Залуу насны эрч хүч, саруул ухаан, цоглог байдлаа хадгалж үлдэх олон аргын нэг нь дуу дуулах ажээ.
Йогачид аль болох аажим, удаан амьсгалахыг эрхэмлэдэг. Учир нь бидний амьсгалын тоо хязгаартай. Бид хэрвээ богинохон, өөрөөр хэлбэл зөвхөн цээжний буюу уушигны дээд хэсгээр голдуу амьсгалаад байвал амьсгалын тоог хурдан дуусгана гэж тэд итгэдэг байна.
Тиймдээ ч тарган, гүзээтэй йогач хүн байдаггүй. Тэд аль болох хэвлийн амьсгалаар гүн амьсгалах нь нас уртасна гэдэгт эргэлздэггүй. Харин дуулах үед хүн богино амьсгалаар амьсгалдаггүй. Заавал уртаар амьсгалдаг нь дээрх йогийн арга барилтай төстэй байдаг. Энэ нь мэдээж урт наслахад ямар нэгэн байдлаар нөлөө өгөх боломжтой.
Бид бол энерги, эрчимийн үүсгүүр юм. Энэ нь бид бол хэлбэлзэл гэсэнтэй утга нэг. Тэгэхээр амьсгалын тусламжтайгаар биеийг хөгжмийн зэмсэг, авиа үүсгэгч, тэгэхдээ бүр багагүй хүчтэй дууны хэлбэлзэл үүсгэгч болгоно гэдэг нь (дуулахыг хэлж буй) угаасаа хэлбэлзлийн үүсгүүр болсон биед нэмэгдэл вибраци өгнө гэсэн үг.
Тэгэхээр биеийн эд эс бүхэн идэвхжих, бодисын солилцоо сайжруулах механик доргилт өгч байгаа юм. Мөн дуулж сурснаар уушигны багтаамж сайжирч, амьсгалын зам цэвэршихэд сайн нөлөөтэй байдаг. Бас бясалгал хийдэг, өөрийн дотоод билиг ухааны хөгжилд санаа тавьдаг хүмүүсийн хувьд дуулах нь тэдний оюун санааны хөгжилд чухал нөлөөтэй гэж үздэг.
Энгийн хүмүүс хүртэл дуу дуулахаар сэтгэл сэргэдэг гэдгийг мэддэг. Тиймээс ч бүгд л дуу аялгуунд дуртай, дуулахгүй ч гэсэн сонсож суух сайхан байдаг. Тэгэхээр цаг заваараа, бас бусдад саад болохгүй орчинд чанга сул сайхан муухай нь хамаагүй, зөвхөн өөртөө зориулан дуулж, өөрийн хоолойн өнгө, чадварыг бахдан суух нь хүн болж төрсний хувьд заавал хийх ёстой гэж үздэг хүмүүс байдаг.
Олон оронд хамтарч дуулах, мэргэжлийн бус мөртлөө зүгээр л сэтгэлээ онгойтол сайхан дуулах хүсэлтэй хүмүүсийн дугуйлан хүртэл байдаг. Тэгэхдээ архи дарс гэх мэт сэтгэцэд нөлөөлөх элдэв зүйлгүй, яг сайхан тембрээ мэдрээд, орилж хашгиралгүй дуулах нь цөөнгүй өвчнөөс салахад, сэтгэл санааг сэргээх, стрессээс хамгаалах, амьдралыг сонирхолтой сайхан болгох олон эерэг нөлөө үзүүлдэг.
Бас насаа ч уртасгах боломж өгдөг байх нь… Эрүүлжих, хөгжих зорилгоор дууны бүлгэм байгуулж, сахилга баттай, эрүүл орчин бүрдүүлэхэд болохгүй зүйлгүй юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах