Home » Зүүд нойрондоо ч буян үйлдэх боломжтой

Зүүд нойрондоо ч буян үйлдэх боломжтой

by Aurora

Хоол идсэний дараа бие хүндэрч нойр хүрдэг. Бие тамирдахад нойр шаардлагатай болно. Хоолгүй яваад ч тамирдаж болно. Харанхуй үзэгдэл сэтгэлд бууж бас нойр хүрнэ. Нойр нь бусдад урвагч сэтгэл юм. Нойр буян эсвэл нүгэл аль руу ч урваж болно. Яагаад нойр хүрэв гэдгээс буян, нүгэлд урвахгүй. Харин унтах үед сэтгэлийн зоригдол, гүнлэн санаа нь буян уу, эсвэл нүгэл үү гэдгээс хамаарна.

 

Нойрсохын өмнөх оюун нь буяны зүгийн бодол үед буянд зоригдож, буян үйлдсэнд тооцогдоно. Эсрэгээр нүгэл хилэнц үйлдсэн болно. Аль нь ч биш бол буян ч биш, нүгэл ч биш юм. Буяны сэтгэлүүдтэй барилдсан оюуны зоригдолтой нойр буян болно. Буяны сэтгэл нь зөв сүжиг, ичгүүр, сонжуурыг мэдэх, хүсэл шуналгүй, уур хилэнгүй, мунхаг үгүй, хичээнгүй, сайныг дадуулах, сэрэмжтэй байх, тэгшид барих, тийн хөнөөлгүй 11 болно.

Нойр гэсэн энэ сул орон зайг буянд урвуулах хэрэгтэй. Нойрсох агшин болгоныг буян хийхэд зориулахыг хичээ. Иймд унтахын өмнө бусдыг муугаар бодох, уурлах, шунал хүсэлд автвал нойр хаашаа эргэх нь ойлгомжтой. Нүгэл рүү юм.

Цагийн нойр гэж юу вэ? Шөнийн нойрыг эхэн, дунд, адаг гэж 3 үед хуваана. Дунд үед хүн амрах ёстой. Эхний болон адаг хэсэгт хүн бясалгал хийх боломжтой. Цаг бусын нойр гэж юу вэ? Хүн амрах ёстой цагтаа нойроо авах ёстой. Амрах цагтаа тоглоод, босох цагаар унтаад байвал архаг өвчин болж үлддэг. Ном буяны ч үйл болж үл чадна.

 

Нойрны ач холбогдлыг мэдэхгүйгээс ертөнцийн үйл ч хийж чадахгүй. Шөнө болоход хүний бие хумигдаж, унтаж амрахгүй бол бие маш их эвдрэлд ордог. Энэ хэмнэлийг зөв зохицуулах ёстой. Хүний биеийн тэжээлийг хоолны ба нойрны гэж ангилна.

Цааш нь бүр нарийсгавал “оюун санааны тэжээл” гэж бий. Нойр хийгээд санаа бодлын тэжээл маш чухал. Хүн сэтгэлээс их тэжээл авдаг. Сэтгэлд нь итгэл найдварын оюун төрөхөд өлсгөлөн хүн ч үхдэггүй. Иймд зөв цагийн нойр бидний тэжээл болно. Харин цаг бусын, залхуурал, илүүдэл нойр нь буяны цаг хороогч юм.

Нойрсохын өмнө хэдий чинээ буяны сэтгэлийг дадуулна, төдий чинээ буяныг нойрон дунд үйлдэж болно. Сайхан зүйл бодоод унтахад, сайн нойр авна. Сайн зүйл бодоод ирэхээр сэтгэл санаа сарууул болно. Нойрыг буянд урвуулбал үхэхэд санаа зовох зүйлгүй, үхлийн гэгээн гэрлийг өөрийн гэгээн гэрэл болгож, дээд увидсын багштайгаа учирдаг юм. Нойрны хүчээр их буян өөр зүйлтэй холилдохгүй давуу талтай.

 

Харин унтаагүй сэрүүн байхдаа хийсэн буян өөр зүйлтэй холилдох гээд байдаг. Иймд нойрсох үед бид бүтэн буян хийх боломжтой. Сайн сайхан зүйлийг бодож нойрсох хэрэгтэй. Хар бараан зүйлс бодож унтвал хүчтэй хар хилэнц болж үлдэнэ. Нойроо хилэнцтэй барилдуулбал, унтаагүй байхдаа үйлдсэн хилэнцээс хүчтэй байна.

Өглөө сэрсэн ч тэр муу зүйлээ хийх, муу явдал руу хөтлөгдөх гээд байдаг. Зүүд нойрондоо бид үйлийг суурь, найруулга, төсгөлтэй нь бүрэн, тууштай хийж чадна. Эрч хүч нь суларна гэж үгүй. Иймээс нойрыг буянд дадуулах хэрэгтэй. Аливаа зүйлийг сайнаар бодож, сайнаар дуусгаж ерөөл тавьдаг байх хэрэгтэй.

Эх сурвалж: Ачит багшийн айлдвараас…

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!