Алимны хальс болон үрэнд хамгийн их витамин агуулагддаг. Хэрвээ эрүүл хөрсөнд ургасан алим олддог бол шүүсийг нь шахаж ууж хэвших нь маш хэрэгтэй. Ерөнхийдөө алим бол боломжит олон төрлийн витаминуудыг хамгийн тэгш агуулсан жимсэнд тооцогддог.
Алимыг идэхдээ хальстай нь, бас үрийг нь сайтар зажлан, залгиж болох бүгдэнтэй нь идэхийг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Хальсны хувьд бол элдэв хор, удаан хадгалахад чийг алдахгүй гэж цацсан бүрхүүл үүсгэдэг бодисыг нь заавал сайтар цэвэрлэж байж л идэх хэрэгтэй.
Учир нь хальс болон үрэнд хамгийн их витамин агуулагддаг. Монголд давжаа алим ургуулж байгаа. Тийм эх орны эрүүл хөрсөнд ургасан жимс л хамгийн сайн нь гэж бодож болно. Бас жимс хэдий гоёмсог, сэтгэл татам өнгө сайтай байх тусам химийн элдэв хор ихтэй байх магадлалтай.
Жимсний шүүсийг шахаж хэрэглэх нь жимсээ идсэнээс илүү дээр байдаг. Ж нь алим идэхэд сайндаа л нэг хоёроос илүүг чадахгүй. Харин шүүсийг нь уухад илүү хурдан биед шингэнэ бас илүү их алим идсэнтэй адил шимийг нь авна гэсэн үг. Гэхдээ өдөрт нэг л алим өдөр бүр идэж хэвших нь маш сайн.
Жимсний шүүс гаргахад хурдан болон удаан эргэлттэй шахагчаар гаргадаг. Боломжтой бол удаан эргэлттэй, манайхны хэлдэгээр могой араатай, (мушгирч удаанаар эргэлддэг, гэхдээ хамаагүй илүү шүүс шахдаг) шахагч нь илүү дээр байдаг.
Шүүсийг шахсан даруйд нь уух нь зөв. Хадгалж болдоггүй. Тэгэхээр уух хэмжээний шүүс гаргах алим шахах нь зөв. Алимны шүүс тогтмол ууснаар цөсний чулуу үүсэх, үүссэн байгаа бол аажим зөөллөж, хатуурч сувгаа бөглөхөөс хамгаалдаг. Мөн элэг цөсөө угаахаас өмнө багадаа 7 хоног алимны шүүс уух хэрэгтэй байдаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах