Өвчин гэдэг бол зовлон. Зовлонг үүсгэгч нь би үгүйн утгыг эс оносон “мунхаг сэтгэл” бөгөөд түүнээс улбаалсан 84 мянган муу сэтгэл байдаг гэж үздэг бөгөөд эдгээрийг хураангуйлаад гурван муу сэтгэлд авч үздэг. Үүнд аливаа сэтгэлд таатай зүйлд атгагласан хүсэл тачаалын сэтгэл, аливаа сэтгэлд таагүй зүйлдээ атгагласан уурын сэтгэл.

Энэ хоёр сэтгэл нь сайн-муу, сайхан-муухай гэсэн хоёр эсрэг мөртлөө, хэтийдсэн муу сэтгэл юм. Гурав дахь нь аливаа зүйлийн сайн, муу, сайхан муухай танихгүй байгаа тэнэг сэтгэл. Энэ бол оюун ухааны чадамж үнэхээр дорой байна гэсэн үг.
Энэ гурван муу сэтгэл нь хүний бие махбодод хэвийн үйл ажиллагаа явуулж буй хий, шар, бадганы бэлгэ чанарын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Тухайлбал, аливаад шунаж, тачаагаад байвал түүний улмаас гуниглаж, гомдож, санаашрах зэрэг олон янзын муу сэтгэлүүд төрж, түүний улмаас хийн зургаан бэлгэ чанар ихэснэ. Хийн бэлгэ чанарууд ихэссэнээр хий голлон гүйдэг яс үес, зүрх өвдөнө, чих шуугина, толгой эргэнэ гэх зэргээр хийн өвчнүүдийг үүсгэнэ.
Уурын сэтгэлээс омог, атаа зэрэг олон муу сэтгэлүүд тэр даруйдаа зэрэгцэж төрнө. Ингэснээр шарын бэлгэ чанар ихсэж, шарын бэлгэ чанар голлон гүйдэг элэг, цөс, нүд, гэдэс дотор хямрана, цусны гүйдэл болон бүтцэд эмгэг өөрчлөлт орно.
Харин бие, сэтгэлээр аливаа нөхцөл байдлын таатай таагүйг мэдэхгүй, оюун ухаанаар ухаарахгүй тэнэг сэтгэл нь гутрал, дорой үзэл, үл мэдэх мунхуурлын сэтгэлийг төрүүлж хүний бие дэх бадганы бэлгэ чанарыг ихэсгэж нус цэр, сальс, өөх нь арвидан, тархи толгой, ходоод, дэлүүний өвчин зэргийг үүсгэнэ.
Ийнхүү буруу, муу сэтгэл нь өвчин эмгэгийг үүсгэдэг бол харин зөв, сайн сэтгэл нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, эмчлэн эдгээхэд чухал нөлөөтэй юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ