Home » Хүмүүн ганцаараа төрж, ганцаараа үхдэг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой болдог.

Хүмүүн ганцаараа төрж, ганцаараа үхдэг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой болдог.

by Aurora

Энэ ертөнцөд таван нүгэл буй. Нэгдүгээрт, хүн болоод газар дээр мөлхөгч амьтан хүртэл бие биедээ байнга дайсагнаж байдаг. Хүчтэй чадалтай нь сул доройгоо шахан хавчиж, сул дорой нь хүчтэй чадалтайгаа хууран мэхэлнэ. Тэд хоорондоо
дайсагналцаж, нэг нэгийгээ үргэлж гомдоож, доромжилж байдаг.

 

Хоёрдугаарт, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нар, эхнэр нөхөр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүс өөрийн гэсэн амьдралын зарчимгүй, хатуу чанд дүрэм журамгүй байдаг. Тэд гагцхүү амиа бодож, хүслээ хангахыг хичээнэ. Тэдэнд өөрийн үнэн үгүй.

Тэд бие биенээ хууран мэхэлж, үг үйл хоёр нь үргэлж зөрнө. Гуравдугаарт, бүх амьтан атгаг муу санаа өвөрлөж, шунал тачаалд автдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль нь ч ноогдсон үүргээ биелүүлдэггүй. Учир иймээс хоорондоо дайсагнаж, хэсэг бүлэг болон хуваагдаж, хорт үйл үйлддэг.

Дөрөвдүгээрт, хэн ч сайн үйл бүтээхийг эрмэлздэггүй. Бие биеэ муу уруу татаж, муу үйл үйлдэж, худал ярьж, дэмий чалчиж, бусдыг муучилж, хоёр нүүр гаргаж, нэг нэгийгээ доромжилно. Бие биесээ үл хүндлэх тул, хүн бүр өөрийгөө энэ хорвоогийн хамгийн чухал хүн хэмээн үзэж, өрөөлийг доромжилсондоо огтхон ч ичиж гэмшихгүй.

 

Тавдугаарт, бүх хүн залхуу хойрго зантай, сайн үйл бүтээхийг үл мэднэ. Тэд баярлаж талархахыг мэдэхгүй, үүргээ ухамсарлахгүй. Гагцхүү өөрийн хүсэлд хөтлөгдөж, бусдад гай тарьж, эцсийн эцэст хүнд гэмт хэрэг үйлдэнэ.  Хүмүүс бие биенээ хүндэтгэж , нэг нэгэндээ тус болох ёстой.

Гэтэл тэгэхийн оронд хувийн өчүүхэн ашиг сонирхлоо дээдэлж, биесийг үзэн ядна. Ингэхдээ бяцхан маргаан нь яваандаа томоохон хэрүүл дэгдээж, гүн их нуугдмал хонзон, гомдож өших сэтгэл төрүүлдгийг үл мэднэ. Хэдийгээр энэ ертөнцөд дайсагнах нь хоёр талд хоёуланд нь хор хүргэх боловч шууд сүйрэлд авчирдаггүй.

Гэвч тэр нь сэтгэлийг хордуулж, хүнийг уур уцаартай болгож, сэтгэл санааг нь хувирган өөрчилдөг. Иймээс хүмүүс дахин дахин төрж, бие биеэ доромжилж, гүжирдэн гүтгэж, өвөр зуураа дайсагналцсаар байгаа юм. Энэхүү ховдог хомхой сэтгэл, шунал тачаалын ертөнцөд хүн ганцаараа төрж, ганцаараа үхдэг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой болдог.

 

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!