүй” хэмээж болохгүй. Учир нь бүх юм хий үзэгдэл билээ.

Түүгээр ч зогсохгүй энэхүү хий үзэгдэл бүхий ертөнцөөс өөр бодит ертөнц, мөнхийн ертөнц аль аль нь үгүй учир энэ орчлонг харьцангуй, цаг зуурын холбоо хэмээж бас болохгүй. Мөн энэ ертөнц бодит чанартай хэмээж үл болно. Хүмүүс, алдаа дутагдлын учир шалтгаан энэ ертөнцөд оршино хэмээн боддог.

Гэтэл энэ ертөнц хий үзэгдэл юм бол хүний сэтгэлд хүслийг төрүүлж чадахгүй, түүнээс болж хүн алдаа мадаг гаргах ёсгүй. Хүмүүс энэ үнэнийг эс мэдэж, эл ертөнцийг харьцангуй, эсвэл цаг зуурын, үгүй бол бодит хэмээн үздэгээс тэнэг алдаа гаргана. Ухаантан хүн энэ үнэнийг ойлгож, хий үзэгдлийг хий үзэгдэл хэмээн үзэж, эл алдааг
гаргадаггүй.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!