Home » АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛЭГ: Амнаас гарсан ҮГ бүхэн өөрийн энергитэй, сэтгэл зүйд нөлөөлөх чадалтай байдаг

АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛЭГ: Амнаас гарсан ҮГ бүхэн өөрийн энергитэй, сэтгэл зүйд нөлөөлөх чадалтай байдаг

by Aurora

Олонхийн маань үл хайхарч, огт ач холбогдол өгдөггүй боловч үнэндээ маш чухал, ажил амьдрал, сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлдөг нэг зүйл бол бидний хэлж буй ҮГ юм.

Санаатай санамсаргүй алин боловч амнаас гарсан ҮГ бүхэн өөрийн энергитэй, бидний сэтгэл зүйд нөлөөлөх чадалтай байдаг гэдгийг бид мэддэг, ядаж л сонссон хэрнээ одоо болон ирээдүйн амьдралд маань ямар хүчтэй нөлөөлж болох талаар боддоггүй.

 

Чи өөрийн тухай биш, огт танихгүй хэн нэгнийг элдэв үгээр дүгнэж, ялангуяа сошиалаар янз бүрийн сөрөг тайлбар коммент бичих нь мэдээж тухайн хүнд, хүнд цохилт болж болох ч хамгийн түрүүнд чи өөрөө тэрхүү сөрөг үг, бодлын золиос болдог.

Магадгүй чамайг хэн ч танихгүй, нэр зургаа тавиагүй хаягнаас юу ч гэж бичсэн яадгийн гэж бодож болно. Гэвч тэр ҮГийг хэлэхэд, бичихэд чиний л оюун бодол, далд ухамсар чинь тухайн үгээр өдөөгдөн гарах үр дүнд хүрэхээр идэвхиждэг.

Өөрөөр хэлбэл чи бусдад таагүй зүйл хэлж байгаа чинь өөртөө яг тийм нөхцөл байдлыг татах командыг орчлон ертөнцөд өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр шүүмж бичсэн ч хэлэх санаагаа зөв ҮГээр ойлгомжтой бичвэл илүү үр дүнтэй байх магадлал нь нэмэгдэх ба хэлж буй хүндээ ч аюулгүй.

 

Нийгэм тэр аяараа ийм бна, бүгд л ингэдэг шдээ гэхчилэн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болох л доо. Гэвч чи бол бие даасан ертөнц. Заавал бусдыг даган дуурайх шаардлагагүй. Тэгээд ч өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхгүй юм бол өрөөлөөс хүлээх хэрэггүй.

Ядаж л сөрөг ҮГ хэлж бичихээ багасгах, чадвал бүр болих хэрэгтэй. Магадгүй зарим нь үгийн баялаг ихтэй биш болоод сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга хэлбэр нь арай өөр өнцгөөс байж болох . Хэрвээ тийм бол монгол хэлээ сайжруулж, сайхан зохиолууд уншиж болно.

Бас бидний толин тусгал болсон үр хүүхдүүддээ аль болох сайхан, утга төгөлдөр, эерэг ҮГсийг хэлж сонсгож байж гэмээнэ тэднийхээ ухаан бодол сэтгэлгээг зөв хөгжих суурийг тавьж байгаа хэрэг. Энэ ч зорилгоор тэднийгээ ном уншуулж сургах хэрэгтэй.

 

Унших номыг нь мэргэн ухаант эцэг эхчүүд нь сонгож туслах нь дээр. Нас өндөр болсон хойно чинь чамайг хайрлаж, тойглох хүмүүс хэн байхыг, чамд ямар ҮГ хэлж сэтгэлийг чинь тайвшруулахыг өнөөдрийн чиний хүүхэддээ эсвэл хүүхдийнхээ дэргэд хэлж буй ҮГ чинь шийдэж тодорхойлно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!