Сэтгэлд таатай зүйлийнхээ (хүн, эд зүйл г.м) гоё сайхныг сэтгэлдээ хэт дөвийлгөх явдал ихэсвэл хомхой шуналт сэтгэл ихээр нэмэгдэнэ. Ийнхүү сэтгэл нь хүсэл шуналд бүхэлдээ эзлэгдэж, түүндээ хордсоноор бие махбодод хийн бэлгэ чанаруудын тэнцвэр алдагдана.
Хийн бэлгэ чанарын тэнцвэр алдагдсанаар зүрх дэлсэх, толгой эргэх, чих шуугих, нойргүйдэх зэрэг эмгэг шинжүүд илэрч, улмаар цул, сав эрхтэний хийн өвчин үүсдэг байна. Харин сэтгэлд таагүй зүйлээ (хүн, эд зүйл г.м) үзэн ядахыг хэт дөвийлгөж өөгшүүлвэл дайсагнах явдал ихсэн бадарч уур хилэнгийн сэтгэл ихээр дүрэлзэнэ.
Ийнхүү уур хилэнд сэтгэл нь бүхэлдээ эзлэгдсэнээр түүндээ хордож бие махбодын шарын бэлгэ чанар тэнцвэргүй болно. Шарын бэлгэ чанарын тэнцвэр алдагдсанаар цус шарын халуун хурц чанар ихсэж судас хагарч зүрх, тархинд харвалт үүсэх,
даралт ихсэх, цөс өтгөрөх зэрэг эмгэг шинжүүд илэрч, улмаар цул, сав эрхтэн зэрэгт халуун шарын өвчин үүсдэг. Иймд аливаа зүйлийг учир шалтгаан, шүтэн барилдлагаар магадлан шинжилж, уужуу ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандах нь чухал.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг