Буян, нүгэлийн хариу өөр өөр буй. Буян үйлдсэн хүн зол жаргалыг олдог бол, нүглийн хариуд гай гамшиг ирдэг. Энэ бол хөдөлшгүй үнэн юм. Гэхдээ хүн бүр үйлдсэн үйлийнхээ хариуг заавал өөрөө амсана. Хүсэл шунал, дадал заншил, зовлон зүдүүрээр
бат бэх холбогдсон хүмүүс цаг хугацаа улиран өнгөрөхөд улам цөхөрч зовно.
Тэд гүн гүнзгий цөхрөлд автаж, ховдог хомхой сэтгэлээ хангахыг хичээж, уур омогтой болж, эрүүл ухаанд багтамгүй юм үйлдэж, хэрэлдэж, зөв зам мөрийг үл олж, цагаасаа өмнө үхэж, байнга шаналж зовохоос өөр аргагүй болдог. Хүмүүсийн иймэрхүү амьдрал байгалийн хуулинд ч тэр, газар, тэнгэрийн хуулинд ч тэр үл нийцнэ.
Ийм амьдрал гай гамшиг л авчирч, хүмүүс энэ ертөнц болон хойт насандаа ч заавал зовж зүдэрнэ. Үнэхээр энэ хорвоод бүх юм урсан улирч, түргэн өөрчлөгдөж, тогтвортой, найдлагатай юу ч байхгүй бүлгээ. Ийм нөхцөлд байгаа хэрнээ бүгд л зугаа цэнгэл хөөцөлдөх нь ихэд гунигтай юм.
Энэ бол ертөнцийн үнэн дүр зураг юм. Энэ ертөнцөд хүмүүс зовлон дунд төрж, сайн үйлсийн тухай өчүүхэн бээр үл мэдэж, гагцхүү нүгэл үйлдэнэ. Тиймээс хорвоогийн жам ёсны дагуу улам их зовлон эдэлнэ. Хүмүүс гагцхүү хувиа хичээж бусдад үл тусална.
Тэд хүслийнхээ хүлээсийг сул задгай тавьж, шунал тачаалын галыг бадрааж, зовж зүдэрч, хариуд нь улам их тарчлан шаналдаг. Цэцэглэж дэгжих нь удаан үл үргэлжилж, нүд ирмэх зуур улиран одно. Энэ ертөнцөд зугаа цэнгэл мөн адил дорхноо арилан өнгөрнө.
Тиймээс хүн хорвоогийн явдлаас салж, эрүүл саруул байгаа дээрээ зөв замд орж, мөнхийн амьдралыг хүсэх хэрэгтэй. Зөв зам мөрөөс өөр илүү аятай, тааламжтай юм буй гэж үү? Гэвч хүмүүсийн сайн үйлийн ачаар буян хураадаг, зөв үйл хэрэг зөв зам мөрд хөтөлж авчирдагт үл итгэнэ.
Тэд, хүн үхсэнийхээ дараа дахин төрөхийг ч үл мэднэ. Бусдад туслах бол жаргал гэдэгт тэд үл итгэнэ. Тэд буян, нүгэлтэй холбоотой юунд ч үл итгэнэ. Хүмүүс алдаж, зөв сургаал, сайн үйл юу болохыг үл мэднэ. Тэдний санаа сэтгэлд харанхуй ноёрхож, үйл хэрэг нь бүтэх, эс бүтэх болон зол жаргал тохиолдох, золгүй явдал учрахын хууль журмыг үл мэднэ.
Тэд гагцхүү уйлж унжиж, энэ амьдралдаа гуньж гутарна Ертөнцөд мөнхийн юм үгүй, бүх юм улиран урсаж, хувиран өөрчлөгдөж байдаг. Үүнээс болж хүмүүс уйтгарлан гуньж, зовж зүдрэхээс өөр юу ч мэдэхгүй. Зөв сургаалыг үл сонсож, гүн гүнзгий бодож бясалгадаггүй.
Тэд амархан олддогоор нь гагцхүү зугаа цэнгэл эргүүлнэ. Тэдний эд баялагтай болох эрмэлзэл, шунал тачаалд нь эцэс төгсгөл, зах хязгаар үгүй. Аль дивангараас эхлэн хүмүүс төөрөгдлийн ертөнцөд амьдарч, мөнхийн түгшүүрт оршиж, хязгааргүй их зүдэрдэг.
Энэ төөрөгдөл эдүгээ үргэлжилсэн хэвээрээ юм. Харин одоо тэд Бурхан багшийн сургаалыг мэдэх, Түүнд итгэх боломжтой болсон нь юутай сайхан бэ. Тэд гүн гүнзгий бодлогоширч, нүглээс холдож, буяныг сонгож, Бурхан багшийн сургаалыг дагах ёстой.
Бусдад уруу татагдаж, хорвоогийн шунал тачаалын эрхэнд орж, нүгэл үйлдэхийг тэвчих хэрэгтэй. Зөвхөн өөртөө авралыг хүсч болохгүй, харин энэ сургаалыг түгээн дэлгэрүүлж, бусад хүмүүст ч авралыг ерөөх хэрэгтэй.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном