Home » Ааль сайхан бол Амьдрал сайхан…

Ааль сайхан бол Амьдрал сайхан…

by Aurora

Хэзээ ч хагацашгүй хүндээ марташгүй муу үгийг бүү хэлээрэй. Аар саархан юман дээр ааш аяг битгий гаргаж байгаарай. Эр хүн харахад хэдий хүдэр ч гэлээ хүүхэд шиг зөөлөн улс.Хааяа магтаж бай. Хааяа бууж өгч бай. Эгзэг нь таарсан үед эвийг нь олж өөрөөс нь өөр хүн энэ амьдралд тулах тулгуур болохгүй.

 

Үргэлж дэргэд минь байх хүн шүү гэдгийг нь ойлгуулж бай. Бие биедээ туньж бишүүрхэн биесээсээ холдохыг бүү эрмэлз. Нөхөргүй байх тийм ч чимэгтэй зүйл биш. Наанадаж хүмүүс элэг барих гээд байдаг юм. Эмээ нь энэ зовлонг эдэлсэн болохоор чамд ингэж хэлж байгаа юм.

Эр хүний амьсгаа нь хүртэл сайхан шүү дээ. Эр хүн гэрийн хоймор эзлээд суух үед эзэгтэй хүн цайныхаа дээжийг барихад хийморь, сүлд нь сэргэж байдаг юм. Дэргэдээ байгаа эрдэнээ хайрлаж, сайхан үгээр сэргээж байгаарай. Амжилттай яваа эр хүний ард сайн ханийн сэтгэлийн хаялга болсон чимх үг, халамж хайр байдаг юм шүү.

Хэзээ ч хагацашгүй хүндээ хэзээ ч марташгүй муу үгийг бүү хэлээрэй. Эмээ нь энэ амьдралын өндөрлөгөөс энэ л зүйлийг ихэд ухаарсан юм шүү. Гэхдээ нэг зүйлийг цээжиндээ санаж явах хэрэгтэй. Үргэлж эр нөхөрт ачаа үүрүүлж бүгдийг биед нь тохох хэрэггүй.

 

Өөрөө хүчтэй бай. Өөрийн гэсэн зорилго, тэмүүлэл, орлого, хоббитой, өөртөө зарцуулах халаасны мөнгөтэй байх хэрэгтэй. Өөрийгөө арчил, торд, биеэ сайхан авч яв. Арчаатай эмэгтэйгээс эр хүн тийм ч хурдан холдож явдаггүй юм. Эмэгтэй хүн энэ сайхан эрчүүддээ гологдохгүй л байх хэрэгтэй байгаа юм гэж чин сэтгэлийн үгээ нээж билээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: “Өөрөөс эхлэх амьдрал” номын хэсгээс…

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!