Home » Хүн гай зовлонгоос айж, зол жаргалыг хүснэ. Гэтэл гэгээрсэн оюунаар тунгаавал хүн гай зовлон бол чухамхүү зол жаргал мөнийг ухаарна.

Хүн гай зовлонгоос айж, зол жаргалыг хүснэ. Гэтэл гэгээрсэн оюунаар тунгаавал хүн гай зовлон бол чухамхүү зол жаргал мөнийг ухаарна.

by Aurora

Дундад зам мөр: Аливаа эд юмс хоорондоо ижил тэнцүү, тэдгээрийн хооронд ялгаа үгүй. Энэ ухагдахуун нь Шунъята буюу хоосон чанар юм. Аливаа эд юмс өөрийн мөн чанаргүй, тэд эс бүтэж, эс эвдэрдэг.

 

Тэдгээрийг үгээр дүрслэн тодорхойлох аргагүй юм. Тиймээс тэдгээр нь хов хоосон билээ. Гэгээрэх нь илрэх тодорхой хэлбэргүй, өнгөгүй юм. Тиймээс гэгээрэхэд гэгээрч буй юм үгүй. Энэ хорвоод бүх юмс хоорондоо харилцан
холбоотой, нэг нэгнээсээ шалтгаалан оршдог.

Тэдгээр нь бусдаас үл шалтгаалан өөрсдөө оршиж чадахгүй. Энэ нь гэрэл сүүдэр, урт богино, хар цагаан хоёр лугаа адил юм. Эд юмс өөрсдөө, бие даан оршиж үл чадна. Тэдгээр нь мөн чанаргүй юм. Түүгээр ч зогсохгүй, төөрөгдөл үгүй бол гэгээрэл үгүй, гэгээрэл үгүй бол төөрөгдөл үгүй билээ.

Энэ хоёр нь нэг нэгтэйгээ ҮЛ зөрчилдөх тул, эд юмс эсрэг тэсрэг чанаргүй билээ. Хүмүүн бид эд юмс бүтэж, эвдэрч байна хэмээн боддог. Үнэн хэрэг дээрээ эд юмс эс бүтнэ, тийм болохоор эс эвдэрнэ. Юмсын мөн чанарыг таних билгийн нүдтэй болсон хүн эд юмс үл бүтэж, үл эвдэрдэгийг мэдээд, үнэнийг сэхээрч, эдгээр нь тус тусдаа ялгаатай
ойлголт бишийг ухаарна.

 

Хүн “би” байдаг хэмээн итгэдэг тул “миний” гэдэгтэй зууралддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ “би” бээр үгүй учраас “миний” бээр мөн адил үгүй юм. Хүн “би”, “миний” аль нь ч үгүйг мэдээд үнэнийг таньж, эдгээр нь өөр, өөр ялгаатай ойлголт биш болохыг мэддэг.

Ариун, бузар хоёр буй гэж үздэгээс хүн бүх юмыг ариун, бузар хэмээн хуваана. Гэтэл хэрэг дээрээ ариун, бузрын аль нь ч үгүй, тэдгээр нь хүний сэтгэлээс үүдсэн буруу ташаа төсөөлөл юм. Хүн нүгэл, буян буй хэмээн бодож, бүхнийг
нүгэл, буян хэмээн хуваадаг.

Гэтэл дан ганц буян, дан ганц нүгэл гэж байхгүй. Гэгээрэх замыг дагаж буй хүн үнэнийг ухаарч буян, нүгэл нь ялгаатай бус гэдгийг ойлгоно. Хүн гай зовлонгоос айж, зол жаргалыг хүснэ. Гэтэл гэгээрсэн оюунаар тунгаавал хүн гай зовлон бол чухамхүү зол жаргал мөнийг ухаарна.

 

Хүн үнэнийг ухаарахдаа бие сэтгэлийг эзэмдэж, эрх чөлөөг боогдуулсан төөрөгдөл ч үгүй, мөн жинхэнэ
эрх чөлөө гэдэг ч үгүй хэмээн ойлгоно. Тиймээс “Орших”, “Үл орших”, “Төөрөлдөх”, “Гэгээрэх”, “Чухал”, “Чухал бус”, “Зөв”, “Буруу” хэмээн ярьдаг ч хэрэг дээрээ хоёр эсрэг тэсрэг ойлголт буй бус.

Тэдгээрийн үнэн байдлыг үгээр илэрхийлэн дүрслэх, үзүүлж харуулах, ухаарч мэдэх бололцоо байхгүй. Харин үгс болон санаа сэтгэлийнхээ төсөөллийн эрхшээлээс гарах хэрэгтэй. Хүмүүс үг хийгээд төсөөллийн эрхшээлээс ангижирсан цагтаа жинхэнэ хоосныг онож ухаарна.

Үлгэрлэвэл лянхуа цэцэг цэмцгэр тал, өндөр ууланд бус, харин булингартсан намагт ургадаг билээ. Үүнтэй адил төөрөгдөл дунд хүн гэгээрч, буруу ташаа үзэл бодол, төөрөгдлөөс Бурхан болохын үр үндэслэдэг бүлгээ. Элдвийн аюул саадыг давж, далайн ёроолд хүрч баймааж сая үнэт эрдэнэсийг түүхтэй адил төөрөгдлийн булингарт далайн ёроолд шумбаж баймааж гэгээрэхийн үнэт эрдэнэсийг олно.

 

Хүний өөртөө дассан сэтгэл нь уул нуруу адил агуу том боловч, хэрэв Бурхан багшийн сургаалыг дагахаар
сэтгэл шулуудвал ямар ч байсан гэгээрнэ. Эрт урьд цагт мэргэд шовх шовх үзүүртэй хадан дээр гараад эс шархтаж, дүрэлзэн асч буй галд ороод эс түлэгдэж,

эс үхэж үрэгддэг байсантай адил, харин ч үргэлж цовоо сэргэлэн байсны адил, Бурхан багшийн сургаалыг дагаж буй хүн нэр төр, алдар гавьяаны шовх шовх хад асган дээр гарсан ч, үзэн ядах сэтгэлийн галд орсон ч гэгээрлийн ариухан салхи сэвэлзэхийг мэдэрнэ.

Бурхан багшийн сургаалыг дагасан хүн үнэнийг ухаарч, эсрэг тэсрэг ухагдахуун нь өөр өөр бус, угтаа нэг л мөн чанартайг ойлгоно. Эсрэг тэсрэг ойлголтоос нэгийг нь салгаж, түүнийгээ эс тавин зууралдваас тэр ухагдахуун нь буян буюу зөв үзэл байсан ч алдаа болно.

Хорвоо ертөнцөд бүх юм өөрчлөгдөн хувирна гэсэн үзэл санааг хатуу баримталбал энэ нь мөн алдаа болно. Ертөнцөд юу ч хувиран өөрчлөгдөхгүй гэсэн үзлийг чанд дагавал энэ нь бүр ч том алдаа болно. Хэрэв “би” бээр буй хэмээн хатуу итгэвэл алдаа болж, хүн зовлонгоосоо салж чадахгүй.

 

Хэрэв “би” бээр буй бус хэмээн чанга итгэвэл энэ нь бас алдаа болж, тийм хүн Бурхан багшийн сургаалыг дагах утга учиргүй болно. Энэ ертөнцөд бүх юм зовлон зүдүүр хэмээн хөдөлшгүй итгэвэл энэ нь алдаа болно. Энэ ертөнцөд
бүх юм баяр баясгалан хэмээн хөдөлшгүй итгэвэл энэ нь бас алдаа болно. Бурхан багшийн сургаал дундад замыг зааж, аливаа туйлшралаас зайлсхийхэд сургадаг.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!