Хаан хайрцганд дөрвөн хорт могой хийж, асарч байхыг нэг хүнд тушааж, сануулсан нь: “Хэрэв ганцхан ч болов могойны уурыг хүргэвэл толгойгүй болно гэж мэдээрэй”. Нөгөө хүн энэ тушаалаас үнхэлцгээ хагартал айж могойтой хайрцгийг хаяж зугтаав.

Үүнийг мэдсэн хаан бариулахаар араас нь таван зарцаа явуулжээ. Тэд зугтсан хүнийг мэхлэн хаанд авчрахыг төлөвлөсөн ч, цаадах нь мэхэнд оролгүй улам цааш зугтааж, нэг тосгонд хүрээд тэнд орогнох байр хайж эхлэв.
Гэтэл тэнгэрээс нэгэн дуу дуулдаж, энэ тосгонд хэн ч үл амьдрах бөгөөд өнөө шөнө зургаан дээрэмчин ирнэ гэв. Айж сандарсан хүн цааш зугатав.
Замд нь хүчтэй урсгал бүхий гол тааралджээ. Гатлахад хэцүү байсан ч, энэ талын эрэг дээр үлдвэл аюултайг мэдэрсэн хүн сал зангидаж, арайчүү цаад эрэг дээр нь гарч анх удаа аюулгүй газар ирснээ мэдрэв.
Энэ домог үлгэрт “Хорт дөрвөн могой хийсэн хайрцаг” нь газар, ус, гал, салхи хэмээх дөрвөн махбодоос бүрдсэн хүний биеийг төлөөлнө.
Энэхүү бие хүслийн эх булаг, санаа сэтгэлийн дайсан мөн билээ. Тиймээс тэр хүн ийм биенээс зугатахаар
шийдсэн аж. “Таван зарц зугтсан хүнийг мэхлэхээр шийдсэн” гэдэг нь хүний бие, түүний сэтгэлийг бүрдүүлсэн таван махбодын нэр юм.
“Орогнох байр” нь хүний зургаан мэдрэхүй, “Зургаан дээрэмчин” бол зургаан, мэдрэхүйн тусагдахуун билээ. Мэдрэхүйн эрхтнүүд аюул авчирдагийг ухаарсан хүн улам цаашаа зугтахад зам хаасан “Түргэн урсгалтай гол” бол хорвоогийн шунал тачаалд автсан амьдрал буюу.
Бурхан багшийн сургаалын салыг зангидсан хүн хорвоогийн шунал тачаалын аймшигтай, гүн гүнзгий голыг гэтэлж, цаад эрэгт гарч амар тайван, энх амгалан байдлыг олсон аж. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч
чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрэм болой. Гэвч ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна.
Харин эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс, айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтөлж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь, эсвэл эх
нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх, үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ.
Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй. Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн Эрлэг хаан түүнээс: “Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиулсан тэнгэртэй учирсан уу?” гэхэд: “Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй учраагүй” гэв.
“Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу?” хэмээв. “Тийм ээ, би тийм олон өвгөнтэй учирч байсан” гэв. “Чи тэдгээр сахиулсан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй.
Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм” гэв. “Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?”. “Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан”. “Чи өвдөж” буй сахиулсан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй. Тиймээс тамд унасан байна”.
“Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?” “Би үхэж буй хүмүүстэй олонтаа таарсан”. “Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиулсан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс ч ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой”.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном