Home » Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй

Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй

by Aurora

Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ.

 

Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг. Харин уламжлалт эмэнд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг.

Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна. Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцрана, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтэнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй.

Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг. Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ.

 

Харин шарын бэлгэ чанар хямарсан цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ. Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа.

Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг. Тиймээс хүмүүс аль болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!