Дундад зам мөр. Бурхан багшийн сургаалыг дагаж буй хэн бүхэн амьдралын хоёр туйлаас зайлсхийх ёстой. Нэгдүгээрт, бузар булай хүсэлдээ автаж түүнийгээ хангах гэж хөөцөлдөхөөс сэргийл. Хоёрдугаарт, бие махбод, санаа сэтгэлээ элдвээр сорьж, тарчлаан зовоож, хэт хатуу амьдралыг дээдлэхээс болгоомжил.
Амьдралын энэ хоёр туйлаас зайлж, билгийн нүдээ нээж, оюун ухааныг хөгжүүлж, гэгээрүүлдэг
амьдралын дундад замыг баримтлах хэрэгтэй. Дундад зам гэж юун буй. Энэ бол зөв зүйтэй
найман мөрийн нэр юм. Үүнд: зөв үзэл, зөв бодол, зөв үгс, зөв үйлс, зөв амьдрах, зөв эрмэлзлэл, зөв
дурсахуй, зөв төвлөрөхүй эдгээр болно.
Энэ хорвоод цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүх юм бүтэж эвдэрдэг бөгөөд эд юмс оршиж байна, үл оршиж байна хэмээн алиныг нь ч нотолж үл болно. Нэг хэсэг тэнэг хүн эд юмс оршиж байна гэдэг, нөгөө хэсэг нь үл оршиж байна гэдэг.
Харин зөв ухаарсан хүмүүс энэ бүхэн оршиж буй бус, үл оршиж буй бус хэмээдэг. Энэ нь чухамхүү эд юмсыг үнэн зөвөөр үзэх дундад үзэл юм. Томоохон гуалин мод их мөрөнд хөвж явна хэмээн бодогтун. Хэрэв энэ гуалин баруун, зүүн эргийн алинд ч эс ойртвол, их мөрний тэхий дунд эс живбэл, усны хаялга түүнийг эрэг дээр эс гаргаж
хаявал,
хүн түүнийг эс барьж тогтоовол, эргүүлгэнд эс орвол, дотроосоо эс өмхөрвөл, хөвсөөр яваад эцэст нь далай тэнгист хүрнэ. Бурхан багшийн сургаалыг дагагч хэн ч гэсэн энэхүү гуалин лугаа адил дотоод, гадаад тал, орших,
үл орших, зөв, буруугийн аль алинд эс дасаж, төөрөгдлөөс ангижиран ухаан санаагаа гагцхүү гэгээрэхийн тухай бодолд эс автуулж, харин гол мөрний яг тэхий дундуур нь хөвж явах ёстой.
Энэ бол чухамхүү эд юмсыг үзэх дундад үзэл, амьдрах дундад арга юм. Бурхан багшийн сургаалыг дагаж буй хүн бүхэн амьдралдаа хоёр туйлаас зайлсхийж, дундыг
баримтлавал зохино.
Аливаа юманд ижилдэн дасч үл болно, орчлон хорвоод бүх юм үл эвдэрдэг, тодорхой шинж чанаргүй хэмээн мэдэх ёстой. Тэр ч байтугай өөрийнхөө сайн үйлд ч дасаж болохгүй. Эс ижилдэн дасах нь аливаа юмнаас эс
чаргууцалдах, аливаа юманд эс ээнэгшин дасахын нэр юм.
Бурхан багшийн сургаалыг баримтлагч хүн үхлээс үл айж, амьдрахыг эс гуйдаг. Тэрбээр янз бүрийн үзэл санааг эс дагадаг. Хүн аливаа юманд ижилдэн дасмагцаа төөрөлдөж эхэлдэг. Тиймээс гэгээрэхийн зам мөрийг баримтлан явж буй хүн юунд ч ижилдэн дасаж үл болно, аливаа юмнаас чаргууцалдаж үл болно, юуг ч хэт сониучирхан шохоорхож үл болно, юун дээр ч саатан зогсож үл болно.
Гэгээрэх нь илрэх тодорхой хэлбэргүй, өнгөгүй билээ. Тиймээс гэгээрэхэд гэгээрч буй юм үгүй . Төөрөгдөх нь буй учраас л гэгээрэх нь байдаг, хэрэв төөрөгдөл үгүй болвол, гэгээрэл мөн адил алга болно. Төөрөгдөл үгүй бол гэгээрэл байхгүй, гэгээрэл үгүй бол төөрөгдөл байхгүй.
Тиймээс гэгээрэл буй нь нэг ёсны саад бэрхшээл юм. Харанхуй буй учраас гэрэл гэгээ гарах ёстой. Хэрэв харанхуй үгүй бол гэрэл гэгээ гарах ч хэрэггүй. Тэгсэн цагт гэрэл гэгээ ч үгүй , гэрэлтүүлэх зүйл ч үгүй болно.
Бурхан багшийн сургаалыг үнэхээр дагаж буй хэн ч гэсэн гэгээрчихээд түүндээ саатан зогсдоггүй.
Учир нь гэгээрэл буй хэмээх нь төөрөгдөл билээ. Тийм байдалд хүрвээс бүх юм төөрөгдөл мөн учраас гэгээрэл, бүгд харанхуй мөн учраас гэрэл гэгээ болно. Хорвоогийн хүсэл шунал бүхэн өөр юу ч бус, гагцхүү гэгээрэл болон хувиртал гэгээрэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном