…Бүхий л үест хэн ачтай вэ гэвэл ээж, аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг нь ойлгосон цагт л ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Тэгээд миний ээж аав хоёр надад ачтай бол тэдний ээж аав бас ачтай. Тэдний ээж аав ачтай юм чинь тэдний ээж аав ч ачтай гэх мэтээр хамаг амьтан ачтай юм.
…Эх гэдэг хүн ямар ачтай вэ гэдгийг сайн тунгаагаад үз. Ээж хүн бол хүүхдээ хөхүүлээд, шөнө уйлахаар нь ухас хийж босож аваад, хуурайлаад, хоолоо идэж чадахгүй болохоор нь өөрөө зажилж аманд нь хийж өгөөд, аль болох цэвэрхэн, хуурай юман дээр хэвтүүлээд л өдөр шөнөгүй аль чадлаараа энхрийлэн өсгөнө. Тэгээд махаа барж, биеэ эцтэл хөдөлмөрлөсөн олз бүхнээ, бүхий л сайн сайхан зүйлээ үр хүүхэддээ зориулдаг.
…Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэл санааг нь тайван байлгах ёстой. Үгэнд нь орох хэрэгтэй. Үр хүүхдээ буруу юманд сургадаг эцэг эх ялангуяа Монгол оронд ховор шүү. …Бурхан багшийн сургаал номлолын суурь нь энэрэнгүй сэтгэлийн тухай юм. Бодь сэтгэлийг долоон шатлалаар үүсгэдэг.
Эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан бол миний эх гэдгийг мэд, дараа нь ачийг нь сана, ачийг нь хариул, дараа нь асрамж сэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл, илүүтэй сэтгэл, бодь сэтгэлийг үүсгэдэг. Бас нэг бодь сэтгэл үүсгэдэг арга нь өөрийгөө бусдаар сольж боддог. Өөрөөр хэлбэл би зовж байгаа юм чинь тэр хүн ч бас зовж байгаа. Тиймээс тэр хүний зовлон ч арилаасай гэж бодох юм. Энэ хоёр аргаар бодь сэтгэл төрдөг…
Эх сурвалж: Гэгээрлийн суурь Ачит багшийн айлдвараас: